



















Эрх мэдэл, төсөвтэй болох Орлогч сайд
2024 оны төсвийн тодотголыг Улсын Их хурал /УИХ/-ын ээлжит бус чуулганаараа хэлэлцэх үед зарим гишүүн Засгийн газрыг “үрэлгэн” гэж тодорхойлж байлаа. Тэгвэл тун удахгүй Засгийн газар “үрэлгэн” гэдгээ дахин нотолж, Засгийн газрын гишүүдийн тоогоо хоёр дахин нэмэх гэж байна. Босго давдаггүй намчид УИХ-ын намрын чуулган нээхийг тэсэн ядан хүлээж сууна. Арга ч үгүй биз. Тэдний төрд орох зам УИХ, Төрийн албаны тухай хуульд засвар оруулж байж гэмээнэ нээгдэнэ. Төсвийн мөнгө уйлдаггүй тул Засгийн газрын тэргүүн амлалтаасаа ухарч, хамтарч буй Ардчилсан нам, ХҮН-ынхандаа албан тушаал гаргаж өгөхөөр тохиролцжээ. Ерөнхий сайдаас гадна УИХ-ын гишүүн болсон 126 хүнд төрийн алба “өртэй” болсон. Үндсэндээ 76 гишүүний хамааралтай “хүмүүс” төрийн өмчит компаниудаас эхлээд томилж болох бүх газарт очдог бол энэ тоо бараг хоёр дахин нэмэгдсэн тул Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр гаргалгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үлдсэнгүй.
Дэд сайдын албан тушаалыг Орлогч сайд болгон нэршлийг нь өөрчилж, гарын үсэг зурахаас хэтрэхгүй эрх мэдлийг нь нэмэхээр улс төрд суудалтай намууд тохирчээ. Үндсэн сайдаа эзгүйд “орлож” ажиллах Орлогч сайдад шийдвэр гаргах эрх мэдэл, шаардлагатай төсөвтэй нь хамтатган гаргаж өгөхөөр төлөвлөжээ. Ардчилсан намынхан хүртэл одоогийн Засгийн газрын гишүүдийн тоо нь хоёр дахин нэмэгдэх нь гэж “хөл нь хөнгөрцөн” сууна.
Зарим яамд Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг хүлээж тэсэхгүй томилгооны дотоод зохион байгуулалтдаа оржээ. Ингэхдээ эхлээд харьяа агентлагийнхаа газрын даргын албан тушаалд “шинэ хүнээ” томилж, нэг сарын дараагаас яамны газрын даргын албан тушаалруугаа татах хувилбарыг боловсруулжээ. Энэ гаргалгаагаас нь харвал “төрийн алба” хэмээх том нууранд Засгийн газарт суудалтай гурван нам “төрөл” бүхнээ, нууранд хүрэх салаа гол, горхи бүрийг ашиглаж зутгах нь ээ.
Албан тушаалын “бялуу” хуваалт гацсан шалтгаан
Төрийн албаны тухай хуулийг шинэчлээд нэгхэн жил, бүр төрийн мэдээллийн сэтгүүлд нийтлэгдэж амжаагүй байхад ч хуулийг өөрчилдөг “бичигдээгүй” тогтолцоотой болсныг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан /2024.09.06/ тодотгов. Мөн Засгийн газрын хууль бус томилгоо дийлддэггүй, улс төрчдөөс болж төрийн албаны шинэчлэл хийгддэггүй гэжээ.
Жил ирэх тусам төрийн босгыг давж чадах төрийн захиргааны албан тушаалтан ховордсон гэх. Тиймдээ ч, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ болоод түүнтэй хамтарсан Засгийн газарт суудалтай намуудын дарга нарын ээлжит тохироо нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болж таарлаа. Тэд хамтарч, хугацаа алдахгүй төрийн босгыг намсгахгүй бол Засгийн газрын томилгоо гацаж, намууд доторх албан тушаалын шагналын наймаа нь удааширчээ.
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Төрийн нарийн бичгийн дарга нь тэргүүн түшмэлийн ангилалд хамаардаг. Харин яамдын газар, хэлтсийн дарга нар тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь эрхэлсэн түшмэлд тооцогддог. УИХ-аас тухайн хуульд 2022 оны долдугаар сард өөрчлөлт оруулж, тэргүүн түшмэлд тавигдах шаардлагыг зөөллөсөн. Ингэхдээ Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тавигддаг төрийн албанд 16 жилээс доошгүй ажилласан байх шаардлагыг дөрвөн жилээр бууруулж, 12 жил болгон өөрчилсөн юм. Гэхдээ энэ 12 жилийнхээ зургаагаас доошгүй жилд нь эрхэлсэн түшмэл буюу яамдын газар, хэлтсийн дарга тэдгээртэй адилтгах албан тушаалыг эрхэлсэн байх шаардлагатай гэж Төрийн албаны тухай хуульд тусгасан. Харин эрхэлсэн түшмэл буюу яамдын газар, хэлтсийн даргын албан тушаал горилогчид төрийн албанд наймаас доошгүй ажилласан, энэ хугацаандаа тасгийн дарга, ахлах шинжээчээр дөрвөн жил ажилласан байх шалгууртай.
Өмнөх парламент яг энэ шалгуурыг багасгахын тулд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэсэн ч, төрийн албаны уг шалгуурыг намаасаа шагнал авсан улс төрчид давж чадахгүй сандралдаж байна.
Аргаа барсан улс төрийн намын удирдлагууд тэр дундаа Засгийн газарт 60 хувийн суудалтай Монгол Ардын нам бусад намынхандаа тал засаж, Төрийн албаны тухай хуулийг дахин засварлаж, өөрчлөхөөр төлөвлөсөн. Тэд мөн Улсын Их хурлын намрын чуулган эхлэхийг хүлээгээд төрийн албаны томилгоогоо хийж чадахгүй, хугацаа алдаж сууна. Учир нь энэ удаагийн хамтарсан Засгийн газар намын удирдлагууд тохироогоор хоёр жилийн “амьтай”. Албан тушаалын “бялуу” хуваалт бол энэ тохирооны цөм хэсэг. Хугацаа алдвал намаа дэмждэг, санхүүжүүлдэг гишүүдэд нь алдагдалтай, намуудын дарга нарт ч хохирол ихтэй. Гэвч нөгөө талд Засгийн газар 1-2 хон жил “амьтай” байвал төрийн албаны шинэчлэл гацаж, дахин эхлэхээс өөр сонголтгүй болдог байна.
Хэрэв Засгийн газар Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй “намчдаа” төрийн албан тушаалд томилвол төр өөрөө хуулиа зөрчиж, зарчимгүй ханддагаа батлах тул Засгийн газар хуулийг засварлахаар яарлаа. Гэхдээ тэд төрийн алба үнэгүйдэх, төрийн албын чансаа буурах цаашлаад Монгол Улсын төрийн алба “төрлийн” алба болж, чадваргүй төртэй болох эрсдлийг тоохгүй нь.
Өөр нэг логикгүй шийдлийг нь харахад, нэгэнтээ Засгийн газартаа хамтарч орчихоод, орон нутгийн сонгуульд “амь амиа бодож” хоорондоо өрсөлдөх нь "эвт шаазгай бугаа бариагүй" бололтой.
Үргэлжлэл бий...










