



















УИХ-ын шандасыг шалгах дараагийн шалгалт бол “улс төрийн оройн зоогт хэн, хэн орох вэ гэх томилгоо”. УИХ-ын 126 гишүүн дарга, хэлтсийн дарга нарыг томилохгүй ч, Засгийн газрын хүссэнээр холбогдох хуульд нь өөрчлөлт оруулж, батлах эсэх нь "улс төрийн оройн зоогийг өөрсдийн гараар бэлдэж өгдөг үү, үгүй юу" гэдгийг бэлхэн харуулна.
Батлагдаад ердөө гуравхан хонож буй 2025 оны төсвийг оноос өмнө тодотгоно. Үүнээс өмнө Төрийн албаны тухай хууль болон Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хуулийг өөрчилж, батлуулах нь хамтарсан Засгийн газрын нэн яаралтай шийдэх асуудал. Яамдаа хуваасан сайд нар “өөрийн” хүмүүсээ төрийн албаны даргын албан тушаалд томилох гэтэл Төрийн албаны тухай хуулийн шалгуур “тушаа” болоод буй.
Үрэлгэн зардлаа хэмнэх гээд Дэд сайд нарын орон тоогоо “үгүй” хийсэн ч, намынхан нь “ажилгүйдэл”-тэй нүүр тулгарсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг кабинетад хамтарсан АН, ХҮН намын гишүүдээрээ Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хуулийн төслийг боловсруулж, өнөө маргаашгүй УИХ-д өргөн барихаар зэхэж байна.
Албан тушаалын захиалга “ачаалалтай” байна
Зарим яамд Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг хүлээж тэсэхгүй томилгооны дотоод зохион байгуулалтдаа хэдийнээ орсон. Тухайлбал, эхлээд харьяа агентлагийнхаа газрын даргын албан тушаалд “шинэ хүнээ” томилж, нэг сарын дараагаас яамны газрын даргын албан тушаалруугаа татах хувилбараар төрийн албаны тогтвортой дэвшин ажиллах зарчмыг “нулимаж” байна. Энэ гаргалгаагаас нь харвал “төрийн алба” хэмээх том айлд Засгийн газарт суудалтай гурван нам, намын үнэмлэхээс өөр юмгүй гишүүдээ оруулахаар зэхэж сууна. Төрийн албаны тухай хуулийг шинэчилж чадахгүй бол яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар жинхлэгдэж чадахгүй “гацсан” байдалтай хоног тоолон хүлээнэ. Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, намчид төрийн албанд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга гэх мэтээр томилогдож чадахгүй гацсан буруу нь Төрийн албаны тухай хууль болжээ.
Өөр нэг баримт дурдвал, Эдийн засгийн хөгжлийн яаманд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал байхгүй. Гэтэл төрийн албанд ажилласан ямарч туршлага байхгүй нэгнийг Төрийн үйлчилгээгээр авчирчихаад, Төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгдээд, гадаад томилолт, УИХ, Засгийн газрын хурал сургалтад яамыг төлөөлөөд явдаг тохиолдол байв. Тухайн албан тушаалтан нь мөн, яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаа хүчгүйдүүлж, ажлаа тайлагнадагүй, хянуулдаггүй “даам” гардаг гэж эх сурвалж мэдээллээ. Энэ мэт Төрийн албаны тухай хуулийн босгыг давж чаддаггүй цүнх баригчдад зориулсан албан тушаалын тохироо, наймаа нь даргын, найзын хүсэлт захиалгаар үргэлжилж байна гэхэд хилсдэхгүй.
“Орлогч сайдын албан тушаалд 30 хүн томилно”
1.9 их наяд төгрөгийн алдагдалтай дээрээс нь хоёр сарын настай төсөв мартагдаж, улс төрийн дараагийн шуугиан удахгүй эхэлнэ. Шуугианы гол дүр мөн л Засгийн газар. Тэд дөрөв хүрэхгүй сарын өмнө тодорхой чиг үүрэг, эрх мэдэлгүй гэх шалтгаанаар Дэд сайд нараа цомхтгосон. Удахгүй эгүүлэн томилох бүр нэг сайдыг хоёр дэд сайдтай байлгах зохицуулалттай, хуулийн төсөл бичиж байна.
Монголын төрийн түүхэнд 2000-2004 оны Н.Энхбаярын Засгийн газраас хойш төрд бат бөх байр сууриа олоод байсан дэд сайдын суудал хоёр дахь удаагаа эзгүйрсэн нь энэ. Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны эхнээс сонгууль хүртэл зургаан сарын хугацаанд дэд сайдгүй ажиллаж байлаа. Тухайн үедээ төсөв хэмнэх зорилгоор дэд сайд нарыг цомхотгож байв.
Өмнөх хамтарсан Засгийн газрын үед цомхотгох байтугай зарим яамдад хоёр дэд сайд томилдог байлаа. Энэ жишгийг Л.Оюун-Эрдэнийг тэргүүлдэг кабинет ч дагах нь.
Ингэхдээ эрх баригч МАН нь хамтрагч хоёр намдаа санал болгож, Ардчилсан нам нь Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хуулийн төслийг гардан бичиж, УИХ-д өргөн барихаар тохиролцжээ. Үндсэндээ МАН-ынхан галыг өөрсдөөсөө түлхэж, хамтрагч хоёр улс төрийн намруугаа “шахсан” гэж харагдахаар байна.
Давхар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгуулах санал Засгийн газраас гарчээ. Тэгж байж, Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтыг хуулийн төсөл “цааш” явах боломжтой гэж тооцоолсон гэх.
Нэг жилийн өмнөхөөс 5 их наяд төгрөгөөр тэлсэн, 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай нэмээд хоёрхон сарын настай 2025 оны төсвийг баталсан, батлуулсан Засгийн газар, УИХ нийгэм шүүмжлээд, ширүүн байна. Ийм үед албан тушаалын томилгоо ярьвал “төрд, намд” хортой. Гэтэл Ардчилсан нам нийгмээс ирэх шүүмжлэлийг үл тоож, дэд сайд буюу нэршил нь орлогч сайд гэж солигдох улс төрийн албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэж байна. Аргай ч үгүй биз дээ. Тэд гудамжинд найман жилийн турш “лааз өшиглөсөн, өлсгөлөн” байсан даа... Эх сурвалжийн хэлснээр, орлогч сайд гэгдэх албан тушаалд 30 орон тоо гарна. Одоогоор энд өрсөлдөх Ардчилсан намаас 300 орчим, МАН-аас 100 гаруй сонгуульд өрсөлдөж чадаагүй, арын албыг нь дааж хариуцсан улс төрчид бий гэгдэх.
Мөн Орлогч сайдад тусгай эрх мэдэл, төсөв хуваарилж өгнө гэжээ. Одоогийн тооцоолол нь Засгийн газрын 16 яам 30 орчим орлогч сайдтай байх бөгөөд тус албан тушаалтнуудын 50 хувийг УИХ-ын гишүүдээс 50 хувийг гаднаас томилохоор яригджээ.
Өмнө нь дэд сайд нар Засгийн газрын тухай хуульд зааснаар дараах үүрэгтэй байв.
Засгийн газрын тухай хуулийн 18 дүгээр зүйл:
1. Сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2. Хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
3. Сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
4. УИХ, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
5. Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.










