



















“Чайна Энержи”-тэй нүүрс худалдах, төмөр зам холбох төслийн ажлын явц тодорхой түвшинд хэлэлцээний шатанд явж байна. Энэхүү төсөл нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулах, Тавантолгойн бүлэг орд газрууд дээр хамтран ажиллах боломжийг багтааж буйгаараа онцлогтой.
Гэрээ байгуулах хэлэлцээний явцад Хятадын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн царигийн төмөр замыг Монголын өргөн царигтай замтай холбож, хил дамнасан тээврийг хялбаршуулах саналыг дэвшүүлсэн. Мөн нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах санал хүргүүлж, жилд 20 сая тонн коксжих нүүрс худалдан авах хүсэлт тавьсан байна.
Хоёр тал тохиролцож чадвал, тухайн гэрээ нь уурхайн олборлолт, худалдаа, төмөр замын асуудлуудыг цогцоор шийдвэрлэх зорилготой. Ингэснээр, Монголын нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх боломжтой. Төмөр замын бүтээн байгуулалт нь экспортын хүчин чадлыг ихэсгэхээс гадна нүүрсний ложистикийн зардлыг бууруулж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн энэ нь 2025 он гэхэд 83 сая тонн нүүрс экспортлох зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэсэн эерэг хүлээлттэй байна.
Аливаа юм хоёр талтай гэдгийн адилаар гэрээ байгуулснаар үүсэх эрсдэл ч бас бий. Одоогийн байдлаар гэрээний нөхцөлд Хятадын талын илүү давамгай эрх ашиг тусгагдах магадлалтай. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортлох нүүрсийг сонгож, зарим жижиг ордуудын экспорт хязгаарлагдаж болзошгүй.
Түүнээс гадна “Энержи Ресурс” буюу өрсөлдөгчгүй “МСS”-д өрсөлдөгч гарч ирнэ. Ингэснээр тэд энэ гэрээний хамгийн том хохирогч болох тул “сандралдаж” дэд ерөнхийлөгч асан нь төсөв батлагдах үеэр Төрийн ордонд хэрэндээ улс төр хийх гэж хичээв. “Хоригтой” төсвийн ард өрнөсөн улс төр үүгээр зогсохгүй. УИХ-ын хаврын чуулганаар эрх мэдлээ ашиглаж, өөрт ашигтай байдлаар асуудлаа шийдүүлэхээр “босох” улс төр ид өрнөх “зураглалтай” байна.
Стратегийн чухал ач холбогдолтой “Чайна Энержи”-ийн гэрээнд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч гээд аль аль нь “нүд соргог” суугаа.
Хэдийгээр хоёр тал хил холболтын төмөр зам дээрээ харилцан тохиролцсон ч нүүрс худалдах, худалдан авах гэрээн дээрээ эцэслэн тохироогүй байна гэх мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдээд буй. Учир нь тус компанийн зүгээс 16 жилийн турш нүүрс худалдан авах саналыг тавиад буй. Гэхдээ нүүрс худалдан авах хүрээнд “Чайна энержи” компанийн хувьд биржийн үнийг барихгүй, тусдаа аргачлал гаргаж тооцох санал тавьсан нь анхаарлын төвд байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Чалько компанитай байгуулсан оффтейк гэрээгээр тус компаниас авсан зээлд нүүрс нийлүүлж, өрөө дардаг. Энэхүү нүүрсний өрийг барагдуулах хугацаа 2027 оноор дуусгавар болно. Нүүрсийг хэдэн ам.доллараар зардаг вэ гэх мэдээлэл нууцын зэрэглэлд явж ирсэн. Шалтгаан нь оффтейк гэрээ байгуулсантай холбоотой. Гэхдээ зарим нэг мэдээлэл ил болсон нь “Чалько”-д нийлүүлж буй нүүрсний үнэ нь Хятадын таван боомтоор зарагдаж буй нүүрсний үнийн дунджаар тогтдог. Тэр жишиг дагуу “Чайна энержи” нүүрс худалдан авах санал тавьсан байж магадгүй байна.
Энэ тохиолдолд Засгийн газрын хувьд дээрх хувилбараар саналыг хүлээн авсан нөхцөлд УИХ-аас баталсан Биржийн тухай хуулийг зөрчих болно. Иймээс энэ асуудал дээр Засгийн газар нухацтай ярилцах, нөгөө талдаа УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр “толгой” мэдэн шийдвэр гаргах боломжгүй юм.
Стратегийн чухал ач холбогдолтой гэгдэх "Чайна энержи" гэрээ бол Хятадын зах зээлд ойртох том боломж. Гэрээ зурагдвал, "БНХАУ дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч орны хувьд Монголын нүүрсний тогтмол худалдан авагч байж, зах зээлийн тогтвортой байдал хангагдана. Мөн төмөр зам барих болон дагалдах дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах боломжтой.
Геополитикийн ач холбогдол нь ч их. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, стратегийн түншлэлийг өргөжүүлэх нөхцөл бүрдэнэ.










