



















Түгжрэлийн шалтгаан...
14 хоногийн турш нүдүүлсэн сонгуулийн солиорол дууслаа. Харин нийслэлчүүдийн утаандаа угаартаж, түгжрэлдээ цөхөрдөг амьдрал үргэлжилж байна. 1.6 сая хүн амтай УБ хот Монгол улсын нийт газар нутгийн ердөө 0.3 хувийг эзэлдэг. Гэтэл энд их дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 75.6, ААН-ийн 70.4 хувь нь төвлөрдөг. Энэ бол авто замын түгжрэлийн хамгийн том шалтгаан.
Өвөл түгжрэх шалтгаан...
УБ хотын нэг иргэн жилд 30 хоног буюу 720 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ нь та 30 хоногийн турш тасралтгүй 24 цаг ажиллаад авах цалингаа зам дээр хаячихаж байна гэсэн үг. 720 цаг гэдэг бол ажлын тав хоногтой, өдрийн 8 цагаар ажилладаг хүний дөрвөн сар ажиллах хугацаа. Шуудхан хэлэхэд дөрвөн сарын цалинтай тэнцэх хэмжээний боломжоо жил бүр авто зам дээр алддаг байх нь. Одоо оргил ачааллын үед автомашины дундаж хурд 8-10 км/цаг. Нөхцөл байдал энэ хэвээрээ байвал 2030 онд 5 км/цаг, 2040 онд бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ. Нүхэн гарц барьж, ганц нэг замын трасс нэмсэн төдий нь УБ хотын түгжрэлийг багахан болов ч бууруулж чадсангүй. Яагаад энэ өвөл илүү түгжирнэ гэсний учир нь одоо явган эсвэл автобусаар явж байгаа зарим иргэд хүйтэрч, цас ормогц машинаа гаргаж унана. Дээрээс нь ганцхан жилийн дотор суудлын автомашины импорт 74.7 хувиар нэмэгдэж, оны эхний есөн сарын байдлаар 93 мянга гаруй автомашин импортолжээ. Үүний талаас илүү хувь нь нийслэлд үлдэж буй. УБ хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс өдөрт дунджаар 600 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог. Энэ бол өнгөрсөн өвлөөс их цаг хугацааг зам дээр өнгөрүүлэхийг хэлж байгаа бодит тоо. Оргил ачааллын цагаар буюу ялангуяа орой хичээл, сургууль, ажил тарах цагаар 30, 40 минут бүр нэг цаг, хоёр цаг хүлээгээд ирдэггүй нийтийн тээврийн автобуснуудыг хүлээх шаардлагагүй дүн өвлөөр ‘’нарны галтайд, цагийн эртэд’’ алхаж байсан нь онож магадгүй цаг үе хаяанд ирж байна.
Түгжрэлд үрэгдэх эрүүл мэнд...
Нийслэлийн ихэнх иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг харвал, орой 18 цагийн үед ажлаасаа тарж, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авч түгжрэлд орж гэртээ харих гэсээр ойролцоогоор хоёроос гурван цагийг зарцуулдаг байна. Хамгийн эртдээ 20 цагтаа уралдаж харьсан хүмүүс 21 цагт хоолоо идээд 22 цагаас 23 цагийн хооронд амраад, өглөө зургаан цагаас долоон цагийн үед сэрж байна. Энэ хэмнэлээр ажлын таван өдөр дийлэнх нийслэлчүүд амьдардаг гэвэл үүний цаана ямар боломж алдагддаг байж болох вэ? Түгжрэлд шатахуун хий үрэгдээд байнаа гэдгээс биш эрүүл мэнд тань яаж хохирдог тухай хэн ч ярьдаггүй. Тэгвэл нобелийн шагналтнуудын баталсан биологийн цагийн хэмнэл хүний эд, эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг харвал, өвлийн улиралд зам дээрээ илүү олон цагаар түгжирдэг нийслэлчүүд эрүүл мэндээрээ маш том золиос төлж байна. Үнэндээ гэртээ хариад амрах цаг хугацаагаа зам дээр түгжирч өнгөрүүлдэг, унтах цагтаа хоолоо иддэг Монголчуудын хувьд хорт хавдраар өвчилж байгаа шалтгаануудын нэг нь түгжрэл байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь хүний биологийн цаг гэдэг бол организм дахь бүх зүйлийн цаг хугацааны тохируулга гэдгийг нобелийн шагналтнууд баталжээ. Ганцхан жишээ. Өвлийн улиралд гадаа эрт харанхуй болмогц хүний бие цаанаасаа ядарч унтах гээд байдаг шалтгаан нь харанхуй орчинд ялгардаг мелатонин даавартай холбоотой. Энэ даавар нь тархинд амрах цаг болсон гэдэг дохио дамжуулагч гэсэн үг юм. Гэтэл нар хэдийнэ шингэж гадаа харанхуй болсон хойно зам дээрээ түгжрээд автомашины улаан гэрэл нүдэн дээр тусахад энэ дааврыг шууд дарангуйлж улмаар хүний биологийн цагийн хэмнэл алдагдах, унтах-сэрэх цикл өөрчлөгдөх, дааврын ялгарал, идэх дуршил, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, биеийн хэм зэрэгт сөрөг нөлөө үзүүлдгийг эрдэмтэд баталжээ. Тиймдээ ч Данийн эрүүл мэндийн судлаачид шөнийн цагаар ээлжийн ажил хийх нь зохиомол гэрэлд өртүүлж, улмаар мелатонин дааврыг дарангуйлж эсийн гэмтэлд хүргэснээр хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 40 хувиар нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Тиймээс шөнийн цагаар ээлжийн ажил хийдэг хүмүүст нөхөн олговор олгохыг шаардаж байсан ч удаатай. Харин манайд орой үдшийн цагаар зам дээрээ түгжирч буй иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах нь бүү хэл ядаж л түгжрэл иргэдийнх нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаад анхаарал хандуулах сегмент алга. Сануулахад гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй иргэдийнх нь сэтгэцийн эрүүл мэнд муудаж, сэтгэл түгших, айдаст автамтгай байгааг сэтгэл зүйчид хэлсээр буй. Эцэстээ энэ бүхний суурь шалтгаан нь түгжрэл ч байж мэдэх юм.










