



















Ёстой л өгөх нь гэдийж, авах нь бөхийнө гэгчийн гутамшгийг өнгөрсөн өвөл ОХУ-ын Засгийн газраас гаргасан ‘’сүрдүүлэг’’ мэдрүүлсэн. Мартаагүй бол нийслэлчүүд өдөр бүр хамгийн багадаа нэг цагаар цахилгаанаа хязгаарлуулж, лаагаа барихын наагуур хөлдчихгүйхэн шиг өнгөрсөн өвлийг давсан. Харин энэ өвөл яах бол?...
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, ОХУ-аас оргил цагаар авдаг 310 МВТ-ын цахилгаан нь хүрэхээ байж, Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний хязгаарлалт хийхтэй нь зэрэгцээд ОХУ-ын Засгийн газар оргил цагаар нийлүүлдэг эрчим хүчээ 150 МВТ-аар бууруулна гэж ‘’донсолгож’’ биднийг бужигнуулаад амжсан. Аз болоход удаачгүй эрчим хүчний импортоо бууруулахгүй гэснээр бид амьсгаа авсан. Гэхдээ хэдий болтол айлаас галаа гуйх вэ?
Жил ирэх бүр өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хэмжээтэй авдаг эрчим хүчний импортоор ч хангаж дийлэхгүйд хүрч байна. Энэ байдал гэнэтхэн үүсчихсэн эсвэл гадаа хүйтрээд цахилгаан илүү хэрэглэсэн зүйл огт биш. Хүн амынх нь тоо жил ирэх бүр өсөж, орон сууц, барилга байгууламж нэмэгдэх хэрээр эрчим хүчний хэрэглээ дагаад өсөж байна. Эрчим хүч импортолдог биш экспортолдог орон болох маань ч яамай. Ядаж айлаас гуйдаггүй болчихвол болох нь тэр. Өнөөдөр эрчим хүчний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, 14 хувийг БНХАУ-аас, 5 хувийг ОХУ-аас импортолж байна. Эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг энэ мэтээр импортолно гэдэг бид гадны улс орнуудаас хамааралтайг л илтгэж буй. Стратегийн томоохон салбар нь ийм доголдолтой, хоёр хөршөөсөө хамааралтай цагт үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлнө. Ямартаа ч “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын эхний хэсгийг ашиглалтад оруулж эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болсон нь бахдал. 600 мвт-ын хүчин чадал бүхий нүүрсэн тэжээлт цахилгаан станцын эхний үе дууссанаар 150 мвт-ын эрчим хүч нийлүүлж эхэлнэ гэж албаныхан мэдээллээд буй. 2025 онд дараагийн 150 мвт-ыг нийлүүлсэнээр “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” үе шаттай хэрэгжих төсөөлөлтэй.
САЛБАР ДАХЬ МӨНХИЙН АШИГ СОНИРХОЛ...
Эрчим хүчний тухай хуулиар Эрчим хүчний зохицуулах хороо нь УИХ, Засгийн газар, Эрчим хүчний яамны оролцоогүйгээр, хараат бусаар үнэ тарифаа тогтооно гэсэн заалттай. Гэхдээ энэ нь зүгээр л тунхаг. Иргэдэд таалагдах гэж эрчим хүчний үнийг хүчээр барьж ирснээс болж энэ салбар өнөөдөр амь тасрахын наагуур байна. Өнөө ч гэсэн 2025 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үеэр Улсын Их хурлын зарим гишүүн амандаа орсоноо “бурсаар” байна. Тэд иргэддээ хайртайдаа биш салбар дахь мөнхийн ашиг сонирхол нь хөндөгдөх тул инфляц хөөрөгдөж, иргэдийн нуруун дээрх дарамт гэж уянгалж буй хэрэг. Нэг квт эрчим хүчээ 280 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 төгрөгөөр борлуулдаг энэ салбар одоо 1.8 их наяд төгрөгийн урт хугацааны, 540 тэрбум төгрөгийн богино хугацааны өр төлбөртэй. Энэ нөхцөл байдлаас бултах аргагүй мухардсан. Одоо үнэнтэй нүүр тулж, цахилгааны төлбөрийг 67 хувиар, дулааны төлбөрийг 28 хувиар нэмэгдүүлэх хувилбарыг Эрчим хүчний зохицуулах хорооноос оруулж иржээ. Үнийг ингэж нэмэгдүүлсэн ч алдагдлаа нөхөхгүй. Ядаж цаашдаа алдагдалгүй ажиллах юм.
Эрчим хүчний тухай хуулиараа бол Эрчим хүчний зохицуулах хороо нь УИХ, ЗГ-т үнэ тарифын нэмэгдлээ тайлагнаж, тэдний санаа бодлыг сонсох шаардлагагүй. Гэхдээ тэдэнд танилцуулж, үг сонсож байна гэдэг эрчим хүчний салбарт улс төрийн оролцоо, тэдгээрийн ар дахь хань хамаарлын ашиг сонирхол хөндөгддөг учир нэмэх үү? яах уу гэдгээ тэдэнд танилцуулж яваа нь энэ. Тиймдээ ч үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгож чадахгүй явсаар эрчим хүчний салбарт улаан гэрэл ассан. Энэ бол бидэнд эрчим хүчний эх үүсвэр нэн шаардлагатай гэсэн анхааруулга.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ...
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад, Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа ТЭГ хувьд хүргэнэ гэж зарласан. Гэтэл манай улсын хүлэмжийн хийн ялгарлын дийлэнх нь эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт оногддог. Энэ нь эрчим хүчний салбар нь нийт ялгарч буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг үүсгэдэг. Одоогийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Үүнийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсад зарласан. Амалчихсан тул хэрэгжүүлэхгүй бол дэлхийд шившиг болно биз. Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хангалттай боломжтой гэсэн үг. Тэгээд ч сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс манай улсын онцлогт хамгийн их тохирдог нь усан цахилгаан станц. Дэлхий нийт ч энэ төслийг илүүд үзэж буй. Гэхдээ манайд байгаагаас дунд оврын Тайшир, Дөргөний УЦС-аас бусад нь бага чадлынх. Харин Монгол Улсыг эрчим хүчний хэрэглээний хараат байдлаас гаргах хэд хэдэн мега төслүүдийн нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Монгол орны баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох хэмжээний хүчин чадалтай стратегийн ач холбогдол бүхий төсөл. Уг төслийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлж 2028 онд дуусах төлөвлөгөөтэй. 90 мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 855.9 тэрбум төгрөгийн зээлээр барина. Жилдээ 366 сая тонн квт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийг эрчим хүчээр 100 хувь хангах юм. Одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДАХИН АЛСАРЛАА
Домог болтлоо он удаан жил яригдаж буй мега төслийн нэг нь эгийн голын УЦС. 315 Мвт-ын хүчин чадалтай. Уг төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч ОХУ-ын зүгээс байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гээд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд гомдол мэдүүлснээр төсөл гацсан. Гэтэл төсөл ОХУ-ын Сэлэнгэ, Байгаль нуурын усны нөөц, горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтийг хэд хэдэн удаа гаргасан. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш: Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс НҮБ-ын Дэлхийн өвийн 46-р чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад НҮБ бодлогын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Манай улс олон улсын тендер зарлаж, Францын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэсэн ч ОХУ үүнийг зөвшөөрөөгүй. Манай хоёр улсын дөрвөн яамд дундаа ажлын хэсэг байгуулж, шинжлэх ухаан академийн зургаа, зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллах судалгааны ажлын хэсэг байгуулахыг тулгасан. Ингэхдээ хоёр тал өмнөх судалгааны дүгнэлтээ солилцох бөгөөд 2026 оны төгсгөлд дүгнэлтээ гаргая гэж тохирсон юм. Энэ бол Эгийн голын усан цахилгаан станцын төслийг гацаах Оросын сонирхол дахин үргэлжлэхийг харуулж буй юм. Хэрвээ Эгийн голын УЦС ашиглалтад орвол 606 сая тонн квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортолдог байсныг дотоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн хувьд ч ач холбогдолтолтой төсөл. Гэхдээ манай хойд хөрш биднийг эрчим хүчээрээ хараат байлгах мөнхийн ашиг сонирхолоо дахин гүйцэлдүүллээ. Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС нь эрчим хүчний салбар аврагдах эцсийн найдвар юм.










