



















Энэ долоо хоногийн хамгийн гол халуун сэдэв бол Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хийх алхмаас цааш хөвөрнө.
Түүний улстөрийн дараа дараагийн нүүдэл маш олон хүний хувь заяаг шийдэх болчхоод байгаа. Тухайлбал Лувсаннямын Гантөмөр Ардчилсан намын даргаараа үлдэх эсэх, Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Тогмидын Доржхандын нам дахь байр суурь ганхахгүй бат байх гэх мэт олон зүйл түүний нүүдлээс шалтгаална.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар тэсэж үлдэх эсэхээс хамаарч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зам мөр шийдэгдэх юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс авхуулаад одоогийн Ерөнхийлөгчийг үлдэх замаа хайж байгаа хэмээн хардаад эхэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хугацаагаа сунгах орон зайг АН гэхээсээ МАН-ынхан өгөхгүй. Түүний фракц яг одоогийн хувьд хөгширсөн. Цаашдаа ч явахгүй гэдэг нь харагдаад эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ дарга Д.Амарбаясгалан нарын зүтгүүлсэн залуучуудаар УИХ дахь МАН-ын бүлэг дүүрсэн байгаа. Тэднийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоолойгоо шахаж загнаж, зандчаад ч үгэндээ оруулахаасаа өнгөрсөн биз.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад МАН дангаараа засгийн газраа байгуулаад яв гэсэн тухай хэвлэлүүд шуугиад байгаа. Тэр нь ч магадлалтай байх. МАН-ын бага хурлын гишүүдийн ихэнх нь У.Хүрэлсүхийн үед тавигдсан эсвэл түүний фракцынхан тиймээс л Л.Оюун-Эрдэнийг хамтарсан засгаасаа АН-ыг гаргаад засгийн газраа удирдаад яв гэдэг шийдвэрийг гаргасан нь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шидсэн чулуу байгаа оночхов уу гэлтэй. Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаасаа огцор гээгүй, огцруулах сонирхол ч Ерөнхийлөгчид үгүй биз.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас буулгах шалтаг бол цүнх, бөгжний асуудал эсвэл “Ухаахудаг”-ийн тодорхой хувийг төрд авах гэх мэтээр ярьж бичиж байгаа боловч бодит байдал дээрээ Монгол Ардын Нам дахь фракц хоорондын зөрчилдөөн гүнзгийрсэнтэй холбоотой байх гэж хардах үндэстэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр сэнтийдээ үргэлжлэн сууж хоёр хөршийн удирдагч нар шиг үе улиран байх хүсэлтэй ч түүнд Ардчилсан Монгол Улс ийм боломж өгөхгүй, харин ойр төрлийнх нь хүнд бол ийм боломж бий. Тиймээс л Ерөнхийлөгч Ц.Хүрэлсүх 2027 он бус 2033 оныг төсөөлж буй биз.
Ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэнийг сойх вэ гэдэг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хувьд “Бэрх цагийн амаргүй сонголт” байх болно.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэн нэр дэвшиж болох вэ?
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ням-Осорын Учирал “Төгрөг нуурын орд”-ыг зарсантай холбоотойгоор Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хоолойг хөнгөн уяагаар оосорлосон. Тэр оосор хэр чангарч тасрахыг Х.Баттулгын хийх алхмаас бүрэн хамаарна. Ахин Ерөнхийлөгчөөр сонгогдох хүслээ барьж дийлбэл уяа суларна, дийлэхгүй бол уяа чангарч түүнийг хаашаа ч чирч магадгүй.
Халтмаагийн Баттулга “Авлигатай Тэмцэх Газар” очиж мэдүүлэг өгөн жижгэрч байгаагаас харахад уяаны үзүүрийн чангаралтын өгөх мэдрэмжийг тэрээр ихээхэн ойлгосон бололтой. АН-ын гишүүн Х.Тэмүүжингийн өгч буй мэдээлэл, түүний фракцын хүн гэгддэг УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарын “Би Ерөнхийлөгчид 20 жил бэлтгэгдсэн” гэх зоригтой мэдэгдлүүд нь Х.Баттулга ямар хүнд уяанд хоолойгоо боолгуулсан, түүнээс гарах гэж тийчилж байгааг бидэнд эрхгүй батлаад өгөхөөр байна. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч болох хүслээ тун удахгүй таягдан хаясан гэдгээ зарлана. Хэрвээ таягдан хаяхгүй бол түүний хоолойн дахь уяа “хар гэр рүү” чирэх нигууртай.
Ингээд 2027 оны зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас Х.Баттулгын нэр хасагдах нь дамжиггүй.
Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга биш бол АН-д МАН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөх хэмжээний нэр хүндтэй хүн бараг л байхгүй. Харин аядуу тайван байдал, өнгөрсөн сонгуулиас хойш хамтарсан Засгийн газарт Ардчилсан намыг оруулж өөрөө Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засгийн, хөгжлийн сайд хийсэн Лувсаннямын Гантөмөрт бол боломж бий. Тэрээр нам дотроо маш хүчтэй дэмжлэгтэй болсон. Мөн тэрээр сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан тавин нас хүрсэн гэдэгт батаараа багтаж байгаа. Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар огцорвол би хариуцлагаа хүлээгээд Ардчилсан Намын даргаасаа огцорно хэмээн зарлачихсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохгүй, хамтарсан засагт УИХ итгэл үзүүлээд явбал түүний хувьд АН-ын даргаас огцрох шаардлага байхгүй. 2027 онд Ерөнхийлөгчид өрсөлдөх орон зайгаа улам өргөсгөнө. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар огцрох эс бөгөөс хамтарсан засгаас АН-ыг хөөвөл Лу.Гантөмөрт бас л ашигтай. Тэрээр зарчмаа дагадаг, жинхэнэ удирдагч гэсэн цол зүүгээд даргын суудлаа өгнө. АН-ын даргаар ямар ч хүн сонгогдсон Лу.Гантөмөрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх өртэй үлдэнэ.
Жижиг намуудын хувьд боломжгүй
УИХ суудалтай ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намд Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх боломж бий ч бухал дотроос зүү хайхтай адил, Монголын ард түмэн дунд ихээхэн нэр хүндтэй, дээр нь эдгээр намуудаас нэр дэвших хүн олдохгүй. Сонгууль гэдэг өөрөө ихээхэн хэмжээний зардал гардаг учир жижиг нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд АН эсвэл МАН-ын нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн гэрээтэйгээр эсвэл хүн нэр дэвшүүлэхгүй гэсэн ам тангарагтай Засгийн Газарт хамтрах боломжийг л сонгоно.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар биш бол өөр хэн гэж. . .
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн жилээс 6 жилийн хугацаагаа ахиж уртасгах боломжийг хайж байсан ч адын хүслээ орхих нь тодорхой. Ямартаа ч Үндсэн Хуульд бол тийм боломж байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “ҮГҮЙ” болгосон Гучиннэгдүгээр зүйлийн 7 дахь заалтыг сэргээхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс эхлүүлээд яриад эхэлсэн 2027 он ойртох тусам энэ яриа газар авна. Тиймээс одоогийн Ерөнхийлөгчид 2027 онд Ерөнхийлөгчөөр үлдэнэ гэсэн хязгааргүй хүсэл нь бараг боломжгүй тэгэхээр дараагийн гаргалгаа өөрийнхөө талын хүнийг тавьж 2033 онтой золгуулах, хэрвээ ингэж золгуулж чадвал үндсэн хууль дахь 8 жил хөдөлгөхгүй гэсэн заалт дуусаж өөрийгөө эс бөгөөс дүүгээ 2033 оны сонгуульд өрсөлдүүлэх гарц нээгдэнэ. Энэ л Ухнаагийн Хүрэлсүхийн “Бэрх цагийн амаргүй сонголт” юм.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2027 онд Ерөнхийлөгч болж 2033 онд хариу барих хүн бол нэгдүгээрт нас нь явсан байх ёстой, хоёрдугаарт өөрийнх нь фракцын тэр дундаа олон жил өөрийнх нь нөмөр нөөлгийг хүртсэн нэгэн байх ёстой. Гуравдугаарт фракц энэ тэр байгуулаад 2033 онд хэлсэн ярьснаасаа буцахгүй ам чангатай хүн байх ёстой гээд амаргүй асуудал зөндөө. Үнэхээр амаргүй бодлого. Уг нь бодлогын хариу их аятайхан олдоод одоо өөрийнх нь гал тогоог барьж байгаа Гомбожавын Занданшатар нэр дэвших боломж байсан боловч нөгөө л эрт дээр үеэс улстөрч, баатар хоёрын нэр хүндийг сэвтүүлдэг хүүхний дуулиан УИХ-ын дарга асныг дайрч, залуухан амрагийнх нь талаар ил болж хэвлэлээр шуугиад эхэллээ.
Уг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өөрийн хүн болох Янгугийн Содбаатарыг тавиад, МАН-ын бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг засгаа дангаараа эмхлэхийг шаардуулж дөнгөсөн гээд төлөвлөгөө сайхан хэрэгжиж байхад л хэний ч санаанд оромгүй “нууц амраг”-ийн дуулиан газар авбал 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ нэр дэвшигч хайхаас өөр замгүй. Дээр нь УИХ дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдтай нэг гарман дээр байгаа буухгүй гэдгээ зарласан үед үе нь өнгөрсөн 60-аад оны төлөөлөлтэй хамтраад ч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн боломж хаагдсаар л байна.
Тиймээс л Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрыг хэвээр үлдээж өөрийн фракцын хүмүүсээ сайд нарын эгнээнд багтаахын тулд Ерөнхий сайдыг МАН дангаараа засгаа байгуул хэмээн шахсаныг ойлгож болох юм. Дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байгаа Л.Оюун-Эрдэнэ үгэнд орохгүй бол огцруулах санал гаргах эрх нь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд “Үндсэн хууль”-аар олгогдсон байгааг мартаж болохгүй.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хувьд сэнтийгээсээ буухаасаа өмнө хэнд ч танигдаагүй нэг найдвартай хүнээ олонд таниулж, үндэсний хэмжээний улстөрч болгох том ажил үлдээд байгаа. Тэр танигдаагүй нөхөр бол УИХ-ын 6 дугаар тойрогт нэр дэвшиж гишүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр юм. Дүүгийнхээ амьжиргааг залгуулах гэхдээ л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүгээ УИХ гишүүн болгоогүй нь лавтай
Тэгэхээр илүү холын мөрөөдлөөр дүүгээ УИХ-ын гишүүн болгосон нь тодорхой. Өөрөө хүчтэй байгаа дээрээ зүүн бүсийн 3 аймгаасаа наашаа танигдаагүй дүүгээ түмэнд таниулах нэг боломж нь Ерөнхий сайдын багт оруулж Засгийн Газрын аль нэг танигддаг сайд болгох ойрын бодол төлөвлөгөө байж болно. Үүний тулд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаасаа огцор гээгүй биз. Үүний л учир АН-ыг Засгаас зайлуулж дүүдээ сайд болох орон зай гаргаж буй биз.
Ирэх хоёр жилийн дотор дүүгээ нам дотор газар авхуулж чадахгүй бол 2028 онд өөрөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга шиг УИХ-д сонгогдож ирээд ч таниулна гэхэд хэцүү. Харин 2028 он гэхэд УИХ гишүүн Ухнаагийн Отгонбаяр ард түмэнд танигдсан улстөрч болж чадвал 2033 онд ах дүү хоёр хавсайдаж байгаад Ухнаа гуайн удмаас ахин нэг Ерөнхийлөгчийг гаргах гэж үзэх нь лавтай.
Ерөнхийлөгч Ухаанаагийн Хүрэлсүх ах шигээ амбицтай улстөрч байж Ерөнхийлөгч ахынхаа заасан замаар явж чадах чадвар бий эсэх нь Ухнаагийн Отгонбаярын хувьд харин эргэлзээтэй. Ахынхаа заасан замаар УИХ гишүүн болж чадсан ч гэсэн, цаашаа улстөрийн бодлоготон байж, ухаанаа уралдуулах хэмжээний улстөрч байж чадах юм уу даа? гэсэн асуултад хариу өгөх хугацаа бол У.Отгонбаярт байхын хувьд байгаа.
Энэ л Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хувьд “Бэрх цагийн амаргүй сонголт” юм.










