



















Өнгөрсөн баасан гарагт буюу ажлын сүүлийн өдрийн өглөө эртлэн Дарханы зүг жолоо залж, салхи татуулан хурдлах нь ойрд хот суурингаас гараагүй надад нэн таатай. Дөрвөн ханан дунд хашигдсан сэтгэл алсад тэмүүлж, Монголын аж үйлдвэрийг нуруундаа үүрч яваа үйлдвэрийн бүс нутгууд руу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын томилолтын багт багтан замд гарсан нь энэ.

Энэ томилолт ердийн нэг танилцах уулзалт биш. Улсынхаа үйлдвэрлэлийн “зүрх” хэрхэн цохилж байгааг нүдээр харах, уурхайчдын гар, сэтгэл, амьдрал шингэсэн төмөр, нүүрс, цемент, зэсийг “Монголын хөгжил” үнэхээр мөн үү гэдгийг мэдэх аялал байв.
1. Дархан бол хаягдал хайлуулдаг биш Ган үйлдвэрлэдэг ирээдүйг авчирах “баатар” хот
Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн үүдэнд бууснаар хотоос эртлэн гарсан бид үдийн хэрд хөл тэнийв. Хоёр ээлжээр тасралтгүй улаан гал дүрэлзэж, хүний гар, техникийн дуу тасралтгүй нүргэлж байдаг энэ үйлдвэр амьгүй мэт аниргүй угтав.

Учир нь ган бөмбөлөг, урт урт арматур цутгадаг энэ үйлдвэрийн түүхий эд буюу хаягдал төмөр олдохгүй шахуу болж, үйлдвэрлэл нэг ээлжинд шилжиж. Хаягдал төмөр боловсруулах хувийн хэвшлийн үйлдвэрүүд нэмэгдсэн тул улсын үйлдвэрт хаягдал төмөр буюу түүхий эдээ авахад сорилт ихээр тулж буй гэнэ.
Тиймээс ч арматурын үйлдвэрлэх өртөг 2,8 сая төгрөг байгаа хэрнээ зах зээлд 2,4 сая төгрөгөөр борлуулан алдагдал үүрч буй аж. Гэхдээ энэ алдагдлаа Төмрийн хүдрийн экспортын орлогоор нөхөн ажиллаж байгаагаа захирал Б.Чагнаадорж тайлагнасан. Цаашид “Гангийн үйлдвэр барьж гэмээнэ бид зэврэхгүйн нэр” юм гэдгийг ойлгох, ойлгосноо ажил болгох цаг ирснийг илтгэнэ. Гангийн үйлдвэрлэл бол зүгээр нэг барилга барих хэрэгсэл биш, зэсийн хүдэр бутлах шалтгаан биш. Энэ бол улс орны бат бөх байхын эхлэл.
Тиймээс ч Гангийн үйлдвэрийг барьж дотоодын үйлдвэрлэлээ тэлэн ажлын байр нэмэгдүүлж, орлогоо арвижуулах нь дамжиггүй юм гэсэн бат итгэл тээн цааш хөдлөсөн.
2. Жарны түүхтэй галын дөл
Шарын голд очиход бороо зүсэрч, нүүрсний үнэр бороотой нийлэн хамрын угт угаар ч юм шиг, эхүүн ч юм шиг онцгой үнэр ханхийнэ. “Гэрлэж амжаагүй явна” киноны гол дүр уг уурхай өнөө ч нүүрсээ олборлож, зууханд галтай, шөнөд гэрэлтэй байлгах үүргээ биелүүлсээр…
Энэ уурхай бол зүгээр нэг нүүрс ухдаг биш газар доорх баялагийг уурхайчдын алгаа харлуулж, хөлсөө цувуулж, амьдралаа босгон бусдад дулаан, гэрэл хүргэдэг өрнүүн хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй үйлдвэрийн газар гэж болно.
Техникийн боломж сайжирснаар уг уурхай нөөцөө нэмэгдүүлж дахин 60 жил ажиллах нөөцөө баталгаажуулж. Ингэснээр зуун дамнасан “өвгөн” уурхай болох нь тодорхой болжээ. Төвийн бүсийн дулааны станцуудыг нүүрсээр хангадаг энэ уурхайн тонн нүүрсийг 62'000 төгрөгөөр борлуулах үүргийг төр оноодог нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх, цалин нэмэх, илүү сайжрах боломжийг нь хугаслаж байна гэж уурхайн дарга Б.Мэндсайхан гомдоллосон.
Эрчим хүчний үнийг нэмэхгүй байх үүднээс Эрчим хүчний зохицуулах хороо ийнхүү нүүрсний үнийг барьж Дулааны станцуудын зардлыг хумидаг аж. Үүний үр дүнд та бид бага үнэтэй эрчим хүч, дулаанаар хангагддаг байх нь. Цалингаа нэмж чадахгүй учраас залуу ажилчдаа сургаж дадлагажуулаад томоохон уурхайнуудад алдаж байгаагаа ч Б. Мэндсайхан захирал онцолсон. Жарнаар тоологдох түүхтэй, ууган уурхай одоо хувийн хэвшлийнх болсон бөгөөд гол хувь эзэмшигч нь Америкчууд бөгөөд Монгол талаас хамгийн том хувьцаа эзэмшигч нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэг юм байна.
3. “Баатар”үйлдвэр-Монголын тэнхээ
Орхон аймагт байх эсвэл Орхон аймгийг байлгах үндэс болсон Баатар үйлдвэр болох “Эрдэнэт” үйлдвэр бол манай улсын амин бас аварга зүрх. Өдөр бүр хүдэр олборлож, олборлосон хүдрээрээ зэсийн баяжмал үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргадаг энэ том үйлдвэрийг үзсэн харсан бүхэн өөрийгөө өчүүхэнд санана. Гэхдээ Монгол хүн гэдгээрээ хүч орж онгирох, бахдах, сүрдэх мэдрэмжүүдийг эрхгүй эдлэх нь жам бололтой.
“Саалийн үнээ” хочтой “Баатар” үйлдвэр зөвхөн ухаад, нунтаглаад зардаг биш ирээдүйд зэс хайлуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр технологийн парк болж хөгжих анхны бодит жишээ болох магадлал тун их аж. Хэрэв ТЭЗҮ болон Техникийн даалгаврыг нь яам, засгийн газар батлаад өгвөл 30-34 сарын дараа гэхэд Зэс хайлуулах үйлдвэрийн нээлт хийж болох тухай Г. Ёндон захирал шинэ сайддаа танилцуулан дэмжлэг хүссэн.

Гэхдээ уг үйлдвэрийг барих технологи нь Өмнөд хөршийн нэн шинэ технологи тул бат найдвартай туршилт, үндэслэлийг харж байж баталгаажуулахгүй бол улсын их хэмжээний хөрөнгөөр буюу 9 орчим сая ам.доллароор бусдын технологийн туршилтыг хийж болохгүй гэж яамны зүгээс хаширлаж буйг дурьдах нь зүйтэй. Ёстой л 7 хэмжиж нэг огтлохын үлгэр “Зэс хайлуулах Үйлдвэр технологийн парк”-ын ажлыг хойш татаж буй юм байна. Буруутгах аргагүй бас өмөөрөх ч аргагүй нөхцөл. Гол нь хэний үед энэ үйлдвэрийг барьсан, босгосон, нээсэн нэр алдарыг зүүх тухай биш улсынхаа ирээдүй, үр хойчийнхоо боломжийг нэмэгдүүлэхэд л чин сэтгэл гаргах нь зөв замыг заах АЛТАНГАДАС байх болов уу гэж эрхгүй санагдана.
4. Монгол баганын суурь- Хөтөл цемент, шохой
“Хөтөл” цементийн үйлдвэрлэл бол барилгын улиралтай уралддаг зогсох эрхгүй онцгой үйлдвэрлэл. Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын албан томилолтод уг маршрут төлөвлөгдөөгүй байсан ч гэнэтийн шалгалт хийх аргагүй шалтгааны улмаас зорьсон. Дотоодын барилгын салбарын цементийн хэрэгцээ “Хөтөл”-өөс ихээхэн хамааралтай. Гэхдээ энэ удаад сайд цементийг бус шохойн чулууны үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, ажлын цалгардлыг шалгах үүрэгтэй гэнэтийн шалгалтаар буув.

Хөтөлийн шохойн чулууг Эрдэнэт үйлдвэр ашигладаг тул тэд зогсвол Эрдэнэт зогсоно. Тиймээс үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс Хөтөл зогсох эрхгүй. Харин шинэхэн захирал шохойн чулууны үйлдвэрлэл 5 сараас хойш зогссон тухай хэлж, нөгөөдөр буюу Лхагва гарагаас ажиллаж эхлэх тухай дуулгав. Үйлдвэрийн удирдлага тааруу ажиллаж байгаа учраас үйлдвэрлэл зогслоо гэж сайд Г.Дамдинням зэмлээд учир шалтгааныг нь олж тогтоох ажлын хэсгийг байгуулж, яамныхаа дарга нарыг үлдээсэн.
Гэхдээ энэ удаагийн үйлдвэрлэл зогссон шалтгаан уурхайчид хийгээд удирдлагын алдаа гэхээсээ хуулийн асуудал, толгой компаний шалтгаантай байж мэдэх юм билээ.
Тодруулбал 12 сард өгдөг ирэх оны төлөвлөгөөг нь “Эрдэнэс Монгол” компани 3 сарын дундаас хойш баталж өгдөг, төлөвлөгөө батлагдсны дараа Шохойн чулууг үйлдвэрлэхэд ашиглах нүүрс, төмрийн хүдэр гэх мэт шаардлагатай бүтээгдэхүүнүүдийнхээ тендерийг зарладаг, тендерт оролцсон компаниуд нь хоорондоо маргадаг гээд зайлшгүй тооцох нөхцлүүд бий аж.

Тиймээс ч удирлагуудад нь дотоод менежментээ сайжруул, гол нь үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах үндсэн үүрэгтэйгээ мартаж болохгүй гэдгийг салбарын сайд нь хатуу сануулаад буцсан. Чухам хэрхэснийг ирэх Лхагва гарагийн Засгийн Газрын хуралдаанаар илүү тодорхой мэдэж болно. Сайдын үлдээсэн ажлын хэсэг өнөөдөр сайддаа танилцуулга хийж, сайд нь ирэх Лхагва гарагт Засгийн газартаа танилцуулах юм. Сайд Г.Дамдинням “Ухдаг биш үйлдвэрлэдэг улс болох ёстой” гэх үгийг томилолтын хугацаанд ихээр давтсан. Түүний энэ үг улстөрчийн амьгүй уриа үг үү уул уурхайн салбарын хүний ажил болох амлалт уу гэдгийг харах л үлдэж байна.
Энэ удаагийн томилолт тайлан сонсох, танилцах аялал гэхээсээ Монголын үйлдвэрлэлийн зүрх хэрхэн цохилж байгааг чихээр сонсож, нүдээр үзэн, тархиа хэрхэн ажиллуулах ёстойг мэдэж авах ажлын эхлэл байв.
Бид ч уурхайн талбайд хөл тавьж, үйлдвэрийн үүдээр алхан ажилчны харцнаас үнэнийг мэдэн олонд хүргэх байлаа. Тиймээс ч сайдын багт нэгдэн хүн, үйлдвэр, баялаг гурав хэрхэн нэг цул болж байгааг үзэж, сонсож, мэдэрч авах гэсэн томилолт байв.










