




















Намрын адаг сарын шинийн 1 буюу өнгөрсөн Лхагва гарагт Г.Занданшатар ерөнхий сайдын хүсэлтээр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын 95-р тогтоол нь Үндсэн хуулийн 3 зүйл бүхий заалт зөрчсөн гэж дүгнэсэн. Үүнээс улбаалж Цэц бол “оройн дээд” хэмээн дүгнэлтийг нь УИХ хэлэлцэх шаардлагагүй гэх талууд байгаа бол хэлэлцэх үүрэгтэй гэж мэтгэх тал ч байна. Тиймээс Цэц Их суудлаараа дүгнэлт бус тогтоол гаргасан бол хэн ч үг үл хэлнэ. Харин дүгнэлт гаргасан тул УИХ хэлэлцэх шаардлага, үүрэг үүсээд буй. Хууль харцгаая.
Үндсэн хууль
Жаран зургадугаар зүйл.
1.Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.
2.Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:
1/хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
2/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
3/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т / 1/хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;2/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;/ заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана гэсэн нь дүгнэлт эцсийнх бус дахин хэлэлцээд тогтоол гаргах учиртайг тов тодорхой илэрхийлж буй. Үндсэн хуулийн энэ заалтыг Үндсэн Хуулийн Цэц хянахдаа яагаад тогтоол гаргах учиртай гээд байгааг мөн л хуулиас харцгаая.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль: ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ШИЙДВЭР
31 дүгээр зүйл.Цэцийн шийдвэрийн хэлбэр
1.Цэцийн шийдвэр нь дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн хэлбэртэй байна.
2.Цэц энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт; мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргааныг дахин хянан шийдвэрлэж тогтоол; энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан маргаан болон дунд, их суудлын бүрэлдэхүүнтэй хуралдааны явцад шийдвэрлэсэн асуудлаар магадлал гаргана. гэжээ.
Тиймээс тус хуулийн 13.1 заалт юу гэснийг тодруулж харцгаая.
13 дугаар зүйл.Маргааны харьяалал
1.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:
гэж. Иймээс их суудлын хуралдааны дүгнэлт нь эцсийн шийдвэр биш бөгөөд УИХ хэлэлцэн эцэслэх учиртай. Харин дараагийн удаа Үндсэн Хуулийн Цэц тогтоол гаргавал үүнийг УИХ сонсож танилцаад л эцэслэх учиртай гэж хуульд тов тодорхой заажээ. Тиймээс Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт эцсийнх гэж маргах бол тодорхой зүйл заалт, хуулийн үндэслэлээ дэвшүүлэх ёстой байх нь.










