



















Эцсийн шийдвэр гараагүй ч цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж 792 мянгад хүргэнэ гэх “поп” мэдээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дуулгав. Хэрэв эцсийн шийдвэр гарвал ирэх оны дөрөвдүгээр сараас иргэд, эхлээд хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, ААН-үүд нуруугаа авхуулахдаа бэлдэх нь дээ. Дан ганц хувийн хэвшил, дундаж давхрагынхан ч биш өнөөдөр та, бид хамтдаа “шууд” ба “шууд бусаар” горыг хүртэж мэдэх нь.
Шууд нь нөлөө нь мэдээж захиргааны шийтгэл, эрүүгийн хэрэгт хүлээлгэдэг мөнгөн торгууль. Тухайлбал, захиргааны шийтгэл, эрүүгийн хэрэгт хүлээлгэдэг мөнгөн торгууль “хөдөлмөрийн хөлсний доод” хэмжээг “үндэслэж” тогтоодог. Хамгийн энгийн жишээ дурдахад аливаа гэмт хэрэгт хохирогчид нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү хохирол учирвал эрүүгийн хэрэг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл 660 мянган төгрөгөөс илүү хэмжээний хохиролтой хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан энэ босго үнэ 792 мянган төгрөг болж байна гэсэн үг. Бидний хэнд нь ч тохиолдож болох жишээ татаж үзье.
Иргэн Н гар утсаа хулгайд алдчихаад хулгайчийн дүрс бичлэгийг бариад цагдаагийн байгууллага дээр очжээ. Гомдлоо гаргаж, өдөржин нааш цааш явсны эцэст, таны утасны үнэ “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд” хүрээгүй гээд хэрэг хаагдсан байна. Гар утсаа алдсан иргэн камерын бичлэгээ бариад гайхсаар хоцорчээ. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр та ямарваа нэгэн байдлаар хохироход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хохирол тань хүрээгүй бол та хохироод л үлдэнэ.
Уг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх асуудал дээр МҮХАҮТ нь эсрэг санал өгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж 792 мянгад хүргэхийг зөвшөөрөөгүй гэв. Бүр 2 жилийн дотор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөндөхгүй гэсэн хуулийг нь сануулаад байхад “хүч түрэн” баталчихсан гэж танхимын тэргүүн мэдэгдэнэ лээ.
2025 оны төсвийн төсөөлөлд ч мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 хувиар нэмэгдүүлнэ гэсэн байж. Гэтэл төсвийн төсөлд заасан шиг 6 хувиар биш, инфляцтай ч уялгүйгээр шуудхан 20 хувиар нэмэгдүүлсэн нь даанч “гэнэт”-ийн байлаа. Мэдээж баярлах нэгэн ч байна. Гэвч баярлах болоогүй. Учир нь бид үнийн өсөлтийг яаж ч гүрийгээд гүйцэхгүй. Энэ бол бидний амьдралд үзүүлэх шууд нь нөлөө. Ядуурлыг бууруулах нэрэн дор төгрөгийн ханшийг унагаж байна. Төгрөг цаас болсноор идэх хоол өмсөх хувцасны үнэ нэмэгдэнэ. Тансаг хэрэглээг бол угаасаа бодолтгүй. Ирэх жил гар дээр 792 мянган төгрөг үнэндээ 300 доллар ч хүрэхгүй.
Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж эцсийн шийдвэр засгаас гарвал нийгмийн амьдралын ачааны хүндийг үүрдэг татвар төлөгчид л хөөрхий байна даа. НӨАТ, НДШ-д сөхөрсөн тэд бараг дугарах ч тэнхэлгүй сульдсан харагдана. Угаасаа татварын буулга дор зүдэрч яваа тэдний “санал” ч жин дарах биш. Эцэст нь бидний амьдрал сонгуулиар хэмжигдэж, сонгуулиас сонгуулийн циклд “гэнэтийн бэлгээр” дүүрэн өнгөрч байна. Ямар ч хамаагүй үнээр иргэдийнхээ тархийг угаах нь чухал ч юм шиг. Үүрэхийг нь иргэн чи үүр. Аахилхыг нь би аахилъя гэх “зальт” төрийн ээлжит үлгэр ингээд жаргав...










