



















Агаарын бохирдол, утааны ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсгол маргааш үргэлжилж, дүгнэлтээ танилцуулна.
Гэхдээ олон нийт ерөнхий хяналтын сонсголоос буруутай улс төрч, албан тушаалтнуудыг зарлуулж, өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол, утаатай тэмцэхэд төсөв болон гадаад, дотооддын төслөөс нийт хэчнээн төгрөгийг зарцуулсан бэ гэх бодит тоо баримтыг дэлгэж тавина, эндээс хэн буруутай нь тодорхой болно гэсэн хүлээлттэй сууна.
Гэвч энэхүү Агаарын бохирдол, утааны ерөнхий сонсгол нь УИХ-аас томилсон хянан шалгах түр хорооны буюу Нүүрсний сонсгол шиг нотлох баримтыг шинжлэн дүгнэх хэмжээнд болж, холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр дуудаж тайлбар, мэдүүлгийг авах, хэргийг шүүх рүү шилжүүлэх хэмжээнд ажиллаж чадахгүй. Зөвхөн агаарын бохирдол, утааны талаарх судалгаа, тоо баримт, утааг бууруулах ямар боломжтойг хэлэлцэж, дүгнэхээс өөрөөр эрх мэдэлгүй гэдгийг УИХ-аас томилсон ажлын хэсэг, ажлыг хэсгийг даргалагч Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлаж байна.
Үндсэндээ, Үндсэн хуульд тусгасан эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг ноцтой зөрчиж, хор уршиг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн Геноцидыг ерөнхий хяналтын сонсгол хэлбэрээр хэлэлцэж, хэлбэр төдий дүгнэлтийг гаргахаар төлөвлөжээ. Сүүлийн 10 жилд агаарын бохирдол, утаанаас болж хэдэн хүн нас барж, хэдэн хүн өвдсөн, иргэдийн хохирлын хэмжээ хэдэд хүрснийг нарийвчлан тооцож чадаагүй. Ерөнхий хяналтын сонсголд дүгнэлтээ танилцуулах мэргэжлийн шинжээчдийн судалгаа, тоо баримт нь бодит байдалтай нийцэхгүй, хэлбэр төдий байсанд сонсголд оролцсон иргэд болон гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Тэд голдуу шахмал түлшний хор уршиг, утааг бууруулах гарц шийдэл нь тодорхой бус олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн мөртөө ямар ч үр дүнд хүрдэггүй. Энэ шийдвэрүүдийг гаргасан төрийн байгууллагууд болон баталгаажуулж гарын үсэг зурсан албан тушаалтнууд асуудалд хариуцлагатай хандах ёстойг хөндсөн.
Тухайлбал, иргэдийн төлөөлөл Ц.Амарзаяа. Түүний хувьд ар гэрийнхээ хоёр гишүүнийг угаарын хийн хордлогоор алджээ. Тиймээс тэрээр,
Үхсэн хүний тоо хэдэд хүрэхээр бодлого шийдвэрээ өөрчлөх юм бэ. Би дүүгээ ээжийгээ угаарын хийн хордлогын улмаас алдсан. Ээжийг маань өвчний улмаас үхсэн гэж бүртгэсэн. Энэ бүртгэл зөв үү? Энэ хүмүүс үхэж байгаа нь норм уу? энэ түлш шийдэл үү. Намайг олон нийтэд хандаж ярих юм бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно гэж байсан. Энэ зөв үү?
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:
2007-2024 оны хооронд нийт 11 мянга 786 хүн ямар нэгэн байдлаар угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдсэн. Нийт нас баралтын тоо 137 байна. Орон нутагт 21 хүн, хаяг нь тодорхойгүй 5 хүн байна. Энэ мэдээлэл бол эрүүл мэндийн байгууллагат үйлчлүүлж, эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо. Өөр нэг эх сурвалж буюу цагдаагийн байгууллага, болон шүүх шинжилгээний төв дээрээс гарсан мэдээллээс тооны хувьд зөрдөг гэдгийг хэлмээр байна. Ер нь утааны улиралд жирэмслэлтийн тоо цөөрдөг. Дээрээс нь агаарын бохирдлоос шалтгаалан жирэмсэн эхчүүд болоод урагт нөлөөлдөг байдлууд гарч байгаа. Зүрх нь цоорхойтой, өсөлт багатай, хүүхэд нь өөрөө амьсгалын болон зүрхний гажгийн өвчлөлтэй төрж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа:
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо иргэдийг төөрөгдүүлээд байдаг мэдээллүүдийг нэг мөсөн цэглэе гэсэн. Стандартууд маш буруу бий болчихсон. Тэгээд түлшийг шинжилгээнд өгөхөөр хэвийн стандартын дагуу гэж гардаг. Энэ бол өөрөө маш буруу, хүний эрүүл мэндэд асар их хортой. Урт хугацаандаа Монгол Улс цахилгаан болон хийгээс өөрөөр утаанаасаа салж чадахгүй гэдгийг ойлгоосой. Гал унтраах төдийхнөөр мөнгөө төсөвлөж, ажилласаар байвал үр дүнд хүрэхгүй нь ээ.
Ийнхүү утааны сонсголоор өгөх эрдэмтэн, шинжээчдийн мэдээлэл, дүгнэлт зөрсөн цаад шалтгаан нь эрх ашигтай шууд холбоотой гэж харж болохоор байна. Яагаад судалгааг бодитоор хийж, шинжлэх ухааны үндсэн дээр шинжилж, судалдаг эрдэмтдийн дүгнэлт бөөрөнхий, худал байна вэ гэдгийг зарим УИХ-ын гишүүн улс төрийн дарамт гэж тодорхойллоо.
Ер нь бол утаагаар бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд зуух, түлш хоёроор л дамжуулж шахаа хийж ирсэн гэх. Тэгэхээр энэ бол сонсголын гол асуудал юм. Эдгээрийн үнэн мөнийг сонсгож чадвал Утааны сонсголын ажлын хэсгийнхэн үүргээ гүйцэтгэлээ гэж дүгнэж болохоор. Түүний дараа Улаанбаатарын утааг хэрхэн багасгах, эсвэл арилгах талаар бодит шийдэл гаргах боломжтой байсан. Гэвчиг агаарын бохирдол, утааг тойрсон баримт фактыг ухах, түүнийхээ учир шалтгааныг хайх, олох хүсэл энэ удаагийн утааны сонсголыг зохион байгуулагч гишүүд буюу УИХ-д байхгүй нь...










