



















26 жил гар хүрээгүй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэхээр Засгийн газар боловсруулж эхэллээ. Гэхдээ 2025 оноос өмнө амжиж, ерөнхий хуулийг нь батлуулна гэж төлөвлөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, хэвлэлийн байгууллагын удирдлага, редакторуудтай хийх анхны хэлэлцүүлгийг хоёр хоногийн дараа буюу 2024.10.30-ны өдөр Лхагва гарагт зохион байгуулах тов гарлаа.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэвлэлийнхэний хувьд үндсэн хууль. Тэгвэл О.Алтангэрэл сайдын хувьд хэвлэлийнхэний үндсэн хуулийг боловсруулахдаа салбарынханаар нь хэлэлцүүлэхгүй, саналыг нь тусгахгүйгээр хуралдсан нэр зүүхээр зэхэж, ажлын хэсгийн хуралдааныг зарлахдаа цаг хугацааг нь давчуу оруулж ирсэн гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл шүүмжлэв.
Үүнээс гадна ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн боловсруулж, ажлын хэсгийн хэлэлцүүлгийн хүрээнд тараагдсан хуулийн төсөлд, сэтгүүлч гэж хэн байх болон сэтгүүл зүйн бүтээл гэж яг юу хэлэх, ямар шаардлага тавих зэрэг нэр томъёоны хувьд олон зүйл заалтаар нарийвчлан задалж, тусгажээ. Гэхдээ ёс зүйн хариуцлага алдаж, мэргэжлийн алдаа гаргасан сэтгүүлчид яаж хариуцлага тооцох тухай бичээгүй нь анхаарал татлаа. Хэвлэлтэй ойр хуульчдын тайлбарласнаар, ерөнхий хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдээр сэтгүүлчдэд тооцох хариуцлагыг чангатгаж, иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх болон мэргэжлийн хэвлэлийн байгууллагууд хараат бусаар ажиллахыг “туших” зохицуулалтууд орж ирэх вий гэсэн болгоомжлол байна.
Эндээс харахад, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ерөнхий хууль гэж батлаад, дагалдах хуулиар хариуцлагын асуудлыг зохицуулахаар төлөвлөсөн байж болзошгүй юм. Хүний буруу үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцдоггүй, салбар хуулиудаар зохицуулдаг. Үүнтэй адил хэвлэл мэдээллийн салбар дахь аливаа үйлдэл бүрийг хуулиар зохицуулах, зохицуулдаг хуулиуд нь зөвхөн эрүүгийн хууль байх албагүй. Тиймээс гэмт хэрэг, ёс зүйн алдаа хоёрын ялгааг сайн мэдэж, үнэн зөвийг шийдвэрлэдэг байх нь чухал юм.
Дарга нар бус салбарынхан нь хэвлэлийн эрх чөлөөний хуульдаа саналаа тусгая
“Зөрчлийн тухай хууль”, “Сонгуулийн тухай”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Төрийн болон албаны нууцын тухай хууль” зэрэг хуульд мэдээлэл авах, түгээх эрхийг хазаарлах заалтууд бий. Үл ажиглагдахуйцаар, чимээгүйхэн жижиг сажиг заалтаар хориглосон агуулга шингээгээд явдаг. Үүнд их ажигч, хянамгай байхаас гадна хэвлэлийн эрх чөлөөгөөр мэргэшсэн хуульчидтай салбар нь тухайн заалтуудын эсрэг, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсын хувьд 2024 онд Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр анхаарал хандуулах аюултай ангилалд багтсан бөгөөд 180 орноос 109-д эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан, хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдсаныг илтгэх судалгаа.
Ийнхүү жил ирэх тусам хэвлэлийн эрх чөлөөний индекс нь унах болсон нь гүтгэх гэмт хэргийн талаас илүү хувь нь буюу улс төрч, төрийн албан тушаалтнуудын зүгээс сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдолтой холбоотой. Нөгөөтээгүүр сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө заналхийлэл, дарамтад өртөж буй тохиолдлууд бүртгэгдсэн гэх мэтээр өмнө тулгарч байсан асуудлууд улам хурцаджээ. Тиймээс иргэд чөлөөт хэвлэл мэдээлэлд тэмүүлдэг дархлаагаа хамгаалж, нэгдэж чаддаг байх ёстой.
Саяхандаа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр /2024.08.15/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилнэ, гэхдээ одоогийнхоос нь дордуулахггүй" гэж мэдэгдсэн. Ингэхдээ эрх чөлөөний хуулийг шинэчлэн найруулж, өөрчлөх ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж ажиллахаар тогтсон байдаг. 1998 онд баталсан дөрвөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулахдаа няхуур хандаж, “Сэтгүүлчээр ажиллаж, мэдээлэл олж аваад түүнийгээ хадгалж олон нийтэд хүргэснийхээ хариуд хуулийн хариуцлага хүлээдэг тээг тушаа, дөнгөөсийг салгахад төвлөрч ажиллана. Нийт сэтгүүлчийнхээ төлөө үүнийг хийхээс өөр аргагүй” гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тайлбарлаж байлаа.
Гэтэл бодит байдал дээр Засгийн газар боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлдөө УИХ-ын ажлын хэсгийн саналыг одоогоор тусгасангүй, хоёр талын ажлын хэсэг эсрэг тэсрэг байр суурьтай байна. Мөн Засгийн газар хэт яарч, өсөрхөх бус хэвлэлийн гал тогоондоо ажилладаг сурвалжлагч, редакторуудын байр суурийг сонсож, саналыг нь хуулийн төсөлдөө тусгах нь бодитой өөрчлөлт болно. Тухайлбал, мэргэжлийн редакц, сэтгүүлчдийн өмнө байнга тулгамддаг гол асуудал нь эх сурвалжаа нууцлах. Гэтэл энэ нь хуулиар хамгаалагдаагүй тул цагдаа нарын өмнө хүчин мөхөсддөг. Тиймээс хамгийн наад захын бодит өөрчлөлт бол эх сурвалжаа хамгаалах эрхийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай болон дагалдах хуулиудад тодорхой оруулж өгөх хэрэгцээ юм.










