



















Засаг нь том төслүүдтэй, Нийслэл нь том ТЭЗҮ-үүдтэй. Хотын хөгтэй үлгэрүүд үргэлжилж байна. Таалан болгооно уу...
Үлгэрээс үлгэр ургуулан, нэгэн хэлхээгээр уран донгодох хотын захирагч Х.Нямбаатар, Б.Ану-Үжин нарын ээлжит нэгэн ТЭЗҮ-ийн үлгэр эхлэв. Усан тээвэр, дүүжин тээвэр, ногоон автобус, LRT, метро, трамвай гэх “энэ дарааллыг” сонсоод бидний нийслэлчүүдийн нерв барагдаж байна. Нийтийн тээвэрт хэзээ ч яваагүй үлгэр шиг төслүүд дахин амилж буй нь тэр.
Эртний түүхт винтаж хотуудын өнгө төрх, төлөвлөлтийн нэг хэсэг болж үлдсэн “трамвайн” ТЭЗҮ манай түгжрэлийг бууруулна гэнэ. Урбанистгүй Улаанбаатар улам дордож буй нь жижиг нийслэлд хэт ахадсан “үлгэрийн”төслүүдийг үргэлжлүүлж байгаатай холбоотой.
“Улаанбаатар Трамвай төсөл”-ийн удирдагчаар үнэртэн зохион бүтээгч бүсгүй томилогджээ. Үнэртэй ус найруулж явсан Б.Ану-Үжин орон нутгийн сонгуульд ялалт байгуулчихаад уйлж зогссон цаг саяхан. Учраа олохгүй баярлаж, уйлж зогссон бүсгүй гэнэт Улаанбаатарт трамвай явуулна гээд гараад ирэв. Трамвай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой, нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх багтаамжтай, дундаж хурд 30 км цаг, дээд хурд 60 км цаг гэж яг таг цээжлээд өөрөө ТЭЗҮ-ээ боловсруулж суугаа мэт ярих юм. Үгүй ээ энэ чинь “согтуу юм уу”, “солиотой юм уу”?...
Дэлхийн хотуудад трамвай явуулах нь ямар үнэ өртэгтөй, ямар алдагдалтай, эрчим хүчний эх үүсвэрийн баталгаа шаардлагатай гээд дааж давшгүй сорилтууд байдаг гэдгийг үүгээр сануулъя.
Трамвай гэх нийтийн тээврийн баригдах өртөг, ашиглалт, арчлалт, урсгал засвар, алдагдал дэлхийн том хотуудад ч асуудал болсоор байна. Дампуурсан олон ч төслүүд байна. Дэлхийн улс орнуудын нийтийн тээвэрт хамгийн сургамжит жишээ болж үлдсэн нь Эдинбургийн Трамвайн төсөл.
Их Британий Эдинбург хот удаан төлөвлөж трамвайн сүлжээтэй болсон ч ТЭЗҮ-д тооцоолсон зардлаас хоёр дахин их үнээр, тооцоолсон хугацаанаас хоёр дахин урт хугацаанд босжээ. Онгоцны буудлаас Эдинбург хотын төв хүртэл ганцхан шугам тавих зардал ТЭЗҮ-д 375 сая паунд гэж тусгагдсан ч нийт 776 сая паунд зарцуулж. Гэвч Эдинбургийн трамвайн сүлжээ нийтийн тээврийн хүртээмж болоод замын түгжрэлд огтхон ч нөлөө үзүүлсэнгүй.
Нэмээд жил бүр алдагдалтай ажиллаж улсын төсөвт дарамт болсоор. Их Британийн хотуудаас трамвайн төслөөр хэл ам таталж алдагдалтай ажилласан нь ганц Эдинбург хот биш. Судалгаагаар Их Британи даяар нийтийн тээврээр хийгддэг зорчилтын ердөө 8%-ийг трамвайн сүлжээ эзэлдэг байна. Мөн трамвайн сүлжээний нийтийн тээврийн хэрэгслүүдийн ердөө 3% -ийг эзэлдэг. Трамвайн сүлжээ хамгийн сайн гэгдэх Манчестер хотод нийтийн тээврийн зорчилтын 5% орчим хувь нь л трамвай бөгөөд зорчигчдын дийлэнх нь төрөөс халамж авдаг хөнгөлөлттэй зорчигчид байна.
Ийм учраас трамвайн сүлжээ өндөр зардлаар ашиглалтад орлоо ч алдагдалтай ажиллаж, урсгал зардлаа нөхөж дийлдэггүй байна. Улаанбаатар хотод ч ялгаагүй, автобусаар зорчигчдын дийлэнх нь өндөр настан, оюутан, хөнгөлөлттэй зорчигч, хүүхэд байдаг. Сайнаар ерөөгөөд өнөөгийн Улаанбаатар хот трамвайтай болсон ч автобусны үйлчилгээг үзүүлдэг нийтийн тээврийн компаниудын ижил алдагдалтай ажиллагаа хүлээж байна. Хэдэн тэрбумын алдагдалтай ажилладаг автобус тээврийн компаниудаа яая гэж байхад нэмээд метро, дахиад трамвай. Ердөө 1.5 сая хүнийг зорчуулахад ямар олон төрлийн тээврийн хэрэгслүүдийн ТЭЗҮ боловсруулагдаж төсөв урсгана вэ?
Алдагдалтай трамвайн төсөл барьсан Эдинбург хот 6 сая орчим хүн амтай, аялал жуулчлал хөгжсөн хот. Хөгжлөөрөө Улаанбаатар хотоос хавь илүү Эдинбургийн трамвайн сүлжээний төлөвлөлт нь интеграцийн үндсэн зарчмуудыг ойлгоогүйгээс бүтэлгүйтэж байхад манай бэрх угшилтууд юу бодож манаргаж яваа нь ойлгомжтой.
Европын хотуудын түгжрэлийг бууруулсан хэд хэдэн сайн жишиг бий. Тухайлбал явган зам, унадаг дугуйн зам, автобусны хүртээмжийг дэмжсэн төрийн тогтвортой бодлого боловсруулж, энэ бодлогоо иргэдийнхээ ажил, гэр, сургууль, эмнэлгийн үйлчилгээтэй системтэйгээр холбож чадсан байдаг. Тухайлбал дээрх жишээг хэрэгжүүлсэн Швейцар, Германы дийлэнх хотуудад иргэд нь трамвай метроноос илүү дугуйгаар, явганаар, эсвэл автобусаар зорчдог гэх судалгаа бий.
Трамвайн сүлжээний сайн жишиг ч олон. Вена, Фрайбург, Бремен, Цюрихыг дурдаж болох ч манай хотын захиргаанд эдгээр хотуудын төлөвлөлт байхгүй. Нэмээд удирдлагуудынх нь менежмент, боловсрол, хоншоор ч хол дутна. Мэргэжилтнүүд, ажиллах хүч байхгүй. "Улаанбаатар Трамвай төсөл”-ийнх нь ТЭЗҮ-г удирдаж байгаа хүнийг нь хар л даа. Үнэртэн зохион бүтээгч.
ТЭЗҮ боловсруулах ажлыг ийм хүнээр удирдуулж байхад нийслэлчүүд бид юу ч хүлээнэ гэх... Яах вэ манайд ТЭЗҮ боловсруулах ашигтай, хэрэгжих үгүй нь хэнд ч падлийгүй болохоор ашиглалтад орж, алдагдал хүлээнэ гэж айлтгүй байж болох юм. ТЭЗҮ-р мөнгө “идчихээд” түргэхэн зогсоосой билээ.
Ний нуугүй хэлэхэд энэ их бүтээн байгуулалтын зардал, ирээдүйн их алдагдлаас нь “цалин” маань эмээж байна.










