



















АНУ -ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа тарифын дайнаа ямар чиглэлд өрнүүлэх нь яг одоогоор тодорхойгүй байгаа ч гол бай нь БНХАУ байх болно гэдгийг үйлдлээрээ ил тод зарлаад байна. 2024 оны эцэст БНХАУ-аас АНУ-руу нийлүүлдэг бараанд 12.5 хувийн импортын татвар ногдуулдаг байсан бол өнөөдөр 100 гаруй хувийн татвар төлөхөөр болсон. Тарифын бодлого нь БНХАУ-ын үйлдвэрлэгчид шууд нөлөө үзүүлэх нь дамжиггүй боловч түүнээс илүүтэйгээр АНУ-д хэрэглээний үнийн индекс буюу инфляц нэмэгдэх гол хөшүүрэг болох болно.
"Капитал Экономикс" судалгааны байгууллагын судлаачид тарифын бодлого нь АНУ-ын хэрэглэгчдэд өндөр зардал үүсгэх бөгөөд энэ эрчээрээ хоёр талаасаа худалдааны дайн өргөжөөд эхэлбэл "Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг хоёр улсын хооронд хийгддэг худалдаа эрс багасаж болзошгүй" гэсэн судалгааг гаргасан. Энэхүү дайн нь даамжирвал дан ганц эдийн засгаар тогтохгүй байж магадгүй юм. Худалдааны дайнаар халхлагдсан "Хоёр улсын хооронд өдрөөс өдөрт гүнзгийрч буй их гүрнүүдийн хэн нь тэргүүлэх вэ? гэсэн далд өрсөлдөөн" байх магадлал өндөр.
АНУ-тай технологийн салбарт хамгийн хүчтэй өрсөлдөж, зарим салбарт АНУ-ыг давж гарах болсон БНХАУ-ын технологийн хөгжил Америкчуудыг сандралд автуулах хөшүүрэг болсон болов уу.
Энэхүү худалдааны дайн нь дэлхий хоёр биш гурав дөрвөн туйлд байдал руу хуваагдаж буй цаг үетэй давхцаад буй нь анхаарал татаж байгаа юм. Дэлхий олон туйлт болж буй нь худалдаанаас гадна хөрөнгө оруулалтын шийдвэрүүдэд ч ихээхэн тусгалаа олж байна. Магадгүй дэлхий ОХУ, Европын Холбоог орхигдуулаад АНУ, БНХАУ гэсэн хоёр туйлт төвтэй болохыг үгүйсгэх аргагүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өдүүлсэн "Худалдааны дайн нь олон улсын худалдааг бууруулах гэхээсээ худалдааны урсгалын гольдролыг нь өөрчлөх ихээхэн магадлалтай" гэдгийг шинжээчид онцолж байна. Үүний тод жишээ нь "Apple" компани "iPhone" гар утасныхаа үйлдвэрийг БНХАУ-аас Энэтхэг Улсад шилжүүлж байгаагаар тайлбарлаж болох юм.
Үр дүнд нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ хоёр хуваагдаж нэг хэсэг нь АНУ-д нөгөө хэсэг нь БНХАУ-руу шилжих магадлалтай байгааг "Капитал Экономикс"-ийн тайланд дурджээ.
Хэрвээ 20 жилийн өмнө АНУ иймэрхүү худалдааны дайныг өдүүлсэн бол БНХАУ-ын удирдагчид далан таваар бууж өгөх байсан байж болох юм.
Харин өнөөдөр байдал шал өөрөөр эргэж БНХАУ дэлхийд эзлэх байр сууриа тэлж% тэргүүлэх хүсэлтэй болсон. Мөн тэдэнд ийм боломж нь ч бүрдээд байгаа юм. "Америк мөрөөдөл" гэж 100 жил ярьж бичиж байсан дэлхий өнөөдөр "Хятад мөрөөдөл"-ийн талаар ярьж бичих болсон нь БНХАУ-ын удирдагч Ши Жин Пиний бодлого үр нөлөө.
Ерөнхийлөгч Доналд Трампын “America First Investment Memorandum” буюу “Америк нэгдүгээрт хөрөнгө оруулалтын тунхаг” нь цаг үеэ олсон эсэх нь эргэлзээтэй.
"Худалдааны дайн" нь эдийн засгийн гэхээсээ "Улс төрийн дайн" болж хувирч байна. Хөрөнгө оруулалт ч эдийн засгийн үр өгөөж гэхээсээ улстөржиж БНХАУ-аас АНУ-д хийгдэж буй хөрөнгө оруулалтыг бууруулах, хязгаарлалт тогтоох бодлогыг АНУ барьж эхэлсэн. "АНУ-ын улс төрчид олон асуудал дээр санал зөрөлддөг ч Хятадын эсрэг байр суурь дээр нэгдэж чаддаг" хэмээн "Капитал Экономикс"-ийн тайланд дурдсан. Мөн тус тайланд “Хоёр намын гишүүд БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авах тал дээр нэгддэг” гэсэн байна.
Харин БНХАУ өөрийгөө АНУ-ын хэт давамгайллыг тэнцвэржүүлэгч улс хэмээн үзэж эхэлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран өөрчлөгдөхгүй байх магадлалтай.
Цаашдын зам тодорхойгүй байгаа ч Ерөнхийлөгч Доналд Трампын "Худалдааны дайн" нь өөрийн дагалдагч улс болон түнш улсуудаа гомдоож стратегийн хамгийн том давуу талаа алдах нь тус улсад ноцтой эрсдэл бий болгож, улстөрийн хувьд дотоодын зөрчил үүсгэх эрсдэл хамгийн өндөр хэмээн "Капитал Экономикс"-ийн илтгэлд дурджээ.










