



















Дэлхийн хамгийн том арал үзэсгэлэнт Грийнландыг дэлхийн анхаарлын төвд дахин авчирсан явдал бол Дональд Трампын ялалт байв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Грийнландыг худалдан авах санал гаргаж Дани улсыг “ёворч” үзлээ. Тэрээр өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд мөн Данийн эзэмшилд буй Грийнландыг худалдан авах санал гаргаж байсан юм. Ганц АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид ч биш, угтаа Хятад тэргүүтэй их гүрнүүд Грийнландыг өөрийн болгохоор сонирхож нэг биш удаа худалдан авах саналыг тавьж байв. Грийнландын юу нь чухам тэгтлээ их гүрнүүдийг соронз мэт татдаг вэ?
Грийнландын цас мөсөн дор олон мянган жилийн турш хучигдан нуугдсан асар их баялгийн нөөц бий. Дэлхий аажим дулаарч, уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаатай адил их гүрнүүдийн сонирхол Грийнланд руу тасралтгүй чиглэж байна.
Тиймээ энэ бол газрын ховор элемент.
Өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд хийгдсэн нарийвчилсан судалгаагаар, Грийнландад газрын ховор элемент, газрын тос, байгалийн хий тэргүүтэй нөөц тогтоогджээ. Хэдийгээр Грийнландын эрдэнэсийн сан сэтгэл догдлуулам баян тансаг ч үүнийг олборлох, тээвэрлэх үйл явц нь олон жил үргэлжлэх сорилт болно.
Дэлхий үүссэн үеэс эхлэн цаг хугацааны сорви газарт үлдэж эхэлжээ. Галт уулын дэлбэрэлт, халуун лаав, аварга тивүүдийн мөргөлдөөн, нэгэн цагт далай байсныг гэрчлэх газрын хагарлууд. Энэ сорвийг геологийн шинжлэн ухаан тайлан унших билээ.
Грийнланд нь ойролцоогоор 500 орчим сая жилийн өмнө Европ ба Хойд Америкийн хооронд оршдог супер тивийн нэг хэсэг байв. Гэвч манай дэлхий үргэлжид хувьсан өөрчлөгдсөөр 60-65 сая жилийн өмнө супер тив задран, ан цав үүсэж, улмаар Хойд Атлантын далайг үүсгэжээ. Энэ үеэс Грийнланд Европоос салж, баруун тийш нүүсээр өнөөгийн цэгтээ иржээ. Цаг хугацааны хувьсал Грийнландыг өөрчилсөн ч хөрснийх нь үе давхрага бүрд үнэ цэнтэй нөөцийг бий болгожээ. Дэлхийн ирээдүйн хөгжил, их гүрнүүдийн уралдаан, геоэдийн засаг, геополитикийн шилжилтийг тодорхойлох газрын ховор элемент нь Грийнландын цас мөсөнд хучигдсан хэвээр чимээгүй оршин буй.
Гэтэл газрын ховор элемент дэлхийн эдийн засагт ид шуугиан дэгдээж байна.
Дани, Гренландын Геологийн албаны ахлах судлаач Томас Фин Кокфелт хэлэхдээ , Грийнландыг судлах нь 120, 130 жилийн өмнөөс л халуун сэдэв байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Грийнландын геологийн газрын зургийг зурах ажил эхэллээ. Судлаачид далайн эрэг дагуу 20 жил явж судалсны эцэст цас мөсөнд хучигдсан Грийнландын геологийн газрын зургийг нь зурах маш хүнд болохыг мэдэрчээ. Геологичид математик тооцоолол хийхдээ одоогийн хурдаараа дуусгахад 200 жил шаардлагатай гэсэн юм. Ингээд 2000-аад оны эхээр Грийнландын геологийн газрын зургийг гаргажээ. Энэ цаг үеэс хойш судалгааны ажлууд тасралтгүй хийгдсээр илүү нарийвчилсан масштабтай 55 газрын зургийг хийж дуусгаад байна. Эдийн засагт шуугиан дэгдээсэн газрын ховор элемент бол сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд ч онцгой ач холбогдолтой. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчинд шилжих уралдаан болж буй энэ цагт газрын ховор элемент нь “ховор” бас “үнэт” нөөцөд тооцогдоно. Эрдэмтдийн тооцоолсноор цэвэр эрчим хүчний технологийн хэрэгцээг хангахын тулд газрын ховор элементийн нөөцийн эрэлт 2040 он гэхэд дөрөв дахин нэмэгдэх боломжтой гэжээ. Энэ бол цэвэр эрчим хүчний салбарын тооцоолол.
Үүнээс гадна технологийн шинэчлэлийг тооцон үзвэл эрэлт үүнээс ч нэмэгдэнэ. Газрын ховор элементийн дийлэнхийг Хятад олборлож байгаа ч геополитик, тээвэр, хүртээмж, эдийн засаг өрсөлдөөн экспортыг хязгаарлаж эхэлсэн.
Дани улсын Олборгийн их сургуулийн Тогтвортой байдал, төлөвлөлтийн албаны дарга Энн Меррилд хэлэхдээ, Грийнландад газрын ховор элемент байгаа нь маш чухал ач холбогдолтой ч эдийн засгийн хувьд хэр ашигтай нь тодорхойгүй байна. Тиймээс хайгуул орж ирснээр нарийн тогтооно гэжээ.
Газрын ховор элементийн хайгуул нь уул уурхайн бусад олборлолтоос хамгийн хэцүү, эрсдэлтэй хэмээгдэнэ. Магадгүй 100 төслийн нэг нь л уурхай болох магадлалтай.
Хэрэв хайгуул хийгээд нөөц бий гэж тогтоогдвол олборлоход дор хаяж 10 орчим жил шаардагдана. Үүнд дэд бүтэц, зөвшөөрөл, мөн иргэдийнх нь хүсэл сонирхол ч хамгийн ихээр нөлөөлнө. Бас болоогүй газрын ховор элементийн боловсруулалт тун хүнд асуудал болдог. Газрын ховор элемент нь уран болон бусад эрдэстэй холилдсон байна. Ийм тогтоцтой газрын ховор элементийг уранаас салган боловсруулах гэдэг маш хэцүү, бараг л бүтэшгүй ажил гэж үздэг байна.
2021 онд Грийнланд улс олборлосон нөөц дэх ураны хэмжээг хязгаарласан хууль баталж, Өмнөд Грийнландын газрын ховор элементийн уурхайн бүтээн байгуулалтыг царцаасан байдаг. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен хэлэхдээ, газрын ховор элементийн олборлолт нутгийн оршин суугчдад хамаарна. Грийнландчууд олон улсын компаниудтай хамтран ажиллаж, алдаа гаргахгүйн тулд нь төслийн эхнээс нь дуустал бүтээн байгуулалтад оролцож, хяналт тавихыг хүсэж байна гэжээ.
Үгийн утга танил байна уу? Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэй хайрханд илэрсэн газрын ховор элементийг олборлох эсэх асуудал хөндөгдсөн үймээнтэй үед "нутгийн иргэд" гэх битүү үг унагаж байлаа.
Данийн Ерөнхий сайдын үг Грийнландыг АНУ тэргүүтэй их гүрнүүдээс хамгаалсан геополитикийн шинжтэй байж мэднэ. Харин манай Ерөнхий сайдын хувьд Халзан бүрэгтэй хайрханд илэрсэн газрын ховор элементээ Монголоосоо харамласан нь ямар утга илэрхийлж байна вэ?
ГРИЙНЛАНДЫГ ХУДАЛДАН САНАЛ АВАХ САНАЛУУД
· 1867 он. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард Грийнландыг Исландтай нэгтгэх санааг дэвшүүлэв .
· 1910 он. АНУ-аас Дан улсад суух элчин сайд Морис Фрэнсис Эганс Данийн засгийн газарт Голландын Антилийн арлууд болон Филиппиний Минданао арлыг Грийнландаар солих санал тавьжээ.
· 1946 он. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бирнс арлыг 100 сая доллароор худалдаж авах анхны саналыг тавьжээ. Энэ мөнгийг өнөөдрийн ханшаар тооцвол ойролцоогоор 1.5 тэрбум доллар юм.
· 2019 он. Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Грийнландыг худалдаж авах санал дэвшүүлжээ. Хариуд нь Данийн Ерөнхий сайд Метте АНУ-ын саналыг “утгагүй” хэмээн мэдэгдсэн юм.
Ихэнх газрын зураг дээр Грийнланд газар нутгийн хэмжээгээрээ Африк тив мэт асар том харагддаг. Энэ бол туйлын ойролцоох улс орнуудыг томруулж, хэмжээсийг нь хэтрүүлдэг Меркаторын газрын зураг дахь “проекцийн алдаа” юм.
Бодит байдал дээр Грийнланд нь ойролцоогоор 770,000 КМ2 бөгөөд Ардчилсан Конго улсын нутаг дэвсгэртэй ижил хэмжээтэй юм.










