



















Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 2028 он хүртэл Монголчууд биднийг 14 мега төслөөр гийгүүлэх зорилт тавьсан. Эхний 7 мега төслийг 2025 онд эхлүүлэхээс хамгийн түрүүнд 829.4 тэрбумын өртөг бүхий “Үндэсний хиймэл дагуулын төсөл” 1-рт эрэмбэлэгджээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм гэнэ. Үгүйсгэхгүй. Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал малчдын нэр барьж эрх ашгийн “зөрчил” нэвт ханхалсан өндөр өртөгтэй төслөө зүтгүүлж байгааг "өөхшүүлэх" нь дэндүү гэнэн тэнэг хэрэг болох биз. Энэ улсад нэн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудлууд хоолойд тэвхдэх загасны яс шиг амь тэмцүүлж байхад үндэсний аюулгүй байдлаар халхавчлан өр тавьж хиймэл дагуул хөөргөх чинь зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авахын эхлэл биш үү? Эхлэл гэснээс хардах эрх ээ нэг эдлэж үзье бүгдээрээ.
Франц улстай хамтран хэрэгжүүлэх Үндэсний хиймэл дагуулын төслийн өртөг дэндүү өндөр. Задалж үзвэл, ТЭЗҮ нь 212.9 сая евро. Үүнээс гадна хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро, зөвлөх үйлчилгээ 3 сая евро, даатгал 40 сая евро гэж байна. Мөн үүн нэмээд урсгал зардал. Ажиглалт хийнэ. Жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро. Ингээд нийт зардал 328 сая евро.
Бүтлээ, чадлаа, хөөргөлөө гэхэд цаашид урсгал зардал нь хэдээр ч нэмэгдээ билээ...
ӨНДРИЙН ОРБИТЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ (HEO)
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал технологиос тэс хөндлөн нөхөр юм. Өнөөдөр хэн ч интернэтээс хиймэл дагуулын технологийн бүрэн судлаад мэдэх боломж нээлттэй нь сайхан юм. Н.Учралын эг маггүй зүтгүүлж, чичрэх өндрийн хиймэл дагуул нь бүр сансар судлал, сарнаас цаашхыг ажиглаж, судлах хэмжээний өртөг "даанч" өндөр технологи. Давуу тал өргөн хүрээнд зураглаж, хяналт тавих боломжтой. Өндрийн орбитын хиймэл дагуул хөөргөх нь нам орбитын хиймэл дагуулж хөөргөхөөс 5 дахин өндөр зардалтай. Мөн дэлхийгээс 35,786 км. Өөрөөр хэлбэл ашиглалтын зардлаасаа эхлээд манайд дэндүү ахадна. Ядаж өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцэх нам орбитын хиймэл дагуул хөөргөнө гэсэн бол нүдээ аньж, чихээ бөглөөд, урдах замаа гөлрөөд, ус залгисан юм шиг дуугай өнгөрөх сөн. Гэвч өнөөдрийн хүүгүй зээл гэгдэх ч маргаашийн миний л татвар тойрог зам руу хөөрөх тул... Аймшигтай их тоотой энэ мөнгө хаашаа ч, хэний ч халаас руу ороо билээ.
НАМ ОРБИТЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ (LEO)
Манай улс харилцаа холбоо, интернэт сүлжээнд өөрийн хиймэл дагуултай байх хэрэгцээтэй. Энэ бол яалт байхгүй үндэсний аюулгүй байдал мөн. Гэвч үндэсний аюулгүй байдалд ч учир бий. Тухайлбал, манай орны алслагдсан бүс нутгуудыг үүрэн холбооны сүлжээ, интернетэд холбоход нам орбитын хиймэл дагуулыг хөөргөх нь эдийн засгийн хувьд ч технологийн хувьд ч өндөр ач холбогдолтой. Нам орбитын хиймэл дагуул нь шинэ үеийн технологи. Үүрэн холбооны сүлжээ нэвтрээгүй алслагдсан бүс нутгуудыг интернэт сүлжээнд төвөг, зардал багатайгаар холбодог гэсэн үг. Бүүр эрчим хүчинд ч хэмнэлттэй. Ерөнхийдөө интернэт сүлжээний холболтод дэлхий нийтээрээ нам орбитын хиймэл дагуулыг ашиглаж өндрийн орбитын хиймэл дагуулаа буулгаж эхэлжээ. Бид зөрүүлээд өндрийг хөөргөх гээд өр тавин барин улайрч байх. Язгуурын зөрүүд монгол зан уу?
Яг одоо тойрог замд нам орбитын 1500 гаруй хиймэл дагуулыг дэлхийн улс орнууд хөөргөөд байна.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Ази, Номхон далайн улс орнуудын алслагдсан бүс нутгийн иргэдийг интернэтэд холбох судалгааг Азийн хөгжлийн банкнаас хийжээ. Ингэхдээ нам орбитын хиймэл дагуулуудыг, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудад тохирно гэж үзсэн байдаг. Ази, Номхон далайн бүс нутгийн хүн амын 55 хувь буюу бараг 2.4 тэрбум хүн интернэт сүлжээнд холбогдоогүй. Харин 3 тэрбум гаруй хүн өндөр хүчин чадалтай шилэн кабелийн дэд бүтцээс 10 гаруй километрийн зайд амьдарч байгаа нь нам орбитын хиймэл дагуулаар бүрэн шийдэгдэх боломжтой. Яахав сул тал нь арай бага газар нутгийн хамрах хяналттай юм байна. Гэхдээ манай ядруухан эдийн засагт бол нам орбит нь ээлтэй.
2021 оны 4-р сарын 27-ны байдлаар “SpaceX”-ийн бүтээж буй “Starlink” нам орбитын 1,445 хиймэл дагуул, “OneWeb” компани нам орбитын 182 хиймэл дагуулыг тойрог замд байрлуулж Хойд Америк, Европ, Шинэ Зеландад үйлчилгээгээ туршиж байна. Яг одоо энэ төрлийн үйлчилгээг хямд, өртөг багатайгаар үзүүлэхээр азийн технологийн компаниуд ч орж байна. Өөрөөр хэлбэл, нам орбитын хиймэл дагуул дээр аль улсын хувийн компаниуд орж ирээд үйлчилгээ үзүүлэх боломжтой ийм л энгийн хялбар технологи. Хиймэл дагуул хөөргөх өртөг буурсаар ч байгаа. Азийн хөгжлийн банк ч мөн улс орнуудыг энэ асуудал дээр нь дэмжсээр байгаа.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ УУ?
Нам орбитын хиймэл дагуулууд дэлхийн гадаргаас дээш 2000 км доторх тойрог замд эргэлддэг учраас өдөрт хэд хэдэн удаа дэлхийг тойрох боломжтой. Үр дүн нь мэдээж дэлхийн хаана ч сүлжээ, бас өндөр хурдны интернэт, байгалийн гамшиг, дайн дажнаас үүсэх “холбооны” тасалдалгүй болох. Тухайлбал, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, дайн дажин гээд аливаа болзошгүй аюулын үед харилцаа холбоог сэргээх, хариу арга хэмжээг яаралтай авахад дэмжлэг үзүүлэх “гол түлхүүр” мөнөөс мөн. Харин бид ҮАБЗ-ийн бодлогоор ОХУ, БНХАУ-тай хиймэл дагуул дээр хамтран ажиллах төвөгтэй. Мөн Америкийн хиймэл дагуулыг ашиглахад сансарт байрлаж байгаа зурвасыг хоёр хөршөөсөө зөвшөөрөл авах юм байна. Тэгэхээр геополитикийн талаасаа хамтарч болох улс Франц байж болно. Гэхдээ Монголдоо ашигтайг нь бодолцох ёстой биз? Тэртээ тэргүй та ч төлөлцөхөөс хойш...
ХИЙМЭЛ ДАГУУЛ ЯГ ТУЛГАМДСАН АСУУДАЛ МӨН ҮҮ?
Яг асуудлаа эрэмблэх юм бол, хиймэл дагуул нэн тэргүүний асуудал биш ээ гэж хажуу хашааны “хар банхар ч хуцна”. Монголчууд тэртээ тэргүй аж үйлдвэрийн 4-р хувьсгалаас зуун жилээр хоцорсон. Одоо адгаад ч яахав.
Ахуйгаасаа” ангижирсан улсууд, цаашдын хөгжлөө тодорхойлж, сансар судлал, сансрын станц, сарны дээж, хиймэл дагуул, харь гараг, хар нүх, гараг ертөнц, галактик хоорондын зайг хэмжихээр өндрийн орбитын хиймэл дагуулж хөөргөж, шинжлэх ухаанаар шинэ ертөнцийн үүдийг нээж байна.
Манайх бол нүүр тахлах нийслэл нь ч модон жорлон, хагархай замтай, утаа униар, түгжрэлээсээ салаагүй, сургууль, цэцэрлэг эмнэлэг хомстолтой, 3 хүний 1 нь нэн ядуу, байж асуудлуудаа “шууд алгасаж” өндрийн хиймэл дагуул хөөргөнө гэхээр зээл өгч тусалж дэмжих Францаасаа ч ичиж байна. Яахав Франц өндрийн орбит манайд тавьж өгч, өндрөөс харж Орос Хятадыг хянах тооцоо давхар тооцоо бодсон ч юм бил үү?... Хэн мэдлээ. Үндэсний бахарал Чингис хаанаа өндрөөс нисгэчих вий дээ. Тэгээд ч шинжлэх ухаанд биш шидэд итгэдэг, дэлхий сөнөнө гэж лаа базааж, лагерь гарсан “хэнээтэн” хиймэл дагуулаар хөөцөлдөхөөр чинь ерөөсөө итгэл төрөхгүй юм. Ер нь ахуйн зовлонгоо шийдэж чадаагүй эрх баригчдад өндрийн орбитын хиймэл дагуул гэдэг дэндүү ахдах “мегагийн цаадах мега” төсөл. Хаа холын сансрын төсөл бүү хэл төрж өссөн газар нутагтаа төмөр зам, авто зам, боомтууд, цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, ураны төсөл, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, гадаргын усаа говь руу татах төслийг хэрэгжүүлж чадаагүй. Та нарт энэ төслүүд хангалттай “томдсон”. Хэдэн засгийн нүүр үзээд ч барсангүй... Ингэхэд ер нь хиймэл дагуулын төслөөр эхлэх энэ 14 мега чинь ер нь 2028 онд биднийг сонсголоор уяад сууж байх юм биш биз...?










