



















Монголчуудын хувьд 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр бол “Үндэсний баялагийн сан”-ийн хууль батлагдсан түүхэн өдөр. Юун их дүйчин өдрийг тэмдэглэх энэ л өдрийг Монголчууд цаашид тэмдэглэх ёстой. Мөрөөдвөл бид 20 жилийн дараа Норвегичууд шиг баян болохыг үгүйсгэх аргагүй. Норвегийн “Бид ирээдүй хойч үеийнхээ санхүүгийн баялагийг хамгаалах, бүтээхийн төлөө ажилладаг” гэх уриатай “NBIM” буюу “Норвегийн Хөрөнгө Оруулалт Удирдлагын Банк” нийт 20.2 их наяд норвеги крон (1.8 их наяд ам.доллар) буюу монгол төгрөгөөр 6 их маш дэлгэмэл 213 их наяд төгрөгийн хөрөнгөтэй ажээ. (Ер нь та их маш дэлгэмэл гэж тоог сонсож байсан уу? 1-ийн араас 14-н тэгийн тоог бичнэ гэсэн үг)
Монголчууд бидний “Чингис Хаан” Үндэсний баялагийн санд 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар “Ирээдүйн өв санд” 3.9 ихнаяд төгрөг, “Хуримтлалын санд” 49.1 тэрбум төгрөг, “Хөгжлийн санд” 240 тэрбум төгрөгтэй байгаа ажээ. Энэ долоо хоногт Монголын бүхий л сувгуудаар цацагдах “Баялагийн сан” нэвтрүүлгийг үзээгүй бол таныг үзэхийг зөвлөж байна. Ерөнхийдөө бол “Чингис хаан” Үндэсний Баялагийн Сангийн тухай нэвтрүүлэг. Нэвтрүүлгийг үзээд та өөрийнхөөрөө хүлээн авна биз. Хэнийг “Пи Ар”-дсан энэ тэр гэсэн санаа нь нээх ач холбогдолтой биш. Та бидний ирээдүйд илүү ач холбогдолтой агуулгыг нь илүүтэй сонирхож үзээрэй. Нэвтрүүлгийн агуулгаас Монгол хүн бүрт хамаатай хөндсөн сэдэв бол өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан “Үндэсний Баялагийн Сан”-ийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадаж байна. Уг нэвтрүүлгийг үзсэн хүн бүр “И-Монголиа”- руугаа хандаж өөрийн профайл хуудаснаасаа “Чингис Хаан” Үндэсний баялагийн сангийн цэс рүүгээ орж шалгасан байх. Зөв байна, сайхан байна. Тодорхой байна бас ойлгомжтой байна. Таны болон хүүхдүүдийн тань нэр дээр 138’993 төгрөг дурайж байгаа биз?
Үүнийх нь төлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, тухайн үед УИХ-ын дарга байсан Г.Занданшатар нар болон 2020-2024 онуудад УИХ-ын гишүүн байсан хүмүүст талархлаа илэрхийлэх ёстой. 1992 оноос хойш 2020 оныг хүртэл нийт 6 удаагийн УИХ-ын сонгууль болсон ч “Үндэсний Баялагын Сан”-ийн тухай хуулийг баталж чадаагүй юм. Харин 7 дахь буюу 2020-2024 онд УИХ-д сууж байсан гишүүд Монголын ард түмэнд нэн хэрэгтэй, цаашдаа улс орон ирээдүй үр хойчид маань нэн шаардлагтай хуулийг баталж чадсан.
Магадгүй өмнөх 6 удаагийн УИХ-ын гишүүд мэдлэг, чадвар, технологийн хувьд боломжгүй байсан биз гэж ойлгож үзмээр авч Норвегичууд 1990 онд “Норвегийн Хөрөнгө Оруулалт Удирдлагын Банк”-аа байгуулсан байдаг. Уг банк нь өнөөдөр бидний тоог нь хэлж мэдэхгүй 6 их маш дэлгэмэл 213 ихнаяд төгрөгийн хөрөнгийг эргүүлж байна. Сүүлийн 20 жил Норвеги Улсаас туршлага судлана гэж хичнээн УИХ-ын гишүүд зардал сүйтгэл гаргаж тус улс руу явсныг тооцвол олон оронтой тоо гарах байх. Гэхдээ л энэ хуулийг баталж чадаагүйг түүх гэрчилнэ.
Сүүлийн үед ихээхэн яригдаад байгаа “Алдагдсан боломжийн өртөг”-ийг сан байгуулаагүй хугацааг оруулж тооцвол мөн л олон оронтой тоо гарах биз ээ. Одоо өнгөрсөнд харамсаж, халаглаж суухаар цаашдаа яах вэ? байгуулсан сангаа яаж “Нийгмийн Даатгалын Сан” шиг тонуулахгүй эсвэл “Хөгжлийн Банк” шиг дампууруулахгүй байх вэ! гэсэн асуулт гарч ирнэ. Хуулиндаа Монголбанкинд 2030 оныг хүртэл тухайн сангийн хөрөнгийг хөдөлгөөнгүй байршуулна гэж заасан ч, Монголбанкны Ерөнхийлөгч нарт итгэх итгэл бидэнд байна уу?
“Чингис Хаан” Үндэсний Баялагийн Сангаа цөлмүүлчихгүй яаж авч явах вэ гэдэг асуулт хариултгүй тэнүүчилж яваа. Хариуг нь нэн яаралтай олох нь чухал. Сүүлийн 30 жилд Монголчууд хаана ямар хөрөнгө, мөнгө байна цөлмөчихдөг болсон. Тиймээс “Баялагийн Сан” нэвтрүүлэгт оролцсон бүх л оролцогч нар нэг л зүйл дээр 100 хувь ижил байр суурьтай байна. Тэр нь гадаадын санхүүчдээр сангаа удирдуулах ёстой гэсэн байр суурь байлаа. Уг байр суурь бол маш боломжийн гаргалгаа. Ямар ч Монгол хүн гарсан бид түүнийг өөрсдийн хулгай, луйврын намаг руу чирчихдэгийг УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, УИХ гишүүн С.Ганбаатар нар хүлээн зөвшөөрсөн.
Бидэнд гадаадын санхүүчдийг урьж авчирч удирдуулаад ихээхэн амжилт олсон жишээ байна уу гэвэл байна. АНУ-ын иргэн Петер Морроу гэх эрхэм дампуурах дээрээ тулаад байсан “Хөдөө Аж Ахуйн Банк”-ыг удирдаж өнөөдрийн “Хаан” банк болгосон сайн жишээ бий.
Өнөөдртөө “Чингис Хаан” Үндэсний Баялагийн Сангийн менежментийг хийж чадах нэг ч Монгол хүн байхгүй. Монголчуудын ёс суртахуун, мэдлэг чадвар хүрэхгүй. Энэ бол баталгаатай үнэн.
Анх “Хөгжлийн Банк”-ыг байгуулаад Солонгосуудаар удирдуулж байсан боловч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын нөхөд хөөж явуулаад өөрсдийнхөө хүнийг тавьсан нь “Хөгжлийн Банк”-ыг дампууруулах суурь нөхцөл болсон. Үе үеийн удирдлагууд нь торны цаана суусан, өнөөдөр ч сууж л байна. Бид ингэж л удирддаг.
“Чингис Хаан” Үндэсний Баялагийн Санг гадны хүнээр удирдуулна гэж авчирчихаад хэн нэг Ерөнхий сайд гарч ирээд хөөгөөд явуулахгүй гэдэг баталгааг нь хуулинд суулгаж өгөх шаардлага ч гарах биз.
“Үндэсний Баялагийн Сан”-гийн хууль батлагдаж “Чингис Хаан” Үндэсний Баялагийн Сан байгуулагдсанаар бидэнд жаргалтай зовлон бий болж байна.
Эхнийх нь сангаа хэнээр удирдуулах вэ? байсан бол дараагийнх нь сангийн хөрөнгийг өсгөх ёстой төрийн өмчит компаниудын удирдлагууд ажлаа сайн хийж чадаж байгааг яаж хянах вэ? Бас хэнээр удирдуулах вэ? гэх мэт асуулт тулгараад байна.
“Баян хүний зовлон багададгүй” гэж үг бий. Ийм зовлон бидэнд тохиох нь тодорхой.
“Чингис Хаан” Үндэсний Баялагийн санг аривжуулах компаниудын удирдлагын багийг ёс зүйтэй, ажлаа мэддэг, хэн нэгний дарамт шахалтад өртөхгүй байж чадах, менежементийн өндөр ур чадвартай хүнийг тавина гэдэг энгийнээр хэлбэл Монголчуудын толгойны өвчин болох юм. Нөгөө өвсөн дундаас зүү хайх мэт л зовлон болно.
Яг одоо та “И Монголиа”-гаар орж компаниудын ногдол ашигийн үзүүлэлтийг хараарай. “Хөтөл Цемент Шохой” ХК-аас орж ирэх нодол ашиг ТЭГ. “Хөтөл Цемент Шохой” ХК өнгөрсөн 2024 онд 3.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж “Баялагийн Сан” нэвтрүүлэгт дурьдаж байна. Энэ бол муу менежменттэй байна гэсэн үг. Тэгэхээр компанийн удирдлагуудыг нэн яаралтай солих болжээ.
Түүнчлэн “Оюутолгой” ХХК-аас 2030 он гартал ногдол ашиг “Чингис Хаан” Үндэсний Баялагийн Санд хуримтлагдахгүй юм байна. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарын хийсэн гэрээ болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нараас болж жилд 2.4 тэрбум ам.долларын борлуулалт хийж байгаа компаниас 34 хувьдаа ногдох ногдол ашиг авахгүй гэхээр үнэхээр харамсалтай.
Ингээд та бидэнд томоохон төрийн өмчит компанийн үйл ажиллагааг хянах боломж бүрдсэн ч хэнээр удирдуулах вэ? гэдэг асуудлыг шийдэх нэн бэрх асуудалтай тулгарч байна. Аль нэг намын шахааны хүнийг авчраад дампууруулдаг жишээг холоос хайх хэрэггүй нөгөө “Төөрсөөр төрөлдөө” кинон дээр Гөлөгөө яалаа санаж байгаа биз гэдэг шиг “Оюутолгой”-н гэрээг яалаа, “Хөгжлийн Банк”-ыг яалаа гээд ахин нэг сануулчихмаар байна.
Цаашдаа Төрийн мэдэлд байгаа бүх компаниудыг дан ганц уул уурхайн салбарын компаниуд гэж явцууралгүйгээр “Чингис Хаан” Үндэсний Баялагийн Сан-д нэмж листлэж ногдол ашгаар хөрөнгийг нь нэмэгдүүлэх ёстой. Явцын дунд төрд байх шаардлагагүй төрийн өмчит компаниудыг зарж сангийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж ч байна. Хамгийн энгийн жишээ гэхэд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “Монгол Шуудан” ХК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК . . . гэх мэт төрийн өмч тодорхой хувьд нь байдаг олон компаниудыг нэг тийш нь цэгцлэх шаардлага тулгарна. Үүний дараа өндөр ашигтай, үйл ажиллагаа сайтай компаниудаа төр мэдэлдээ авч үлдээд ногдол ашгаар нь “Чингис Хаан” Үндэсний Баялагийн Сангийнхаа хөрөнгийг цузаатгаж, аривжуулж болох юм.
Цаашдаа салбарын сайд хэн болох нь бидэнд хамаатай гэхээсээ төрийн өмчит компаниудын удирдлагад хэн сууж байна, хэн ТУЗ-д байгаа вэ гэдэг илүү сонирхолтой байх болно.
Энэ бол маш эрүүл санхүүгийн бүтэц байх юм. Монголчуудыг сайн сайхан ирээдүй хүлээж буй биз ээ.










