



















Хорин нэгэн жил яригдаж, гурван ч хотын мээрийн нүүр үзсэн нийслэлийн бонд бодитоор амилж, дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөг босгов. Метрополис хотын иргэд байна даа. Сарвайтал “торгуулсан” мөнгөөрөө саарал хотынхоо өнгө үзэмжид хувь нэмрээ оруулж байна гээд уужирч суухаас. Эцэст нь татвар төлөгч та бидний халааснаас л төлөгдөх “өрийн бичиг” юм хойно.
Нийслэлийн бонд “нэгхэн” цагийн дотор арилжаалагдав. Нэгжийн үнэ зуун мянган төгрөг. Нэгж бондод ногдох хүү 12%-14% эргэн төлөлтийн хугацаанаасаа хамаарна. Ингээд бэлэн болсон нийслэлийн нэмэлт төсөв 500 тэрбум төгрөг “Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл”, “Бохир усны Туул-1” гол цуглуулагч шугамын төсөл болон авто замын засварт зарцуулахаар боллоо. Боллоо ч гэж дээ зарцуулалт нь их “бүдүүн тойм”.
300 ТЭРБУМ- БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ
Анх удаа дотоодын хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станцтай болоод монголчуудын магнай тэнийж буй. Бөөрөлжүүт 600 МВт цахилгаан станцынхаа эхний 150 МВт-ыг төвийн эрчим хүчний системд 11-р сард нийлүүлэхээр бид гал алдалгүй өвөлжих юм. Тиймээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-н хүчин чадалтай станцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулахын тулд бондоор татан төвлөрүүлэх санхүүжилтийнхээ 60% буюу ₮300 тэрбумыг зарцуулна.
150 ТЭРБУМ-УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД
Улаанбаатар хот 1,450 км хатуу хучилттай авто замтай. Нийслэлийн хэмжээнд 87 байршилд зам засварын ажил төлөвлөгдсөн. Х.Нямбаатараар овоглогдсон ажил ирэх 11 дүгээр сарын 15-нд дуусах төлөвтэй байгаа. Хотын дарга Х.Нямбаатар ч зам засварынх нь улмаас өдөржин зам дээр тагларч, бөглөрч бачимдсан иргэдтэйгээ “уурлаж нэг”, “үнэрхэж нэг”, “ялархаж нэг” “гомдож нэг”, “хэрэлдэж нэг” хэлэлцэж хариу барьж үзэлцсээр яваа. Даанч зам засварын ажлын явц удаан, "зуун задгай жаран хагархай". Хучсан зам нь ч масло, хийсэн борьдюр нь хааш яайш. Ажил хийгээд ч байгаа юм шиг ажлаа алаад ч байгаа юм шиг. Парадокс...
50 ТЭРБУМ БОХИР УСНЫ ТУУЛ-1 ГОЛ ЦУГЛУУЛАГЧ ШУГАМЫН ТӨСӨЛД
Урт настай удаан жаргалтай төв цэвэрлэхийн ажлыг цэгцэлж ашиглалтад оруулах гэнэ. Цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурах тооцоо ч бий. Нэмээд Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэнэ гэж үзээд буй.
500 тэрбумын бондын задаргаа “ердөө” л энэ. Хагас их наядыг үүрэлцэх нийслэлчүүд зарцуулалтын шилэн тайланг нэхэж байна. Өөрөөр хэлбэл 200 тэрбумын санхүүгийн тайлангаа ил болгох ёстой. Хэд нь бордьюрт, хэд нь хучилтад, хэчнээн нь ажлын гүйцэтгэлд хэний компанид ямар шалгуураар, аль данс руу оров? 200 тэрбумын санхүүгийн тайлан өнөөдөр таг чиг. Нийслэлийн хэвлэл ч энэ талаар мэдээлэл алга. Бүдүүн тоймын өнөөх гурван чиглэл руу орох мөнгөний талаар л хэлж өгөв.
НИЙСЛЭЛИЙН БОНДЫГ ХЭН АВАВ?...
Үүнээс гадна бас нэг сэдэв анхаарал зүй ёсоор татаж байна. Тодруулбал нийслэлийн бонд сайн яривал нэг цагаас ч богино хугацаанд нүд ирмэхийн зуурт л дуусав. Бонд авах сонирхолтой байгууллага мэдээж үнэт цаасны компанидаа урьдчилсан захиалга өгнө. Гэхдээ цөөн “хэдхэн” захиалагч л дор нүдэн дээр хувааж авсан нь үнэн. Эд бол арилжааны банкнууд...Шахалтад оров уу? Ашигтай гэж үзэв үү? ... Үргэлжлэл бий...










