




















Сайн байцгаана уу?
Энэ бол НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсад айлчилж буй сүүлийн 26 жилийн хугацаан дахь анхны айлчлал юм. Энэ хугацаанд Монгол Улс болон түүнийг хүрээлсэн геополитикийн орчин асар их өөрчлөгдсөн байна.
Монгол Улс гайхамшигт түүхтэй бөгөөд далайд гарцгүй газарзүйн байршлаасаа үүдэлтэй өвөрмөц сорилт, боломжуудтай улс юм. Монголчууд эдгээрийг чадварлаг даван туулж, ардчиллын бат бөх уламжлалыг бий болгож, бүс нутгийн яриа хэлэлцээ, дипломат ажиллагааны чухал төв болж чаджээ. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарлагдсан, мөн цаазаар авах ялыг халсан нь бусад орнуудад үлгэр жишээ болж байна.
Өчигдөр орой Гандантэгчлэн хийдэд зочлох үеэрээ би Монголын түүхэнд буддын шашинтнууд ямар хавчлагатай тулгарч байсан тухай сонсож, тэр бүхнийг даван өнөөдрийг хүрсэн энэрэнгүй үзэл, нигүүлслийн хүчийг мэдэрлээ. Энэрэл ба мэргэн ухааны тухай ойлголтууд нь хүний эрхийн үнэт зүйлстэй нийцдэг бөгөөд Монгол Улс ирээдүйн сорилтуудыг даван туулах замд чиглүүлэгч болж чадна.
Миний удирдаж буй байгууллага болон Монгол дахь НҮБ-ын систем нь Засгийн газар, иргэний нийгэм, Хүний Эрхийн Үндэсний комисс Монголтой олон жилийн турш бизнес ба хүний эрх, дижитал орчинд дасан зохицох зэрэг хүний эрхийн чухал асуудлуудаар хамтран ажиллаж ирсэн.
Монголын Засгийн газар энэхүү хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаад би гүнээ урамшиж байна. Өчигдөр бид Гадаад хэргийн сайдтай хамтран хамтын ажиллагааны замын зураг болон зорилгын тунхагт гарын үсэг зурсан.
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн байгууллага болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцоонд хандсан энэхүү нээлттэй, хамтын ажиллагаанд суурилсан хандлагаараа хүний эрх нь олон талт, төвөгтэй асуудлуудын шийдэл болж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа харуулж байна.
Өнөөдөр дэлхийн зарим хүчирхэг тоглогчид хүний эрхийг ил тод үгүйсгэж, бүр гутаан доромжилж буй энэ үед, тэр дундаа хил дамнасан хавчлага шахалт үзүүлж буй нөхцөлд Монгол Улсын эерэг байр суурь онцгой харагдаж байна. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн тогтолцоог бодит үр дүнд хүргэхэд хэрхэн ашиглаж болохыг харуулсан.
Бид Монголын Засгийн газартай хамтран тохиролцсон замын зурагтаа Нэгдсэн Үндэстний Байгууллагыг Улаанбаатар хотод байгуулах чиглэлээр хамтран ажиллах алхмуудыг тусгасан. Өнөөдөр Ерөнхий сайд, сайд нар болон УИХ-ын даргаас энэхүү санаачилгыг хүчтэй дэмжиж буйгаа сонссондоо баяртай байна. Бид Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх боломж, тогтвортой байдлыг хангах нэмэлт нөөцийн асуудлыг судалж, олон улсын бусад түншүүдээс дэмжлэг татах чиглэлээр ажиллах юм.
Монгол Улс хууль эрх зүйн хүрээндээ хүний эрхийн хүчтэй тогтолцоотой, үлгэр жишээ Үндэсний хүний эрхийн комисстой, идэвхтэй иргэний нийгэмтэй улс юм.
Мөн бүс нутагтаа анх удаа хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тухай хууль баталсан.
Иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзах үеэр хүний эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр олон хууль, бодлого батлагдсаныг үнэлж байгаа ч хэрэгжилт, хяналт хангалтгүй байгаад тодорхой хэмжээнд бухимдалтай байгааг сонслоо.
Нэгэн хүний эрхийн хамгаалагч надад “Ардчилсан орон зайг өөрөө аяндаа оршин тогтнодог зүйл мэтээр үзэж болохгүй бүс нутагт бид амьдарч байна” гэж хэлсэн. Үнэхээр ч энэ орон зайг институцийн хяналт-тэнцлийг бэхжүүлэх замаар идэвхтэй хамгаалах шаардлагатай.
Хүний эрхийн ажил бол хэзээ ч бүрэн дуусдаггүй үйл явц юм.
Шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс зэрэг нийгмийн гэрээний суурь болсон институцүүдэд иргэдийн итгэлийг хадгалах нь чухал.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.
Монгол Улс залуу, дэлхий рүү чиглэсэн хүн амтай бөгөөд дэлхийн бусад орны Z үеийнхэнтэй адил ирээдүй, эх дэлхийн төлөө санаа зовниж байна. Засгийн газрууд богино хугацааны улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос илүү урт хугацааны, үе хоорондын нөлөөллийг бодолцож ажиллах нь чухал.
Ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн хурдацтай хөгжлийг хүний эрхийн нөлөөллийн үнэлгээтэй хамтатгах шаардлагатай. Үүнийг өргөн хүрээний оролцогч талуудтай, тэр дундаа томоохон төслүүдэд хамгийн их өртөх магадлалтай нүүдэлчин малчдын оролцоотой хийх ёстой.
Монголын Засгийн газар эдийн засгийн бодлого болон төсвийн үйл явцад хүний эрхийн шинжилгээ ашиглах сонирхолтой байгааг сонсоод би урамшсан. Бид үүнийг “Хүний эрхэд суурилсан эдийн засгийн хандлага” гэж нэрлэдэг. Энэ нь төсөв, санхүүгийн бодлого хүний эрхийн бүхий л хүрээ — эдийн засаг, нийгэм, соёл, иргэний, улс төрийн, байгаль орчны эрх болон хөгжих эрх — дээр тулгуурлах боломж олгоно. Мөн нөөцийн хуваарилалт нь тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх бус, харин шүүх, Үндэсний хүний эрхийн комисс зэрэг хүний эрхийг хамгаалдаг институцүүдийг бэхжүүлэхэд чиглэхэд тусална.
Уур амьсгалын өөрчлөлт нь Монголын тогтвортой хөгжилд заналхийлж буй гол хүчин зүйлсийн нэг юм. Зуд, ган, үер, хүчтэй салхи, шороон шуурга зэрэг уур амьсгалтай холбоотой гамшгийн давтамж, хүч нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь олон төрлийн хүний эрхэд ноцтой нөлөөлж болзошгүй. Монгол Улс энэ оны 8 дугаар сард болох "COP 17" даргалах нь эдгээр асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчирч, бодит арга хэмжээ шаардах боломж юм.
Бизнес ба хүний эрхийн чиглэлээр Монгол Улс 2023 онд Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан нь чухал алхам болсон. Томоохон төслүүдэд оролцож буй компаниудыг шүүмжилдэг хүний эрхийн хамгаалагчид, тэр дундаа байгаль орчны хамгаалагчдыг хамгаалах нь нэн чухал.
Нэгэн иргэний нийгмийн төлөөлөгч “Авлига бол Монгол Улсын хөгжлийн хамгийн том гацаа” гэж хэлсэн. Иргэдийн итгэлийг олж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн тулд авлигатай тэмцэх арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлагатай нь тодорхой байна.
Мөн олон уулзалтын үеэр дижитал технологи, сошиал медиагийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, ялангуяа залуучууд болон улс төрийн соёлд үзүүлж буй нөлөөллийн талаар санаа зовниж байгааг сонслоо. Энэ бол дэлхий даяарх нийтлэг сорилт юм. Монгол Улс худал мэдээлэлтэй тэмцэх онлайн аюулгүй байдлын тухай хуулиудыг хэлэлцэж буй энэ үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хамгаалалтын хоорондын тэнцвэрийг хангахад хүний эрхийн зарчим чухал чиглэл болж чадна. Энэ тал дээр манай байгууллага дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Жендэрийн тэгш байдлын чиглэлээр ч чухал ахиц гарсан. 2024 оны сонгуулиар эмэгтэй парламентын гишүүдийн тоо нийт суудлын 25.4 хувьд хүрсэн бөгөөд 2028 оны сонгуулиар үүнээс ч өндөр зорилт тавьсан байна. Хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэл, мөн хүүхэд хамгааллын асуудал, ялангуяа цахим орчин дахь хамгаалал нь тэргүүлэх чиглэл хэвээр байна.
Засгийн газар мөн хөдөө орон нутагт хоцрогдож буй эрчүүдийн хүний хөгжлийн ялгааг бууруулах санаачилгууд хэрэгжүүлж эхэлжээ. ЛГБТИК+ хүмүүсийн эрх дэлхийн олон оронд ухарч буй энэ үед Монгол Улс тэдэнд нээлттэй орчин байсаар ирсэн. Энэ хамт олныг үзэн ядах үг хэллэг, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах нь чухал.
Энэ улсын анд нөхрийн хувьд би Монгол Улсыг бүс нутагтаа төдийгүй дэлхийд хүний эрхийг хууль, бодлогодоо баталгаажуулж, түүний хэрэгжилтийг бодитоор хангадаг манлайлагч улс хэвээр байхыг уриалж байна. Миний удирдаж буй байгууллага Монголын ард түмнийг энэ замд үргэлжлүүлэн дэмжих, зөвлөх, хамтран ажиллахад бэлэн байна.








