




















2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Нам (МАН) олонх болж, парламентын 126 суудлын 68-ыг нь авснаар өөр ямар ч нам, эвслийн оролцоогүйгээр дангаар засаглах эрхтэй болсон. Энэ нь улс төрийн тогтвортой байдлыг хүссэн олны хүлээлтийг нэмэгдүүлж, “нэг намын хариуцлага, нэг бодлого, тогтвортой засаглал”хэрэгжинэ гэсэн найдлага байлаа.
Гэвч МАН “олонх болсон ч том төслүүдийг урдаа барин хамтарсан засаг” байгуулсан. Энэ нь МАН-ын анхан болон дунд шатанд хурцадмал байдал үүсгэж “ та нарыг олонх болгож өглөө, гэтэл хамтарсан засаг нэртэйгээр бидний ажлыг бусдад өгч, ажилтай, орлоготой байх гэсэн бидний боломжийг бусдад булаалгалаа” гэсэн хандлага газар авсаар эцэстээ 5 жил ерөнхий сайд хийсэн Л. Оюун-Эрдэнийг оосорлож унагав. Үүний дараа МАН бага хурлаараа Г.Занданшатар гэх эрхмийг Ерөнхий сайд болгохоор шийдвэрлэсэн.
Энэ нь МАН “ Засаглаж чадахгүй”-н шахаанд өөрийгөө оруулж, төрийн ажлыг гацаасан, дотоод хуваагдалтай, эв нэгдэлгүй дүр төрхөө ил гаргасан үйл явдлын дөнгөж эхлэл. Улмаар “олдвол өлдөхийн үлгэр” гэх зүйр үг улс төрийн бодит үнэн болон илэрч байна.
Үлгэр ингэж эхлэв…
Ерөнхий сайдтай ч Засгийн газаргүй хоногууд
Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсон ч, Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрсийг УИХ-д танилцуулах асуудал нэлээд хэд хоногийн турш гацаанд орсон нь анхаарал татна.
“Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойш 5 хоногийн турш Засгийн газрын бүтцээ УИХ-д оруулж чадсангүй. Яамдын тоо, чиг үүргийг тохирохдоо нам дотроо санал зөрөлдөөнд орж, шийдвэр гаргалт удааширч байна.” ikon.mn
Энэ бол үнэмлэхүй олонх болсон намын хувьд ухралт бөгөөд, улс төр судлалын хэллэгээр “олонхын сул дорой засаглал”-ын нэг жишээ юм. Өөрөөр хэлбэл, олонх байгаа ч бодитоор удирдах чадамжгүй, институтийн удирдлага нь фракцын тохирооноос хэт шалтгаалсан нөхцөл байдал.
Үлгэр ингэж үргэлжлэв…
Ардчилал уу, хуваагдал уу?
МАН-ын дотоод эв нэгдлийг харуулсан бас нэг үзэгдэл бол УИХ дахь МАН-ын бүлгийн даргад хоёр хүн буюу ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, экс сайд Л.Энх-Амгалан нар өрсөлдсөн явдал. Энэ өрсөлдөөн нь гаднаасаа “дотоод ардчилал” мэт харагдаж болох ч үнэндээ бүлгийн дотоод хуваагдал, фракцын тэмцлийн илрэл гэж ойлгож болно.
“УИХ дахь МАН-ын бүлгийн даргын сунгаанд хоёр хүн өрсөлдөж байна. Хэдийгээр энэ нь дотоод ардчилалтай мэт харагдаж байгаа ч үнэндээ бүлгийн дэмжлэг хуваагдсаны илрэл юм.” news.mn
Улс төр судлалаар бол фракц нь нам дотор ардчиллыг төлөвшүүлэх боломжтой ч, хяналтгүй болбол бодлогын гажуудал, шийдвэрийн гацалт үүсгэдэг. Үүнийг “фракцын парадокс” гэж нэрлэдэг бөгөөд одоогийн МАН-д энэ шинж тод ажиглагдаж байна.
Үлгэрийн өрнөл…
Шинэ гишүүд буюу “шинэ урсгал
2024 оны сонгуулиар анх удаа сонгогдсон зарим залуу гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орох санал авсан ч фракцын тохироо давамгайлсан учир нэр дэвшихээс татгалзаж, нээлттэй байр суурь илэрхийлсэн. Тэд “мэргэжлийн зарчим, ил тод байдал, хүйсийн тэнцвэр, шинэчлэл”-ийг шаардаж, хуучин тогтолцоог үл зөвшөөрөх үгийг ил тод хэлцгээв.
“Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах санал авсан ч фракцын тохироо давамгайлж байгаа нөхцөлд татгалзсан залуу гишүүд гарч байна. Энэ бол шинэ үеийнхний шударга шаардлага юм.” Time.mn
Эндээс улс төрийн нам доторх дотоод ардчилал гэхээсээ шинэ үе ба хуучин үе хоорондын зөрчил давамгайлж буйг харж болно.
Үлгэрийн үргэлжлэл…
Фракцын тохиролцоо төрийн бодлогыг сульдааж байна
Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахад фракцын тохиролцоо шууд нөлөөлсөн. Жишээ нь уг намын гишүүн явсан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өөрөө шадар сайд болно, нэмээд Г.Тэмүүлэн гишүүнд Сангийн сайдын суудал өг гэж шахсан нь МАН нэг цул биш байгааг тод харуулсан явдал. Дотроосоо бүү хэл гаднаасаа ч шахалтад орж буйн илрэл. Энэ байдал үргэлжилж үндсэн чиг үүргийн яамнуудад чадвар бус харьяалал гол шалгуур болж Засгийн газар арай хийн байгуулагдав.
“Шадар сайдын суудлыг тойрсон тохиролцоо нь МАН-ын фракцуудын томоохон маргааны гол төв болжээ. Н.Номтойбаярын бүлэг Г.Тэмүүлэнг дэмжсэн бол бусад фракц үүнийг эсэргүүцэж байна.” Eagle.mn
Улс төрийн нам бодлого тодорхойлдог институт байх ёстой атал, эрх мэдэл хуваах “тохиролцооны клуб” болсон байдал намын соёлын гажуудал гэхэд маргах юмгүй. Энэ бол МАН-ын дотор бүлгийн эрх ашиг давуу байдалтай болсны тод жишээ.
Үлгэр ингэж үргэлжилнэ…
Итгэлгүй олонх
Монголын улс төрийн сүүлийн 30 жилийн нэг сул тал бол хувь хүн давамгайлсан, институт суларсан тогтолцоо. Үүний тод илрэл нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг парламент шийдэх гэж буй эгзэгтэй мөчид чуулганд оролцон загнаж, занаж, шийдвэр захиалсан үйл явдлаар баталгаажна.
МАН-ын далд үнэн:
• Бодлого нь албан ёсны хэлэлцүүлгээр гарахаа больсон.
• “Албан бус хэлэлцээ”, тохиролцооны суурь дээр үндэслэж шийдвэр гардаг.
• Хариуцлага нь хувь хүнд бус хамтын нэрийн дор” замхардаг.
Энэ бол улс төр судлалд “итгэлгүй олонх, хариуцлагагүй засаглал” хэмээн нэрлэгддэг бүтцийн хямралыг илтгэх үзүүлэлтүүд.
Үлгэр ингэж төгсөж магадгүй…Түүх дахин давтагдана
2012 онд МАН доторх хагарал намыг сөрөг хүчний байр сууринд суулгасан. 2020 оноос хойш У.Хүрэлсүхийн Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийн танхимын дотоод үл ойлголцол тодорхой болж, олон нийтэд ил боллоо. 2025 онд ч түүх дахин давтагдаж байна. Учир нь МАН “Төрийн эрх мэдэл гарт нь ирэхэд сөрөг хүчин бус өөр хоорондоо тэмцэж намаа унагадаг. Энэ нь намын дотоод ардчилал гэхээсээ өөрийгөө устгагч механизм болж хувирч байна.”
Жич…
Олдсон боломжийг өлссөн соёл үгүй хийдэг
МАН олонх болсон. Гэвч тэд энэ хүчээ төрийн бодлого хэрэгжүүлэх, иргэдийн итгэлийг хадгалахад зориулалгүй фракцын ашиг сонирхол, суудлын тохиролцоонд зориулаад барж байна. Олонх гэдэг бодит засаглал биш, зүй зохистой удирдаж чадахгүй бол сүйрэлд хүргэх эрх мэдлийн өлсгөлөн болохыг тэд харуулж байна.
“Олдвол өлдөхийн үлгэр” гэдэг шиг л…











