
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ. Өмнөговь аймаг газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаагаа олон улсын төлөөлөгчид болон оролцогчдод танилцуулж байна.
COP17-ын хүрээнд Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэлийн төсөл, арга хэмжээнүүдээс гадна төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, сайн туршлагаа танилцуулж байна. Тухайлбал, аймгийн 15 суманд тус бүр 500 га талбайд заг тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөв цөөрөм байгуулах, Говийн бүсийн нэн ховор, ховор амьтдыг судлах, шилжүүлэн нутагшуулах, үржүүлэх, хамгаалах төв байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Эдгээр төсөл, хөтөлбөр нь газрын доройтол, цөлжилтийг бууруулах, говийн экосистемийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд бодит үр дүн бий болгоход чиглэж байна.
Орон нутагт хэрэгжүүлж буй эдгээр ажил, сайн туршлагаа олон улсын түвшинд танилцуулснаар байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг татах, цаашид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөрүүдийн цар хүрээг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.












