



















Улаанбаатарчуудын унтардаггүй, уугьж л байдаг асуудал нь утаа гэнэм. Дөрвөн уулын дунд тунаран тогтох өтгөн хар хийг таатайяа уушгилангаа “уран” судлаач болж ухаанаа уралдуулцгаана. Уйдаад ирэхээрээ харин айлын утаа, агаарын чанарын асуудалд хөндлөнгөөс хошуу дүрцгээж эхэлнэ дээ. Энэтхэгт утааных нь түвшин аюултай хэмжээнд хүрчээ. Элчин сайдын яамны ажилтнуудаа, иргэдээ түр татах хэрэгтэй биш биз гэж нийгмийн сүлжээнд нийтэлж элэг доог болох инфлүүнзер ч байна.
Утаандаа угаартаж үлдсэн хоёр улсын “улныхан” нэгнээ хань татахаас ч яахав гээд уужрахаас...
Утаа бол ердөө л алдагдсан гучин жил, ардын намын сөрөг үр дагавар гэдгийг ойлговол ойлгочихоор цаг хугацаа урслаа шүү дээ. Улаанбаатарчууд минь.
"КАСТ”-ЫН БАРИЛДЛАГАТ АХАН ДҮҮС...
Утаатайгаа тэмцэж олон жилийг ардаа үдсэн Энэтхэг улсад манайхтай адил төстэй "таван" зүйл байна. Эхнийх нь утаа, агаарын бохирдол. Удаах нь агаарын чанараа сайжруулахад төсөвлөх мөнгө нь утаатайгаа хамт салхинд хийсдэг "абстракт" үзэгдэл. Гуравт, утаа униартай зөвхөн салхи нь л тэмцэх хачин "феномон". Кастын систем, нийгэм дэх баян ядуугийн ялгаа. Сүүлийнх нь утаанд угаартсаар хархны дархлаа тогтсон үндэстэн.
Энэтхэгийн нийслэл шинэ Дели хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, иргэд өтгөн утаанд дунд тэмтчиж байна. Жил бүрийн өдийд Энэтхэгчүүд утааны улиралтайгаа золгож, гамшгийн байдалтай нүүр тулна. 2024.11.18-ний өглөөний байдлаар Шинэ Дели хотын агаарын чанарын индекс 493 буюу "Онц аюултай+" түвшинд ирээд байна. Мөн хотын агаарт дэгдсэн цусанд нэвчих "PM2.5” тоосонцрын хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс 40 дахин их байна. Энэ бол “хүний” амь насанд аюултай хэмжээ. Хүн байтугай “харх”-ны аминд ч халтай.
ДЭМБ-ын мэдээлснээр, агаарын чанарын индекс (AQI) 300-аас дээш гарсан тохиолдолд эрүүл мэндэд онц аюултай гэдэг. Иймээс Энэтхэгийн Засгийн газраас онцгой байдлын албанаас бусад бүх газарт нүүрс, түлээ түлш хэрэглэхийг хориглож, ажилтан, оюутан, сурагчдаа гэрээс нь гарахгүй арга хэмжээ авч байна.
Онцлог нь, Энэтхэгчүүд ядаж юуны утаанд угаартаж байгаагаа мэдээд үхэцгээдэг бол Монголчууд бид шахмал түлшний орц найрлага дахь юу нь мэдэгдэхгүй химийн хорт утаанд угаартаж удаанаар үхэцгээдэг.
Энэтхэгийн Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх тусгай арга хэмжээг тогтмол авдаг хэрэгжүүлдэг бол манай Засгийн газар ч утаатай тэмцэх арга хэмжээг уйгагүй хэрэгжүүлдэг.
Энэтхэгийн Засгийн газар 2019 онд үндэсний хэмжээнд "Цэвэр агаар" хөтөлбөр эхлүүлж, 2026 он гэхэд агаар бохирдуулагч тоосонцрын агууламжийг 40%-аар бууруулах зорилт тавьсан бол манай Засгийн газар 2011 онд “Цэвэр агаар сан” байгуулсан.
Энэтхэгийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” хөтөлбөр төдийлөн үр дүн үзүүлээгүй бол манай “Цэвэр агаар сан” дампуурч 90 гаруй тэрбум төгрөг салхинд хийссэн.
2019-2020 онд Энэтхэгийн Засгийн газар утаатай тэмцэх цэвэр агаар төсөлдөө 19,614.44 тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн бол манай Засгийн газар 2017-2020 онд агаар орчны бохирдлыг бууруулах 456.1 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн байна.
Энэтхэгийн Засгийн газрын хийж чаддаггүй агаарын бохирдолтой тэмцэх ажлыг салхи хийдэг. Өдийд тохиож буй утааны улиралд салхигүй өдрүүд олон үргэлжлэх нь бүс нутгийн агаарын чанарыг улам дордуулдаг байна. Манай улсад ч мөн Засгийн газрын хийж чадаагүй ажлыг салхи нь гүйцээж нийслэлийг нүүрээ угаасан хүүхэд сэргээдэг гол гавьяатан. Манай зарим сэхээтнүүд дөрвөн уулаа сэтэлж утаагаа гадагшлуулъя гэх гайхалтай санааг ч дэвшүүлцгээдэг.
Энэтхэг Монгол аль аль нь утаатай тэмцэх төсвөө салхинд хийсгэдэг нь утааг бууруулсан салхийг шагнадаг байж магадгүй....
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд, Энэтхэгт жилд дунджаар хоёр сая хүн агаарын бохирдлоос үүдэн амиа алддаг. Харин манайд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа ордог боллоо. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна. Агаарын бохирдолд жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хэвлий дэх хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх зулбалт нэмэгдэж байна.
Эцэст нь манай эрх баригчид эрт үеэс баримталж ирсэн Энэтхэгийн кастын системийг Монголд хүчлэн нутагшуулж байна. Нийгмийн ямар давхаргад төрсөн тэр чигээрээ л насыг барах хатуу систем угсарчээ. Энэтхэгт ч, Монголд ч баян ядуугийн ялгаа хоёрхон давхарга үүсгэсэн. Засгийн газар нь ядууралтай тэмцэн, иргэддээ зээл олгох, газар тариалан болон аж ахуй эрхлэх боломжийг олгох төсөл хөтөлбөрүүд ихээр хэрэгжүүлдэг ч манайхтай адил үр дүнд хүрдэггүй.
Утаа- Ядуурал, Утаа-Авлига, утаа МАН-ын сөрөг үзэгдэл юм.










