



















Төсвийн мөнгө уйлдаггүй тул Засгийн газраас сүржин нэртэй даржин чуулган, уулзалтууд ойр ойрхон хийж уриалга их гаргах юм. Даанч тухайн чуулган, уулзалтаар гарсан уриалга, дүгнэлт нь цаасан дээр бичигдэхээс цаашгүй. Бодит ажил хэрэг болдог бол иргэд нь өнөөдөр Улаанбаатар хотдоо “багширалдаад”, зам дээрх машины цуваа нь 97.3 км үргэлжилж, түгжрэхгүй байлаа. “Асуудлыг эерэгээр харж, гүйцэтгэх засаглалаа дэмжиж ажиллах ёстой. Юм л бол сөргөөр тайлбарлаж, шүүмжлэх ёсгүй” гэдэг уншигчдаасаа өршөөл эрээд, энэ удаад тэвчсэнгүй гэдгээ ийнхүү илэрхийлье.
“Дарга таны чуулганаа хааж иддэг хоолны зардлыг тань иргэд төлнө, гамтай бай...”
Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, УИХ-ын чуулганаар "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан. Үүнийгээ дахин батлахын тулд өнөөдөр /2024.10.26/ төсвийн мөнгөөр “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгууллаа. Ингэхдээ, бүсүүдийн хөгжлийн талаар долоон салбар хуралдаан бүс, бүсээр болж, хамтарсан төслүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, чуулганд оролцогчдоос зөвлөмж гаргав. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тэрбээр тодотгов. Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцлоод төсөл тус бүрийн давуу талыг танилцуулав. Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.
Гэхдээ Ерөнхий сайдын эдийн засгийн энэхүү тооцоолол биелэлээ олоход чухлаар нөлөөлөх төслүүдийн нэг нь 328 сая еврогийн зардалтай Үндэсний хиймэл дагуулыг хөөргөх. Санхүүжилтийн 85 хувийг 15 жилийн хугацаатайгаар нэн хөнгөлөлтэй нөхцлөөр Франц улсаас зээлж авах. Үлдсэн 15 хувийг нь төсвөөс шийдэх. Гэтэл бодит байдал дээр дэлхийн үүрэн холбооны компаниуд өндрийн хиймэл дагуулыг ашиглахаа больсныг УИХ-ын гишүүн Ч.Анар онцолсон. Түүний тухайд, 24 жил энэ салбарт ажиллаж, гурван улсад хиймэл дагуул угсарсан туршлагатай гэжээ.
Нэмээд НДС-ийн данс нь улайж, 4.2 их наяд төгрөгийн алдагдалд хүрсэн нь улс төрчдийн гаргасан, баталсан хуулиудын популимзмын “гай” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан удаа дараа мэдэгдэх болсон. Энэ мэтчилэн үе үеийн сонгууль угтан гаргадаг ЗГ, УИХ-ын шийдвэрүүдийн “балгыг” эцэст нь иргэд л үүрдэг. Яг энэ жишгээр энэ удаагийн гүйцэтгэх засаглалын төсөвт үрэлгэн хандсан “балга” залууст л “ачаа” болно. Төсвөө танагтай үрж, үргүй зардлаа бууруулна гэж Засгийн газар дэд сайд нарын албан тушаалаа байхгүй болгосон ч, тэдний үр дүнд хүрдэггүй арга хэмжээ, чуулган, уулзалт “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган”-аар зогсохгүй нь “гаслантай”.
Өөрсдөө өгсөн чиглэлийн дагуу бэлдсэн сэдвийг тайзан дээрээс танилцуулах нь, заал дүүргэж цугласан хурган дарга нарын алга ташилт нь, чуулганаас гарсан дүгнэлт нэртэй албан бичиг, гарын үсэг нь төдийгүй чуулган дууссанаа тэмдэглэх оройн хүлээн авалт нь бодит байдал дээр яг яаж ажил хэрэг болдог вэ, үе үеийн чуулга, уулзалтаас гарсан үр дүнгийн баримт, тайлбар хэрэгтэй байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа...
Дарга нар та бүхний хувьд нэг оройн хоолны зардал ч, энэ мөнгө чинь төсвөөс урсаад, эцэст нь нэг өрх хоногийхоо биш сарынхаа хоолны мөнгийг та нарт зарцуулах болоод байна. Дарга та бүхний "хувиа борлуулж, довоо шарлуулах" үйлдэл чинь ард түмний нуруун дээр "ачаа" болдог.
Нүдээ нээ, иргэдийн чинь амьдрал төрд өгдөг татвар, татаас болон төрийн гаргасан шийдвэр, бодлогоос болоод их хүнд боллоо....
Зорилготой цацах мэдээллийн ард юуг “далдлав” гэдэг их сонин...
Засгийн газар 2025 оны төсвийн төслөө УИХ-аар хэлэлцүүлэхтэй зэрэгцээд олон акц, арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн жишээ нь, МАН-ын гишүүн, өөрт өгсөн нэр нь бол Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэлийн дэглэсэн төсвийн мөнгөний зарцуулалтын тухай баримт гэх зорилготой мэдээлэл байлаа. Энэ нь Засгийн газрын гишүүн Ч.Номин, Б.Чойжилсүрэн нарын хамаарал бүхий “Новотел”, “Тэрэлжсүйх” компаниудад төсвийн мөнгөөр төсвөө хэлэлцэж буй тухай.... Зорилготойгоор цахимаар цацах мэдээллийн ард эрх баригчид юуг "далдлав" гэдгийг харах нь чухал болсон цаг үе ирснийг уншигчдадаа сануулъя.
Уг нь иргэдэд, тавилттай мэдээллээс илүү олон улсын байгууллагуудын судалгаанаас зөрж тооцсон, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүрнэ гэж төсөөлөн 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай боловсруулсан төсвийн төслөө Засгийн газар тайлбарлах нь илүү чухал юм. УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Засгийн газарт ирэх 2025 оны төсвийн төсөлд зардлыг 30 их наяд төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэж зөвлөсөн ч бодит байдал дээр эсрэгээрээ эрсдэл өндөртэй төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна.
Олон улсын эдийн засгийн бодит төсөөллөөс хол, улсын эдийн засгийн өсөлтөө ДНБ-ий 8 хувьтай ижил хэмжээнд байна гэж таамаглаж, тооцсон нь ирэх 2025 онд төсвийн орлого тасрах эрсдэлийг дагуулах боллоо. Ирэх жил эдийн засаг 8 хувиар өснө гэсэн тооцооллыг Засгийн газар гаргаж, үүндээ зөвхөн өөрсдөө итгэж буй нь "Оюутолгойн" гүний уурхайгаас гарах зэсийн агууламж нэмэгдсэн тул ДНБ-ний нэг хувьтай тэнцэх хэмжээний буюу 95 их наяд төгрөгийн нэг хувьтай тэнцэх дүн буюу ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр нэрлэсэн орлого өсөх талаар ярьж байна. Учир нь, УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх жилийн орлого хэтэрхий хөөстэй буюу хөөрүү сэтгэлээр хандсан өсөлттэй тоо гэж дүгнэсэн юм.










