



















“УЧИРТАЙ” МЭНДЧИЛГЭЭНИЙ УЧИГ
SWIFT*-ээс “арчигдаж”, дэлхийгээс “тусгаарлагдсан” Оросын банк Монголын банкнуудад хөрөнгө оруулна гэв. Үүнийг хамгийн богино онигоо гэвэл зохино. Орос-Украины дайнаас хойш, Оросуудын хандлага зөөлөрч Монголд хөрөнгө оруулаад 3-р цахилгаан станцыг шинэчилье, цөмийн цахилгаан станц барьж өгье, төмөр замын тарифыг буулгая, бүр банкны салбараа байгуулж хоорондын төлбөр тооцоогоо хялбараар шийдье гэв. Мөн л хамгийн богино үгтэй онигоо. Учир нь В.Путины айлчлал бүртээ өгсөн амлалт “хөрсөн дээр бууж” байсан удаагүй. Манайд хандах Оросын “арга барил” зөөлрөхийг үзэх хувьтай л хүмүүс юм бид. Гэвч олон улсын нөхцөл байдал хурцадмал “эгзэгтэй” цаг үед аль нэг тал руу хэлбийхгүй дипломат бодлогоор “тэнцвэрээ” хадгалах гадаад бодлогын “тулгуур” зарчим алдагдах тийшээ хэлбийх нь... Оросын банк манайд салбараа нээвэл Монгол Улсын “гуравдагч хөршийн бодлого” алдагдаж, олон улсын “эдийн засгийн” хоригт орж SWIFT-ээс “гарах” нөхцөл бүрдэх эрсдэл бий. ОХУ-ын банк санхүүгийн салбар SWIFT-ээс “тусгаарлагдаж”, тэр чигтээ олон улсын эдийн засгийн хоригт ороод 2 жил гаруйн нүүр үзэж байна. Эдийн засгаараа тусгаарлагдаж байгаа ОХУ нь нүүрс, газрын тос, байгалийн хийгээ борлуулж, худалдан авагч орнуудтайгаа харилцах шинэ арга сүвэгчилсээр 2 жилийн барав. Шийдэл нь БРИКС-ын орнуудтай харилцах тусгай “мөнгөн дэвсгэрт”. Гэвч дайн эхэлснээс хойш яригдсан тусгай мөнгөн дэвсгэртийн яриа бүтэлтэй “шийдэл” дагуулсангүй. “Том толгойт” шадар сайд Монголбанкныхны өмнөөс дур мэдэн Оросын банкны салбарыг орж ирэх боломжтой гэж дугарснаар В.Путины элгэмсүү мэндчилгээний “учиг” тайлагдав бололтой. Мэдээж элэгтэй хандвал “элгэмсүү мэндчилгээ” авахаас яах вэ. “Сибирийн урсгал-2” төслийн барилгын ТЭЗҮ-г боловсруулах компани байгуулах санамж бичигт “шадар сайдаар” гарын үсэг зуруулчихсан В.Путин барьц ахиулсан нь энэ байж гэж нийгмийн сүлжээнд иргэд хардаж байна. Мэдээж тэд “хардах” эрхтэй...
Ер нь улстөрчдийн хувьд гадаад бодлогын тал дээр тун хянамгай, “мэдрэмжтэй” хандаж аль нэг улсад давуу байдал үүсгэж “хайр зарлах” ёсгүй. Улсын гадаад бодлогын тэнцвэр бол үндэсний аюулгүй байдал. Дайн эхэлснээс хойш барууны хоригт орсон ОХУ-ын гадаад валютын нөөцөд “юань давамгайлж”, Хятад, Энэтхэгтэй юанийн гүйлгээ хийж түүхий эдээ борлуулж эхэлсэн. Харин Монгол улстай гадаад харилцааны хувьд “тэнцвэргүй” хөрш маань яагаад Монголд банкны салбараа нээх хэмжээнд санаархаж байгааг “дипломат хүрээнд” бодох ёстой асуудал...
“ДЕ ФАКТО ХОРИГ”
Манай улс албан бусаар ОХУ-ын хоригт байдаг шахуу. Квоттой, дээр нь 40-60 хувийн гаалийн татвартай. Гэтэл худалдааны дайн зарласан АНУ болон Хятад хоорондоо гадаад худалдааны гаалийн татвар 15-30 хувьтай байгаа. Үүнээс харвал манай хоёр улсын гадаад худалдааны тэнцвэр ч бүрэн алдагдсан. Монгол Улс ОХУ-ын хоорондын худалдааг харвал 2022 оны байдлаар 97 хувь нь ОХУ-ын экспорт, гурван хувь нь манай улсын экспорт байна. Харин өнгөрсөн 2023 онд Монгол Улсаас ОХУ-руу экспортлох махны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын экспорт 95 хувь, Монгол Улсын экспорт таван хувь болж өссөн. Гэвч энэ бол стратегийн иж бүрэн түншлэлтэй улсуудын гадаад худалдааны тэнцвэр биш. ОХУ-тай Монгол Улс 17 боомтоор хиллэдэг, БНХАУ-тай 16 боомтоор хиллэдэг. Гэтэл Монгол улсын гадаад валютын нөөцийг Хятад дангаараа бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. 2023 онд Хятад Монголын худалдаа 16.59 тэрбум ам.долларт хүрсэн. Хятадын хувьд түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 70 орчим сая тонн нүүрс Монгол улсаас 2023 онд импортолсон байдаг. Ингээд харвал ОХУ-тай хийх гадаад худалдаанд Монгол улс үргэлж “де факто” хоригт байдаг нь харагдаж байна. Хоригт шахуу байж “хойд хөршөө хайрлаад” байх уу? Гадаад валютын нөөцийг бүрдүүлж өгдөг “урд хөрш өө” зүхээд байх уу? Тэнцвэр ээ хадгалъя...
SWIFT гэдэг нь "Society for Worldwide Interbank Financial Telecommunication" гэсэн үгний товчлол бөгөөд дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд хоорондоо нэг стандартын дагуу мэдээллээ солилцох боломжийг олгодог, төлбөр тооцооны мессеж дамжуулдаг, гадаад гүйлгээний тэргүүлэгч систем юм. SWIFT сүлжээгээр гүйлгээ хийхэд SWIFT код заавал шаардлагатай. Энэ нь SWIFT сүлжээний гишүүн банк, санхүүгийн байгууллагуудад олгодог, дахин давтагдашгүй бүтэц бүхий 8-11 оронтой байдаг.










