



















Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хувийн амьдралтай холбоотой зураг, мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан нь улс төрийн сэдвийн гол “өгөөш” болж хувирлаа. Түүний найз бүсгүйдээ зориулсан брэндийн бэлэг, үнэт эдлэл, сүй тавих мөчийн дүрс бичлэг олон нийтэд ил болсноор эсэргүүцлийн жагсаалд шинэ хандлага, сэдлийг бий болгосон нь нууц биш.
Гэхдээ эмэгтэйчүүдийн тансаг хэрэглээ, өөрийгөө илэрхийлэх соёл бол өчигдөр, өнөөдөр гэнэт үүссэн үзэгдэл биш. Ганган чамин хэрэглээний эрэлхийлэл бол хүн төрөлтний гоо зүйн хэрэгцээ, нийгэм соёлын нэг илэрхийлэл юм. Дэлхийн томоохон брэндүүд эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэгцээ дээр тогтсон нь үүнийг батална. Монголчууд ч өөрсдийн уламжлал, амьдралын хэв маягтаа гоёл чимэглэл, ганган эдлэлийн хэрэглээг шингээж ирсэн ард түмэн. Иймд нэгэн эмэгтэйн хэрэглээг улс төрийн “нотолгоо” болгох оролдлого бол үнэндээ хувь хүний амьдрал руу өнгийсөн, зорилго бүхий зохион байгуулалттай сөрөг ажиллагаа байж мэднэ.

Засгийн газрын шинэ бодлого: “Үндэсний баялгийн сан” ба хууль ёсны сорилт
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газар түүхэнд анх удаа Үндэсний баялгийн санг байгуулж, уул уурхайн орлогыг нийт ард иргэдэд хуваарилах зорилготой шинэ тогтолцоог эхлүүлээд байна. Үүний зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн “Хууль бус хөрөнгө хураах тухай хууль” УИХ-д өргөн барих хугацаа ойртож эхэлмэгц улс төр, бизнесийн хүрээнд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ хуулийн хэрэгжилт нь хууль ёсны бус, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөжсөн улстөрчдийн хувьд заналхийлэл болон хувирч буй. Үүнийг дагаад нэр бүхий бүлэглэлүүд Засгийн газрын эсрэг улс төрийн дарамт шахалт үзүүлэх, олон нийтийн сэтгэл зүйг үймүүлэх, жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг алхамд шилжсэн нь анзаарагдаж байна.
“Ухаа худаг” ба уул уурхайн сүүдэрт нуугдсан гэрээнүүд
Монгол Улсын Засгийн газрын баталсан “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол уул уурхайн лицензийг эргэн харж, төрийн эзэмшлийг нэмэгдүүлэх алхам юм. Үүний хүрээнд стратегийн орд газруудын хувьчлал, ялангуяа “Ухаа худаг”-ийн тухай асуудал улс төр, бизнесийн томоохон маргааны төвд орсон. Уг ордыг эзэмшигч “MCS” групп, түүний охин компани “Энержи Ресурс” болон тэдгээртэй холбоотой гэрээ хэлэлцээрүүдийн хууль ёсны байдалд олон нийт эргэлзэж буй. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тус ордтой холбоотой 2008 оны гэрээ, баримтуудыг улсын архивд бүртгэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн нь асуудлыг бүр ч хурцатгалаа. Энэ нь “MCS” группын ТУЗ-ийн дарга Ж.Оджаргалын хувьд бизнесийн хамгийн хүнд цаг үетэй нүүр тулсан мөч байж болох юм.
Жагсаалын цаад жинхэнэ зохион байгуулагч хэн бэ?
Сүүлийн үед өрнөж буй эсэргүүцлийн жагсаал нь гадаад талаасаа ард иргэдийн бухимдал мэт харагдавч, дотоод гүндээ улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн зохион байгуулалттай ажиллагаа гэх хардлагыг төрүүлж байгаа. “Ноорог” хуудасны админ О.Уламсайхан, АН-ын гишүүн Ц.Уянга зэрэг хүмүүс жагсаалын нүүр царай болж гарч ирж буй ч тэдний ард улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдийн ашиг сонирхол байгаа гэх мэдээлэл газар авсаар байна.
Тухайлбал, нэгэн залуу жагсаалын үеэр ил тод мэдэгдэл хийж, “О.Уламсайхан миний эгчийг сэтгэл санааны дарамтад оруулж, амиа хорлоход хүргэсэн хүн. Одоо ч хуулийн байгууллагад шалгагдаж буй” хэмээн мэдэгдсэн нь уг жагсаалд оролцож буй хүмүүсийн ёс зүй, зорилгын талаарх асуултыг дахин сөхөж тавилаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч өмнө нь “Ноорог хуудасны ажилтнууд дунд хүн амины хэрэгт шалгуулж буй хүн ч бий” хэмээн мэдэгдэж байсан.
Хэн нь хуулийн засаглалын төлөө, хэн нь хувийн эрх ашгийн төлөө вэ?
Эцэст нь хэлэхэд, энэ бүх тэмцэл, шуугианы цаана хэн жинхэнэ шударга ёсыг хүсэж, хэн эрх мэдэл, өмч хөрөнгөө хамгаалахын тулд тэмцэж байна вэ гэдгийг ард иргэд нягт тунгаан дүгнэх цаг иржээ. Улс төр, бизнесийн бүлэглэлүүд хуулийн дор биш, хуулийн дээр амьдрах гэсэн оролдлогынхоо төлөө “Засгийн газрыг унагах уу, хуулиа дагах уу?” гэх сонголтын өмнө ирсэн бололтой.











