




















“Дэнчин” эндээс эхлэлтэй...
“Дэнчин” гэх үгийг утгачлан уншихдаа барьцаа гэж ойлгож болох юм. Тэгвэл яг одоо монголын улс төрд төсөв дагасан "дэнчин" өрнөж байна. Засгийн газраас 2024 оны төсөвтөө тодотгол хийж, төсвийн зарлагаа 27 их наяд төгрөгөөс 30 их наяд төгрөг болтол нэмэх саналтайгаар холбогдох хуулиудын төслөө Улсын Их хурал /УИХ/-д өргөн мэдүүлсэн. Ингээд УИХ 15 хоногийн өмнөөс ээлжит бусаар хуралдсан ч, чуулганы явцад гишүүдийн олонх төсөв дагасан /Төсөв, Тендер, Төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах/-ыг зохицуулах гурван хуулийн төслийг "УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан, учир дутагдалтай, ашиг сонирхлын зөрчилтэй" гэж үзээд дэмжсэнгүй, буцаалаа. Ганцхан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэж, өнөөдөр эцэслэн батална. Үүнээс гадна УИХ 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд завгүй байна. Өнгөрсөн парламент өмнөх оны төсвийн гүйцэтгэлээ хэлэлцээд буух байсан ч, сонгуулиар шалтаглан ажлаа хийж амжаагүй. Ингээд Улсын Их Хурлын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ парламент 2023 онд Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг хэр үр ашигтай зарцуулсан, батлуулсан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадсан эсэхийг хянах гэж “мунгинаж” сууна. Ажлаа тайлагнах ёстой Засгийн газрын гишүүд нь чуулганд орж ирж суухгүй, асуусан асуултад нь бүрэн хариулж чадсангүй гэж Засгийн газрыг шүүмжлэх гишүүд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас эхлээд мундсангүй.
“Дэнчин” ингэж өрнөлөө...
Улс төрийн гурван намын хамтралаас бүтсэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд "нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлов" гэгчээр болох шахлаа. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр ч удаа хуралдаанаас завсарлага авч, дарга Л.Мөнхбаатар нь "Бүлгийн гишүүдээ нэгдсэн байр суурьтай болгоодхъё" гэж хэлтлээ сандрав. Үнэндээ ч Засгийн газар, УИХ-аас давсан эрхтэй болох гэж оролдоод "барсангүй". Энэ нь гишүүдийн тоог нэмсэнийг батлах эхний үр дүн. Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд зарим төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилт нь шийдэгдэхээс өмнө явуулж болно гэжээ. Энэ нь улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй үйлдэл боллоо. Үндсэндээ төсөв тойрсон хуулиудын төслийн хэлэлцүүлгийн гол дүрд хариуцагч талаас Сангийн сайд Б.Жавхлан, нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, туслах дүрд УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар байлаа. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр танхимын голд гарч ирж, Сангийн сайд Б.Жавхлан руу “чичилж дайрах” Г.Тэмүүлэн гишүүн өмнөх парламентад Төсвийн байнгын хорооны дарга байсан. Магадгүй удирдан оролцсон төсвийн хуулийн шинэчлэлийг нь төд удалгүй өөрчлөн найруулах гэлээ гэж Сангийн сайд руу “уцаарласан” байж болно. Өөрөө ч, хор уршгийг нь өнгөлөн далдалсан хуулийн төслүүдийг эсэргүүцэж, улам хариуцлагатай хандаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах зарчмаасаа парламент ухрах ёсгүй гэх агуулгатай тайлбарыг удаа дараа хийлээ. Үнэхээр Г.Тэмүүлэн гишүүн иргэдийн эрх ашгийг бодож, спикерийнхээ үгийг үл ажран танхимын голд “цам харайв уу?” эсвэл...
“Дэнчин” гэж дүгнэх шалтгаан...
2016 оноос хойш тасралтгүй 12 жил, гурав дахь парламентад гишүүнээр сонгогдон ажиллаж буй залуу гишүүдийн нэг нь Г.Тэмүүлэн. Түүний энэ удаагийн эсэргүүцэл, тэмцэл гэж нэрийдэх “дэнчин” нь Сангийн сайдын суудал байж болох юм. Гэхдээ тэр ганцаараа Засгийн газрын өөдөөс “босож” чадахгүй. Түүнийг хөшигний араас алга ташин дэмжих намын “ах нар” байж гэмээнэ ингэж намын даргынхаа томилгоог хуулийн төслөөр нь дамжуулан “дэнчин” болгоё гэж санаандаа багтаасан байх. Засгийн газрын бүтцэд сэлгээ ч орж магадгүй үйлдэл ажиглагдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөв дагасан хуулиудын төслийг хэлэлцэж байх үеүдэд хуралдаанд нэг ч удаа суусангүй. Хуралдааны үеэр УИХ-ын 57 гишүүн 52.8 хувиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг нь эсэргүүцэж, танхимаараа алга ташин буцаах үед ч тэр харагдаагүй.
Улсын сангаас гадна Монголбанк тойрсон томилгоог “атгах” хүсэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд өндөр байна. Мөн түүний гаргасан бардам, өөртөө итгэлтэй “дэнчин” нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын давхар дээл нөмрөх далд хүслийнх нь “морийг эмээллэж” өгөв. Үндсэндээ парламентад 2-3 удаа сонгогдсон гишүүд Засгийн газрын гишүүн болж чадаагүйдээ “ундууцаж” хууль батлах эрхээрээ “дэнчин” тавьж эхэллээ. Арга ч үгүй биз, тэд бол Ч.Номин мэтийн “өлгийтэй нялх” гишүүдийн хажууд УИХ-ын Байнгын хорооны дэг, УИХ-ын дэгийн тухай хуулиа мэднэ. Номыг нь сураагүй ч, номхныг нь бол сурчихсан. Гэхдээ бас тэд тийм ч ултай, суурьтай, бяртай, цараатай юу гэвэл эргэлзээтэй. Ёстой л “муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү" гэдгийн адилаар үргэлжилж байна.










