



















Шинэ долоо хоног бүтэн 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээр амьсгалах нь. Хуралдааны тов ёсоор Улсын Их хурал /УИХ/ ирэх Пүрэв гарагт буюу 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батална. УИХ-ын байнгын хороод ар араасаа бүгд Улсын 2025 оны төсөв болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэхээр хуваарь гаргажээ.
Үндэсний аудитын газрын дүгнэлтэд, Засгийн газраас шинэчлэн боловсруулсан 2025 оны төсөв нь гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцоолоогүйг онцолсон байх. Мөн зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай 2025 оны төсөвт хориг тавьж, УИХ тухайн хоригийг хүлээн зөвшөөрч, баталсан хуулиа эгүүлэн хүчингүй болгосон нь Монголын улс төр дэх улс төрийн бодлогын уялдаа холбоо “чамлалттай” болсны шинж байх. Тэр тусмаа Засгийн газар болон УИХ-ын хоорондын бодлогын уялдаа, харилцан итгэлцэл сул болсонтой холбоотой. Энэ нь шууд тайлбарлавал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа “таарамжгүй” байгаагийн илрэл гэж хэлж болох юм.
Нөгөө талаас Засгийн газар засаглалын хямралд орсон ч байж болзошгүй. Учир нь, Засгийн газраас иргэддээ хамаг хүнд ачаагаа үүрүүлж, ₮31.9 их наядын татвар төлөх үүргийг өгөөд байсан. Ингээд 2025 оны төсөвтөө зардлаа 11 жилийн өмнөхөөс тав дахин нугалж тооцсон хуулийн төслийг УИХ ногоон гэрлээр баталсан. Гэхдээ Ерөнхийлөгч дээр очоод гацсан буюу хориг тавиулсан.
Хамгийн хачирхалтай нь, УИХ-ын гишүүд бүгд л Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн араас гараа өргөж баталсан төсвөө муу байсныг гайхаж суув. Ялангуяа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Төсөв хэтэрхий өссөн нь үнэн. УИХ өөрөө 3.2 их наяд байтугай 18 тэрбум төгрөгийн ваучерыг ч хасаж чадаагүй. Мань мэтийг хэлэхэд тоохгүй байсан хэр нь Төрийн тэргүүн дуугарахаар нэг юм хүлээж авлаа” гэхчлэн дор бүрнээ өөрсдийгөө зөвтгөж тайлбар өгсөн юм.
Засаглалын хямралд орсныг илтгэх шинж тэмдгүүд:
Хэдийнээ иргэд Засгийн газрын чадамжид эргэлзэж эхэлсэн. 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв боловсруулж, батлуулахдаа ачааг нь иргэн, аж ахуйн нэгжид үүрэхээс өөр аргагүйг Сангийн сайд Б.Жавхлан сайн мэдэж байсан. Ийнхүү алдагдал өндөр, эдийн засгийн бодит байдлаас хол тооцоололтой төсөв нь нийгэмд савлагаа үүсгэж, иргэдийг сэтгэл зүйн хямралд оруулж эхэлсэн нь Засгийн газар ажлаа хийж чадахгүй болсон, үйл ажиллагаа нь хямарсны нэг илрэл гэж дүгнэж болохоор байна. Мөн хоёр удаа төсвөө боловсруулж, өргөн барьсан үйл явц нь Засгийн газар, парламент, нийгмийн хоорондын уялдаа, бодлого боловсруулах чадамжид сул тал байгааг илтгэх нэг нотолгоо боллоо.
Алдагдалгүй боловсруулсан гэх 2025 оны төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн бодит байдалтай нийцсэн эсэх нь их чухал байна. Учир нь, оновчгүй, хэт хөөрүү төсөл давтагдвал засаглалын хямралд онцгой анхаарахаас өөр аргагүйд хүрэх юм.Төсөв ч гэлтгүй гаргах бодлого, шийдвэр, өргөн мэдүүлэх хуулийн төслөө Засгийн газар нь гүйцэтгэх засаглалынхаа хэмжээнд боловсруулж, УИХ-ын эрх мэдэлд халдах үйлдэл гаргахгүйгээр нэгдмэл, уялдаатай ажиллах шаардлагатайг гаргаж буй үйлдлүүд нь харуулах боллоо.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл болон дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг Засгийн газар төсөвт өөрчлөлт оруулах бүрд дахин өөрчлөх нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулах эрсдэлтэйг анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар онцолж байв. Энэ нөхцөл байдал ч, засаглалын хямралд орсны нэг илрэл ч байж болох юм. Товчхондоо Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн эрх ашигт нийцүүлж, хууль тогтоомжид байн байн өөрчлөлт оруулж, тогтворгүй богино хугацааны бодлого нь давамгайлсаар байгааг харвал Монгол Улсын Засгийн газар засаглалын хямралд өртсөн гэж дүгнэж болохоор байна.
Энэ байдал үргэлжилбэл, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэд дунд төсвийн сахилга баттай байдлын талаарх итгэл алдагдах эрсдэлтэй. Тогтворгүй төсөв нь санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад хүндрэлтэй тусах юм.
Монгол төрийг “тоглоом”-оо болгосон Засгийн газарт хариуцлага тооцох эрх нь УИХ-д бий. Гэхдээ шийдвэр гаргах УИХ-ын 126 гишүүн нь тэдний чөтгөрийн тойрогт нь орсон тул гүйцэтгэх засаглалынхаа өмнөөс хатуухан үг дуугараад суух гишүүн ховордсон бололтой.










