



















Монгол Улсын 2025 оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг УИХ-ын намрын ээлжит нэгдсэн чуулганаар Пүрэв, Баасан /2024.11.07-08/ гарагт хийх товтой. УИХ ирэх оны төсвөө 11 дүгээр сарын 15-ны дотор багтаан батлах хуультай. Үндсэндээ УИХ-д ес хоног үлдлээ. Энэ нь УИХ Засгийн газрын боловсруулж, өргөн барьсан төсвийн тухай хуулийн төслүүдийг буцаах хугацаагүй болсон гэж ойлгож болох юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдааны үеэрээ зарим зүйл заалтыг хасаж, нэмж өөрчлөх ч боломжгүй.
Хамгийн гол нь одоо Засгийн газраас тэлсэн төсөв, нэмсэн үргүй зардлын хэмжээнд хязгаар тавьж чадах эсэх зөвхөн УИХ-ын хүсэл, зориг бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “эр бяр”-аас хамаарна. Тэр үед л шинэхэн спикер танхимын гишүүдээ хайрцаглаж чадсан эсэх “уншигдана”.
Хөндлөнгөөс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33.1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дах хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдах хуулиудад бүхэлд нь хориг тавих эрхтэй. Гэхдээ хоригийг хүлээн авах буюу баталсан хуулиа өөрчлөх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хэрэв хуулийн хугацаандаа багтаан өөрчлөлт оруулж, баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах хуультай. Ингээд ажиглахаар, гишүүдийн байр суурь, санал хураалтын үеэрх дэмжсэн, дэмжээгүй гишүүдийн тооны зөрүү зэргээс төсвөө тэлж, хийсвэр тооцоолол хийсэн Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ ялах нь.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн тодорхойлсноор, Засгийн газар УИХ-ыг шинэхэн дээр нь ашиглаж авах, өөрсдөдөө ашигтай “кнопчин буюу хэрэгсэл” болгов. Одоогоор 126 гишүүнээс ердөө Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр нарын 15 гишүүн Улсын төсвийн 2025 оны зардлын хэмжээгээ бууруулахыг шаардаж гарын үсгээ зурлаа. Гэхдээ тэдэнд одоо боломж байхгүй, хугацаа үлдээгүй. Тэд арай эрт эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн бол хонгилын үзүүрт гэрэл асах байлаа.
Өргөдөлд гарын үсэг зурсан гишүүдээс гадна Үндэсний аудитын газраас зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан гэж дүгнэсэн. Мөн Улсын төсвийн 2025 оны үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Одоогийн байдлаар нийт 3458 иргэн дэмжсэн гарын үсэг зуржээ. Ингэхдээ, 2025 оны төсвийн зардлын хэт тэлэлт нь иргэдийн амьдрал, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх бодит аюултай гэж үзсээр байна.
2025 оны улсын төсөв нь:
· Шаардлагагүй, хэт үрэлгэн зардлууд тусгасан
· Иргэдийн амьдралд нийцэхгүй, ач холбогдлыг эрэмбэлээгүй
· Аж ахуй нэгжүүд татварын дарамтад орох эрсдэлтэй
· Инфляц өсөж, үнийн өсөлт гаарна
· Төгрөгийн ханш унах эрсдэлтэй
· Төсвийн тэнцэл алдагдаж, эдийн засаг унах
· Авлига ихсэх нөхцөлийг үүсгэх бодит эрсдэлтэй цахим өргөдөл санаачлагч дүгнэжээ.
Улсын төсөв нь Монгол Улсын иргэн бүрийн амьдралд нөлөөлөх, улсын хөгжлийн хамгийн чухал шийдвэр тул уг өргөдлийг санаачилжээ.
Тухайлбал, 2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй зардлуудыг тусгасан.
2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
· Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
· Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин
· Хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
· Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
· Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
· Бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
· Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
· Их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
Иймд энэ мэт төсвийн хэт үрэлгэн зардлуудыг хэмнэж, улс орны хөгжлийг чухалчлан, ач холбогдлын эрэмбийг баримталж, төсвийг дахин хэлэлцүүлэхийг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас энэхүү өргөдлөөр дамжуулан шаардлаа гэжээ.










