



















ТҮЦ бол монголчуудын хөдөлмөрч, бие даасан амьдралын билэг тэмдэг. Хотын соёлыг хадгалах гэж буй бол түүхээ арилгах бус, харин ТҮЦ-ийг шинэ нөхцөлд зохицуулж, өнгө үзэмжтэй, аюулгүй байдлыг хангаж хөгжүүлэх нь Улаанбаатар хотын удирдлагуудын зөв зам, гарах гарц байх болно. Өнөөдөр ТҮЦ хэмээх мини дэлгүүрийнхэн СТАНДАРТ шаардлагаа гаргаад өгчих түүнд чинь тохирсон ТҮЦ -ээ хийлгээд жижиг дунд бизнесээ CU, GS25 шиг шөнийн нэмэгдэлгүйгээр ард иргэддээ үйлчилье гээд байгаа юм.

Өнөөдөр олон нийтийн сүлжээнд болон хэвлэл мэдээллээр “ТҮЦ”-ийн талаар маргаан өрнөж байна. Хотын өнгө үзэмж, соёлын орон зайд нийцэхгүй гэх шүүмжлэл их гарч байгаа ч ТҮЦ бол зүгээр нэг жижиг худалдааны цэг биш, харин Монголчуудын, ялангуяа Улаанбаатарчуудын амьдрал, бизнесийн хөгжлийн түүхийн нэг хэсэг юм.
“ТҮЦ” БОЛ МОНГОЛЧУУДЫН, ТҮҮН ДУНДАА УЛААНБААТАРЧУУДЫНХ
Өнгөрсөн зууны 90-ээд оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд иргэдийн бүтээсэн “Үл хөдлөх хөрөнгө” бол ТҮЦ байлаа. Хааш хаашаа 4 мкв хэмжээтэй модон хайрцаг шиг энэ “жижигхэн” дэлгүүр олон хүний анхны бие даасан бизнесийн эхлэл болсон. Хөдөөнөөс нийслэлд ирсэн ч бай, хотынхон ч бай өөрийн хүчээр амьдралаа өөд татахад нь “ТҮЦ” үнэтэй хувь нэмэр оруулсан.
Тухайн үед Сансарын тунель, Нэгдүгээр хороолол, 120 мянгат, Арслантай гүүр, Долоон буудал зэрэг газрууд бүхэлдээ ТҮЦ-ний гудамж болж, Улаанбаатарын худалдааны төвлөрсөн цэгүүд байсан. Сансарын арын буудлаас зүүн 4 зам хүртэл замынхаа хоёр талаар ТҮЦ тасралтгүй гудамжлан үргэлжилдэг байсан гээд төсөөлбөл танд ойлгомжтой байх болов уу! Одоогийн CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрийн тоо, цар хүрээ нь тэр үеийн ТҮЦ-ний өргөн дэлгэр байдалтай харьцуулахад хөлбөмбөгийн хажууд будаа тавьсан мэт юм.
ТҮЦ нь зөвхөн худалдааны газар байгаад зогсохгүй, 90-ээд оны картын барааны өлсгөлөнг даван туулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Гэрээсээ гараад хагас километр алхахгүйгээр, дэлгүүрт олон цаг дугаарлахгүйгээр элсэн чихэр, талх, тамхи, боов, бал баллуур, үзэг харандаа гээд хүнсний болон өргөн хэрэглээний бараа авах боломжийг ТҮЦ л олгодог байв.
Тухайн үеийн ТҮЦ эрхлэгчид өөрт ойрхон хэдэн зах руу явган, нүцгэн машинтай, машингүй гүйж бараагаа татдаг байлаа. Өнөөгийнх шиг хүргэлтийн үйлчилгээ байсангүй.
"ТҮЦ" БИДНИЙ НАНДИН ДУРСАМЖ . . .
ТҮЦ-ээс л хотын иргэдийн үйлчлэх, үйлчлүүлэх шинэ соёл эхэлсэн. Гэхдээ ТҮЦ эрхлэгчдийн бизнесийн зам дардан байгаагүй. Архичид, дээрэмчид, тэнүүлчид, бүр оюутнууд хүртэл хулгай хийх, дээрэлхэх тохиолдол олон гардаг байсныг зарим нэг олны танил эрхмүүд ярьсан нь бий.
ТҮЦ бол Монголчуудын хүнд хэцүү цаг үеийг даван туулахдаа түшиглэсэн жижигхэн ч том утгатай “Бэлгэ тэмдэг” юм. Энэ бол зөвхөн худалдааны цэг биш, олон мянган айлын амьдралын эх үүсвэр, олон бизнесмэн, улстөрч, банкир, инженерийн амьдралын гараагаа эхэлсэн, сургалтын төлбөрөө төлсөн талбар байсан.
Өнөөдөр CU, GS25 зэрэг гадаадын сүлжээ дэлгүүрүүд хотын гудамж бүрд байрлаж байна. Гэвч бид өөрсдийн түүхээ, ТҮЦ-ээ мартаж болохгүй. Түүнийг баллуурдаж, гадаадын сүлжээг шүтэх нь өөрийн намтар түүхээ түүн дундаа Улаанбаатарын унаган иргэдийнхээ намтар, дурсамжийг баллуурдаж байгаатай адил юм.










