



















Цаг хугацааг хурдасгаж, Монголын улс төрийн үйл явцыг гүйлгэж, дурандъя. Энэ зураглал бол 2024 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж, УИХ-д олонхын суудал авчхаад хэрэгжүүлнэ гэж эртнээс төлөвлөсөн процесс...
...2027 оны зургаадугаар сарын 25. Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслол, ёслол төгөлдөр эхэлж байна. Энэ удаад монголчууд төрийнхөө тэргүүнийг парламентаасаа сонгосноороо өөр. Ингэснээр анхны зургаан жилийн эрхтэй, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь удаагаа Монгол Улсын төрийн тэргүүн боллоо. Улс төрийн албан тушаалын оргилд нь хүрсэн түүний цаашдын зураглал Үндсэн хуулийн цэцийн даргаар суухыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тэрбээр өөрийнхөө босгосон Монгол Ардын намаа тийм ч амархан бусдад шилжүүлэхгүй байх...
“Асуудал эндээс эхлэлтэй”
2016 оны зургаадугаар сарын 30. Салхи эргэж, УИХ-ын ээлжит сонгууль МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Хөшигний араас намаа удирдаж явсан У.Хүрэлсүхийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын 47 гишүүн дэмжиж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар албан ёсоор томилсон юм. Гэхдээ тэрбээр 51 сарын хугацаанд л Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж ажиллаад, 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон юм. Коронавирусийн халдварын ид үед нялх биетэй ээжийг тавчиктай эмнэлгээс гаргаж, зөөсөн нь түүний албан тушаалын суудлаасаа буух шалтгаан байсан гэх тайлбартай. Үнэндээ хөшигний ардах тохиролцоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базаасан нь тэр. Гэхдээ бас сонгуулийнхаа бэлтгэлийг базаахдаа цаашдын улс төрийн замаа засаж амжсан. Хамгийн ашигтай засвар нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт. Тэр өнөөдөр ч, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэхийг тооцоолж, “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” , “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн хоёр чухал өөрчлөлтийг тухайн үеийн УИХ-аар буюу намын гишүүдээрээ хийлгэж чадсан юм.
Гэхдээ сонгогчид анх удаа 2024 онд 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгож, сонгууль нь холимог тогтолцоогоор явсан нь дэвшил. Үндсэн хуулийн дээрх өөрчлөлт парламентын засаглалыг бэхжүүлэхэд том ахиц байсныг хэлэх ёстой.
Харин 2027 онд төрийн тэргүүний бүрэн эрхээсээ буухаасаа өмнө парламент нь ерөнхийлөгчөө сонгодог байх эсвэл дахин сонгогдох өөр боломжийг олж, шинэчлэлийг хийсэн байна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тооцсон. Тиймдээ ч 2024 оны УИХ-ын сонгуульд өөрийн фракцЫн буюу 2027 онд шинэ ерөнхийлөгчөө сонгох үед ямар ч эргэлзээгүйгээр өөрт нь санал өгч, дахин төрийн тэргүүн байх боломжийг өгөх намын гишүүдээ сойсон.
2012 оны 11 дүгээр сард хугацаанаас өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, улс төрөөс явсан. Гэхдээ удалгүй хоёр жилийн дараа МАН-даа, тухайн үеийн Шийдлийн Засгийн газарт Шадар сайдын албан тушаалд томилогдон улс төрд эргэн ирсэн юм. Эндээс эхлэлтэй У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн улс төрийн амьдрал “үсрэнгүй” хөгжсөн гэж дүгнэж болох нь.
“Харин үргэлжлэл нь нутгийн дүүгээ гарын үзүүртээ “гүйлгэх”-ээр дээш татсанаар өрнөв”
Монгол Улсын Ерөнхийлөгч хүн хуулиараа улс төрийн намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлагатай. Эндээс л нутгийн дүүдээ МАН-ын даргын суудлаа өгч, хөшигний араас удирдахаар болсон. Нийтэд ил харагдах нь Л.Оюун-Эрдэнэ ч, ах нь байгаа цагт дүү болоод дүүгийн фракц давж дуугарч чадахгүй. Одоогийн улс төрийн эхлэл, үргэлжлэл, өрнөл ердөө л энэ.
Долоон жилийн өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Би сайд болохгүй шинэ Засгийн газарт парламентаас хяналт тавьж ажиллана. Өнөөдөр фракцууд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг ажлыг нь хийлгэхгүй бойкот хийгээд байвал УИХ тарах ёстой” гэж ярьж байлаа. Тэрбээр танхимын дөрвөн гишүүнтэйгээ нийлж, МАНАН бүлэглэлийг тараахаар төв талбай дээр өлсгөлөн зарлаж, жагссан нь ч нутгийн ахын даалгавар байсан гэж хэлж болохоор өрнөлтэй.
Үндсэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн “өширхөл” эндээс эхэлж, 2027 онд ч үргэлжилж байна. 10 жилийн хугацаанд тэр МАНАН бүлэглэлтэй тэмцэх нэрээр гомдоллохоос өөр өөрчлөлт алга. Гэхдээ түүний энэхүү “хөзөр” нь улс төрд элээх оймсны хугацааг нь сунгасныг үгүйсгэхгүй. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчдыг татах улс төрийн пиар нь ч өнөө л С.Зориг агсны хэрэг байсныг мартаж боломгүй.
Үргэлжлэл бий...










