



















Геополитикийн хурцадмал байдал, хүчний тэнцвэр, геостратегийн шилжилтийн давтамж өөрчлөгдөж буй энэ цаг үед Монгол Улсын гадаад бодлого тогтвортой, суурь зарчмаасаа хазайх ёсгүй. Орос Украины дайнаас хойш дэлхийн улс орнууд үндсэндээ хоёр туйлт ертөнцөд хуваагдаж, бүс нутгуудыг хамрах мөргөлдөөн дахин сэдэрч байна.
Гадаад ертөнцийн тогтворгүй байдалд мэдрэг Монгол Улсын хувьд, бараа бүтээгдэхүүний хомсдол, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдалд өртөхгүй байх бодлогыг Засгийн газар баримтлах ёстой. Монгол Улс цар тахлын үед гаднын улсуудын инфляцыг бараа бүтээгдэхүүнтэй нь хамтад нь импортолж байсан гашуун туршлага үзсэн учраас анхдагч хэрэгцээ хүнсний үйлдвэрлэлээ бодлогоор хөгжүүлэх, дэмжих нь чухал байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 2022 онд "Хүнсний хувьсгал" эхлүүлж 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьсан байдаг. Ер нь Монголчууд дотооддоо хүнсээ үйлдвэрлэхийн чухлыг “муу нэрт” социализмын үеэс мэдэрч ОХУ-ын татварын дарамтаас ангижрах бодлогыг хэрэгжүүлэх гэж зүйл бүрээр мачийж ирсэн.
Гэтэл өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засаг Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ хийж ОХУ тэргүүтэй таван улсаас гаалийн татваргүй бүтээгдэхүүн импортолж, дотоодын ААН-үүдээ буланд шахах эх оронч бус шийдвэр гаргаж байна. Эх оронч бус шийдвэр гаргаснаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Монголын түүхэнд хар толбо үлдээх нь.
Чөлөөт худалдааны түр гэрээнд юу тусгав: Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ хийснээр ОХУ, Казахстан, Беларусь тэргүүтэй таван улсаас 300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирнэ. Чөлөөт худалдааны түр гэрээ 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.
Импортын бараанд ялагдах салбар: Мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа, тос масло. Дотооддоо үйлдвэрлэж буй дээрх бүтээгдэхүүнүүд импортын онцгой татваргүй, квотгүй бараануудад бяц дарагдах юм.
Импортын бараа бүтээгдэхүүн дээр хүнсний чанар, аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Бүүр үндэсний аюулгүй байдлын хүрээнд хөндөгдөх том сэдэв бий.
Дэлхийн Засгийн газрууд "Протекционизм"-ын онолыг чухалчлан дотоодын ААН-үүдээ хамгаалах бамбай болгодог. Протекционизм гэдэг нь дотоодын үйлдвэрлэгчдээ гадаадын өрсөлдөгчөөс хамгаалах үүднээс гааль болон татвараар "саад" үүсгэхийг хэлнэ.
Гэтэл манай Засгийн газар гаалийн татваргүй Евразийн таван орноос хүнс импортолж, дөнгөж өндийж буй дотоодын үйлдвэрлэгчдээ доош нь чангааж, болж өгвөл “булшлах” бодлогоо гурван жилийн “түр гэрээ” хэмээн хаацайлав. Чөлөөт худалдааны гэрээг гурван жилээр түр хийсэн ч энэ хугацаанд боссон дотоодын үйлдвэрийн фундамент тэсэж эс чадна.
Идэж уух, үйлдвэрлэх чадамжаа ийнхүү их гүрний ам руу шидэж орхих нь үндэсний аюулгүй байдлаараа тоглож буй гэнэн тэнэг үйлдэл. Ийм гэнэн тэнэг сүргээр удирдуулж буй Монгол үйлдвэрлэл ч бус Монгол үндэстэн дампуурна. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах нь бүү хэл Японтой байгуулсан чөлөөт худалдааны гэрээнийхээ алдааг олж харж засах чадваргүй клиентилистүүд дотоодын ААН-үүдээ гуравдагчийн хөршийн бодлоготой хамтад нь унагах нь.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ гэрээгээр зарим ААН алдагдал хүлээж, хэд хэдэн салбар цохигдоно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч одоо яалтай, ерөнхий зургаараа манайд ашигтай, гадаад худалдаа арьс шир ноос ноолуурын салбарын экспорт өснө гэсэн шүү утгатай юм яриад сууж байна. ХАА-н бүтээгдэхүүний экспорт өссөн ч дотоодын үйлдвэрлэлээ тавьж туувал энэ улсад хөгжил мөрөөдөлтгүй. Тэр тусмаа дэлхийгээс тусгаарлагдсан ОХУ эдийн засагт сэлбэх “шинэ цус” Монголын зах зээл биш.
Европын холбоотой өрсөлдөх, ижил түвшинд хүрэх гээд чадаагүй Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулж байж бүтэн нойртой бүлээн хоолтой явах тэр улстөрч хэн бэ? ...










