



















Улсын Их хурлын /УИХ/-ын 5 сонгуульд ялж, 2008 оноос 16 жил тасралтгүй бүрэн эрхээ эдэлж буй УИХ-ын гишүүн бол Ц.Даваасүрэн.
Түүний улс төрийн хоч нь “10 хувийн Ц.Даваасүрэн”. Энэ нь түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үедээ олон улсын болон дотоодын томоохон төслүүдийн тендер сонгон шалгаруулалтаас 10 хувийг нь авдаг гэх олны ярианаас үүдэлтэй. Олны шүүмжлэл ортой. Тухайлбал, Ц.Даваасүрэн нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа хувь дээрээ тохирч чадаагүй шалтгаанаар царцаасан эрчим хүчний мега төслүүдийн нэг нь Багануурын ДЦС гэгдэх.
Багануур төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам. доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд 25 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлтэй. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулж, маневрлан зохицуулах боломжтой. Гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр манай тал өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам. долларын гэрээнд Монгол улсын Засгийн газраас ямар ч баталгаа шаардахгүй гэх заалт тусгачихсан байсан. Тухайн үед төсөл нь дэмжигдсэн бол Багануурын ДЦС ашиглалтад орчихсон өнөөдөр цахилгаан дулаанаар ингэж доголдохгүй байх боломж байж.
Хар буруу санаа юунд хөтлөв. Ц.Даваасүрэнгийн гаргасан шийдвэрийн уршигт нь, III ДЦС-ын алдагдал нэг жилийн дотор 13 дахин нугарч 14.6 тэрбум төгрөгт хүрэхгүй байх боломж байж. Ингээд алдагдлаа нөхөхийн тулд иргэдэд худалдах эрчим хүчний төлбөрөө 30-80 хувиар нэмэхээр яригдсан ч, нас хэтэрч хөгширсөн станцуудаа тальхуулаад ч сэхэхгүй нь бололтой.
Өөрийнх нь гаргасан шийдвэрээс үүдэлтэй эрчим хүчний салбар дахь галыг унтраах боломж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд байж. 2025 оны төсвийг хэлэлцэх явцад Төсвийн байнгын хороо тэр тусмаа дарга Ц.Даваасүрэн ажлаа хийсэн бол ирэх онд манай улс үрэх 35.8 их наяд төгрөг буюу иргэдийн бүрдүүлэх мөнгөний хэмжээг нь буулгах боломжтой байсан гэж эдийн засагчид, УИХ-ын гишүүд ч “үглэж” байна. Бодитой баримтад түшиглэн ярьвал, Соёлын сайдад хуваарилсан өсвөр насныханд соёлын эрхийн бичиг тараахад шаардагдах 18.3 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчилж, III ДЦС-д зориулж болох байсан. Гэхдээ тэгэх сэтгэл, санаачилга УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаас гарч амжилгүй, хэт тэлэлттэй, үрэлгэнээр 2025 оны төсвөө баталсан. Хэдийгээр он дуусахаас өмнө төсөвтөө тодотгол оруулна гэгдэх ч, ниргэсэн хойноо хашхирах ч “хүсэл” УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаас харагдсангүй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж огцруулж, эгүүлэн татах асуудлыг хөндөж эхэлсэн юм.
Хариуцлага тооцохоос урьтаж, Ц.Даваасүрэн гишүүн ч хөдлөв. Учир нь тэрбээр, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хийх явцад “Оюутолгойн гэрээг давтах аюултай” гэж тайлбарлаад ураны суурь АМНАТ-ыг 5 биш 9 хувь болгож нэмэх саналыг гаргаж, саналаа дэмжүүлж чадсан юм. Ингэснээр Франц улсын “Орана Майнинг” компанитай хэлэлцээр хийж буй ураны төсөл зогсох эрсдэлтэй болсон тухай Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан ч УИХ-ын чуулганы индэр дээрээс анхааруулж сууна.
Олон нийтийн сүлжээнд ч Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар /АМНАТ/-ын 9 хувийг Ц.Даваасүрэн гэж нэр оноон “ёжолж” ярьж эхэллээ. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл унтрах болоогүй. УИХ-ын Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн Ураны суурь АМНАТ-ыг 9 хувь болгох саналыг цааш нь явуулах эсэх эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн саналыг хурааж, гаргана.
Ийнхүү уул уурхайн том төслүүдээ хөдөлгөж эхлэх гэхээр улс, эх орныхоосоо илүү хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, мэдээлэлгүй орон нутгийн иргэдийг талцуулдаг. Ашиг сонирхлын зөрчлөө “эх оронч”-ын дүрээр далдалж “попордог” Ц.Даваасүрэн гишүүний үйлдлийг олон нийт ч “андах”-аа больж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр түүнийг Монголын төрд, төсөвт наалдсан "хорт хавдар" гэж тодорхойлсон юм.
Мөн Ц.Даваасүрэн гишүүн элссэн нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг нь өгөхгүй бол бие даагаад явчихдаг. Олон нийтийн шүүмжлэлийг өөрөөсөө холдуулахын тулд нэг хэсэг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар “бамбай” хийж явсан ч үе түүнд бий.
АТГ-аас гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Ц.Даваасүрэнгийн орлого жилээс жилд өссөн үзүүлэлттэй, эсрэгээрээ аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар аялал жуучлалын гол бүс нутаг болох Хөвсгөл хөгжил муутай, улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймгийн нэгээр бичигдэж иржээ. Тиймээс тэр аймгаа хөгжүүлэхийн тулд 2021 оноос хойш улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гаргуулж, Хөвсгөл аймгийн сум бүрт бяслагны үйлдвэр бариулж эхэлсэн ч, өнөөдрийг хүртэл нэг ч үйлдвэр ашиглалтад ороогүй. Гурван жилийн хугацаа өнгөрөхөд ажил хэрэг болоогүй төслийг нь шүүмжилсэн УИХ-ын гишүүдийг Ц.Даваасүрэн гишүүн “Бяслагны үйлдвэр бариуллаа гээд ял байгаа бол өг” гэж гэдийж сууна.
Засгийн газар нь том мега төслүүдөө хөдөлгөхийн тулд заавал сайдын албан тушаал “бэлэглэх” ёстой улстөрчдийн нэрсийн жагсаалтыг Ц.Даваасүрэн тэргүүлдэг гэх. Хөдлөшгүй, нотлох баримт нь, түүний сүүлийн найман жил тасралтгүй “нөмөрсөн” давхар дээлийн түүх байж болох юм.
Төгсгөлд нь, МУСГЗ зохиолч, нийтлэлч Ц.Доржготов “Осгох ойлгох хоёрын аль нь түрүүлэх бол” нийтлэлдээ мега төслүүд гацааж эх орноо хорлогчдод хариуцлага тооцъё гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьдаг. Тэгвэл Багануур, Шивээ овоо, Могойн станцуудыг гацаасан Ц.Даваасүрэн, төмөр замын төслүүдийг юу ч биш болгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрыг шалгаж зүрхлэх болов уу гэж хөндөн бичсэнийг дурдъя.










