




















ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тав дахь удаагаа Монгол Улсад айлчлан ирж байна. Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг “дайны гэмт хэрэгтэн” гэж тооцсоноос хойш анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн оронд айлчилж буй нь манай улс. Энэ нь барууны орнуудын анхаарал татсан гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Ромын гэрээг соёрхон баталсан, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнууд түүнийг баривчлах нөхцөл үүссэн энэ цагт Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хэрхэн хандах вэ гэдэгт олон улс “нүд, чихээ” чилээж эхэлсэн юм.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улс /ӨАБНУ/-ын Ерөнхийлөгч Рамафоза, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг өнгөрсөн онд эх орондоо ирэхийг урьж, ирвэл “баривчлахгүй” гэж дэлхий нийтэд зарласан. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчлаагүй юм.
Харин Халх голын ялалтын 85 жилийн ойд тэрээр оролцохоор ирж байна. Дөрвөн жилийн зайтайгаар тав дахь удаагаа хийх айлчлал. Хойд хөршөөс манайх руу чиглэсэн төр, засгийн тэргүүний айлчлалын давтамж Зөвлөлт холбоот улсын үед ч ийм өндөр байгаагүй гэж олон улс судлаачид бичжээ.
Эдгээрээс харахад, Монгол Улс, ОХУ хоёрын ойлголцол өндөр түвшинд байгаагийн нэг илрэл байж болох юм. Украйны дайнд төвийг сахисан байр суурьтай хандсан манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчлах нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлэх, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх. Манай талаас газрын тос, эрчим хүчний хэрэгцээгээ тогтвортой хангах, аюулгүй байдлаа баталгаажуулах, геополитикийн асуудлуудаа шийднэ гэсэн эерэг хүлээлттэй байна. Үндсэндээ ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин “авах уу!?, өгөх үү!?” ...
Айлчлалын үеэр хэлэлцэх хамгийн тодорхой асуудал нь ДЦС-III өргөтгөл, шинэчлэлтийн төсөл. Айлчлалыг угтаж Засгийн газраас яаралтай горимоор УИХ-д оруулж ирсэн энэхүү төслийн санхүүжилт олон нийтийн анхаарлыг татсан. Эрчим хүчний яамнаас төслийг боловсруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын талд хүргүүлжээ. Төслийг боловсруулахдаа 11 зүйл заалттай, орос хэл дээр бичжээ. Гэхдээ төслийг хэрэгжүүлэх болвол, манай талын хууль, тогтоомжийг мөрдөхгүй байх зохицуулалттай. Энэ нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдийн “ундууцлыг” хүргэлээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч, “Бид өөрсдөө ТЭЗҮ-гээ хийх мөнгөтэй байсан бол хүнээс гуйхгүй. Эрчим хүч эрэлтээ дийлэхгүй байна” гэж мэдэгдсэн.
Зарим УИХ-ын гишүүний "ундууцах" шалтгаан нь тухайн төслийн нийт өртөг 1.3 тэрбум евро буюу 4.8 их наяд төгрөг. Нэмээд рублийн зээл атлаа еврогоор илэрхийлсэн заалт байлаа. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс, “Жилийн хүү нь 2 хувь буюу харьцангуй бага. Дэлхийн бусад улсаас зээл авахад хамгийн бага хүү нь 10 хувь байхад энэхүү төслийн зээлийн хугацаа 20 жил, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлсөн. Энэ нь манай улсын эдийн засаг урд хөршөөс ихээхэн хамааралтай болсон үед тэнцвэрийг хадгалах боломжтой зээл” гэж тодорхойлж, дэмжжээ.
Хоёр улсын Төрийн тэргүүнүүд өнгөрсөн долоодугаар сард ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр уулзахдаа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин атомын цахилгаан станц барьж өгөх саналыг манайд тавьсан. Энэхүү саналыг хүлээж авах эсэх асуудал айлчлалын үеэр болох албан ёсны хэлэлцээгээр тодорхой болох хүлээлттэй байна.
Судлаачид, мэргэжилтнүүд, олон нийт нь эрчим хүчний хамаарлаас гарах ёстой гэж 30 гаруй жил тасралтгүй ярьж, шүүмжилсэн. Тиймээс шийдвэр гаргагчид эрчим хүчээ хойд хөршөөс худалдан авдаг хамаарлаа багасгах асуудлыг шийдэх саналыг хэлэлцээртээ багтаасан гэж найдаж сууна.
Мэдээж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг уривал, хүлээж авбал ямар сорилттой тулах, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгээ манай улс тооцсон байж таарна. Барууны орнуудын байр суурийг ч тандаж, энэ дундаас юуг нааш нь эргүүлэхээ томъёолсон нь тодорхой. Нэгэнтээ олон улс хоорондын харилцаа, гадаад бодлогын дүрэмд бүх улсын төрийн тэргүүн халдашгүй дархан эрх эдэлдэг тул айлчлал угтсан харанхуй хийрхэл, улс төржилт манайд л халтайг мартаж болохгүй.











