




















Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тав хоногийн дараа буюу ирэх есдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд айлчлах гэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 02-ны орой Монголд газардсанаар, хоёр орны төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ эхлэх хөтөлбөртэй. 2024 онд Монгол Улс, ОХУ-тай Дипломат харилцаа тогтоосны 102 жил, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой тохиож буй.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалын гол шалтгаан нь Халх голын байлдааны ялалтын баяр ч, айлчлал дагасан хоёр орны хоорондын яриа хэлэлцээ юу байх вэ гэдэгт олон улс чих тавьж байна. Ялангуяа Олон Улсын Эрүүгийн шүүхээс В.В.Путиныг дайны гэмт хэрэгт буруутгаж, хэзээ мөдгүй баривчилж болзошгүй болсон энэ цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлах нь олон улсын анхаарлыг татах нь мэдээж. Тэрбээр баривчлагдахаасаа сэргийлж, олон улсын дээд хэмжээний уулзалтад байнга цэрэг, тусгай хүчний өргөтгөсөн хамгаалалт дор явдаг болсон гэж олон улсын мэдээллийн агентлагууд бичиж буй. Тиймээс удахгүй айлчлах ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг дагасан "цэргийн хүч" Монгол Улсад орж ирж магадгүй юм.
Хамгийн сүүлд Монгол, ОХУ-ын ерөнхийлөгчид Бүгд найрамдах Казахстан улсад өнгөрсөн долоодугаар сарын 03-ны өдөр болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр уулзсан. Тухайн үеийн хоёр талт уулзалтын агуулгаас ажиглахад, тав хоногийн дараа болох ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах асуудал дахин хөндөгдөх магадлалтай. Ингэхдээ хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, хэлэлцээ байгуулна гэсэн хүлээлттэй байна. Тэр дундаа манай Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эгийн гол УЦС" болон "Шүрэнгийн УЦС"-ын төслийг дэмжиж, хамтран ажиллах саналыг гаргаж, нэгдсэн ойлголцолд хүрээсэй гэсэн хүлээлт олон нийтэд бий.
Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэмжээний хувийг ОХУ-аас, тэр дундаа Иркутскэнерго эрчим хүчний систем, Буриадын эрчим хүчний системийн цахилгаан станцуудаас авдаг. Нэг ёсондоо ОХУ-ын талаас манай оронд 345 МВт эрчим хүч нийлүүлдэг. Харин Монголд шаардлагатай 345 МВт эрчим хүчийг нийлүүлдэг хойд хөршийн цахилгаан станцад гэмтэл гарч, ОХУ-аас манайд нийлүүлэх эрчим хүчээ 150 МВт болгоход л манай орон дотооддоо цахилгаанаа хуваариар хязгаарлахаас өөр сонголтгүй болж байв. Тиймээс хоёр төрийн тэргүүний хамгийн сүүлийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр танай эрчим хүчний хэрэгцээ өссөнийг бид харж байна. Иймд манай улс дотооддоо олон тоогоор барьж байгуулж буй бага оврын Атомын цахилгаан станцыг Монголд барьж өгье” гэсэн саналыг тавьсан.
Мөн түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. ОХУ-ын талаас хориг тавих шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг нь баталгаажуулах хэлэлцээрийг хоёр тал хийх байх. Мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, III ДЦС-ын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын талаарх өмнөх яриа, хэлэлцээ үргэлжилж магадгүй байна.
Монгол Улсаас Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойг нутаг, дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлэх саналыг удаа дараа гаргасан байдаг. ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум орчим шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын өмнөхнөөс эхлэн сүүлийн хэдэн жил идэвхтэй яригдаж буй. Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь ОХУ байгалийн хийгээ БНХАУ-аас эхлэн бусад Азийн орон руу чиглүүлэн нийлүүлэлтээ нэмж, Зүүн Хойд Азийн эрчим хүчний диманикийг өөрчлөх чухал ач холбогдолтой төсөл. Гэсэн ч цар тахалтай холбоотойгоор хойшилсон "Сибирийн хүч-2"-ын бүтээн байгуулалт эцэслэн баталгаажаагүй явсаар ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн гацаанд орсон юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн үр өгөөжтэй байгалийн хийн хоолойг дамжуулах саналд өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Энэ бол эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж тул дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” гэж хариулсан удаатай. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үздэг. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчилна гэсэн хүлээлттэй байсан ч, Монголын дотоод, гадаад олон хүчин зүйл нөлөөлж айлчлалаа цуцалсан гэх албан бус мэдээлэл гарсан. Зарим олон улс судлаач БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн айлчлал цуцлагдсан шалтгааныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал болон X Богдын асуудалтай холбон тайлбарлаж эхэлсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хамгийн сүүлд 2019 онд Монгол Улсад зочилсон. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэлийн харилцааг “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” болгож нэг шат ахиулсан. Энэ хүрээндээ хоёр тал доорх 10 баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.
1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ
2. Терроризмтай тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
4. Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчилгээг сунгах тухай
5. Монгол-Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай
6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө
7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар ОХУ-ын "Росгеологи" ХН-ийн ТӨК хоорондын хэлэлцээр
8. "Монгол шуудан" хувьцаат компани ОХУ-ын "Орос шуудан" холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоороондын стратегийн хамтын ажиллагаа
9. “Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
10. "Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК" ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тухайд Монгол Улсад хамгийн анх 2000 онд Ерөнхий сайдын хувиар айлчилсан бол үүнээс хойш Ерөнхийлөгчийн хувиар 2009, 2014, 2019 онуудад гурван удаа айлчилж байв.










