



















Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит компаниудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудаар хөндлөнгийн аудит хийлгэнэ. Ингэхдээ тухайн жилдээ аудит оруулах төрийн өмчит компаниудын жагсаалт болон аудит хийх ОУ-ын компанийг нь сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно гэж тусгажээ. Энэ нь Засгийн газар дахин УИХ-ын хяналт тавих онцгой эрхэд халдсан үйлдэл болохоос гадна Үндсэн хууль зөрчинө гэж Үндэсний аудитыг газар анхааруулаад байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу УИХ нь улсын төсвийг батлах, санхүүгийн хяналт тавих, төрийн өмчийн удирдлагын зарчим, хяналтыг хэрэгжүүлэх онцгой эрхтэй. Үүний хүрээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, аудит хийх эсэхийг УИХ-ын хянаж, хийх үүрэгтэй юм.
Нөгөө талдаа Төрийн өмчит компаниудын удирдлагыг сонгон томилох эрх, үүрэг УИХ-д давхар бий. Тиймээс Төрийн өмчит байгууллагын ил тод байдал, тэдэнд тавих хяналтын асуудлыг хуулиар зохицуулах нь УИХ-ын эрх мэдлийн нэг хэсэг.
Гэтэл Засгийн газар харьяа хуульд нь өөрчлөлт оруулах төсөл боловсруулж УИХ-аар батлуулах гэж зэхэхдээ, төрийн өмчит компаниудад аудит хийлгэх жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах эрхийг шууд авахыг “завдав”. Энэ нь УИХ-ын хяналтын механизмыг сулруулж, эрх мэдлийн хуваарилалтыг зөрчсөн үйлдэл байж болзошгүй.
Уг нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэл нь төрийн өмчит хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, үр ашигтай байдлыг хангах үүргээр хязгаарлагддаг. Тиймээс хэрэв аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах нь, УИХ-ын хяналтын механизмыг орхигдуулж, Засгийн газар дангаар шийдвэр гаргадаг болбол энэ нь УИХ-ын онцгой эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй болоод буй.
Мөн Засгийн газарт төрийн өмчит хуулийн этгээдийн аудиттай холбоотой бүх эрх мэдлийг төвлөрүүлэх, УИХ-ын хяналтыг багасгах байдлаар хэрэгждэг болбол, шууд эрх мэдлийн хуваарилалтын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсэх юм. Товчхондоо, холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-ын онцгой эрхэд халдсан нөхцөл байдал дахин үүсээд байна.
Засгийн газар, УИХ-ын онцгой эрхэд дахин халдсан гэхийн учир нь:
2024 оны Төсвийн тодотгол хийх үед буюу өнгөрсөн наймдугаар сард Засгийн газраас дагалдуулан оруулж ирсэн Худалдан авах ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн заалт нь "тендергүй" болъё гэдэг агуулгатай байсан. Тиймээс төсвөөс санхүүжилттэй ажил, үйлчилгээг төр нь хувийн хэвшлүүдээсээ дээрэмдэж болохгүй гэж Ч.Лодойсамбуу нарын гишүүд эсэргүүцэж, УИХ дахь МАН, АН-ын бүлгээс УИХ-ын улсын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалт гэж үзээд эргэж харах ёстой гэсэн байр суурийг тухайн үед илэрхийлж байлаа. Тухайн хуулийн төсөлд, чадавхад суурилсан хэрэгцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан нь онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй гэж үзээд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх зүйл заалтыг хасаж, баталсан байдаг.
Энэ мэтээр УИХ-ыг үнэгүйдүүлэх, хүчгүйдүүлэх сонирхол Засгийн газраас үе үе цухалзах болсон нь өргөн барьсан хуулийн төслүүдэд тусгагдсан зүйл заалтуудаас харж болно. Уг нь УИХ нь хууль тогтоох бүрэн эрхээ эдэлдэг байх, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалаа хэрэгжүүлдэг байх буюу Үндсэн хуулиар хуульчилж өгсөн эрх мэдлийн хуваарилалтуудаа хил хязгаар дотроо байлгах нь одоо цагт хамгийн тулгамдсан асуудал болоод байна.










