



















Сүүлийн нэг жилийн хугацаанд зах зээлийн анхаарал ихэнхдээ алт, мөнгөн дээр төвлөрсөн байлаа. Хөрөнгө оруулагчид аюулгүй актив руу чиглэсэн урсгал, төв банкны худалдан авалт, инфляцын эрсдэлийн талаар маргалдаж байх зуур зэс чимээгүйхэн үнээ дахин тогтоож байна.

Оны эхнээс хойш зэсийн үнэ ойролцоогоор 4%-иар өссөн бөгөөд энэ нь 2025 онд бараг 40%-ийн өсөлт үзүүлсний дараах үргэлжлэл юм. Шинжээчид ойрын арван жилд зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давж болзошгүй хэмээн анхааруулж байна.
19-р зууны сүүлээр Томас Эдисон хотуудыг цахилгаанжуулахдаа цахилгаан станцаас айл өрх, үйлдвэр, гудамж талбай руу эрчим хүч дамжуулахад зэсийг ашиглаж байв. Тэр цагаас хойш зэс нь эрчим хүч, үйлдвэрлэл, тээвэр, харилцаа холбооны системд гүн шингэсэн, орчин үеийн эдийн засгийн суурь материал болж ирсэн. Харин өнөөдөр түүний ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Зэс нь цахилгаанжуулалт, хиймэл оюун ухааны дэд бүтэц, цахилгаан автомашин, батлан хамгаалах технологийн гол цөмд байрлаж байна. Гэвч энэхүү шилжилтийн цар хүрээ, хурд нь зэсийн үйлдвэрлэлийн физик боломжийн хязгаарыг сорьж эхэлжээ. S&P Global-ын тооцоолсноор, томоохон хөрөнгө оруулалт хийгдэхгүй бол 2040 он гэхэд зах зээл дээр ойролцоогоор 10 сая метр тонн зэсийн хомсдол үүсч болзошгүй байна.
Оны эхэнд зэсийн үнэ Лондонгийн Металлын Бирж (LME) дээр түүхэн дээд түвшинд хүрч, нэг метр тонн нь 13'407 ам.доллар болсон юм. 2026 оны эхнээс хойш зэсийн үнэ аль хэдийн ойролцоогоор 3%-иар өссөн бөгөөд энэ нь 2025 онд бараг 40%-ийн өсөлт үзүүлсний дараах үзүүлэлт юм.
Түүхэн талаасаа зэс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй, ялангуяа барилга, үйлдвэрлэлийн идэвхтэй нягт уялддаг мөчлөгт түүхий эд байсаар ирсэн.

Өмнөх өсөлтийн үеүдэд эдийн засгийн өсөлт саарах, эсвэл нөөц дахин бүрдэх үед үнийн өсөлт сулрах хандлагатай байв. Харин энэ удаад зэсийн эрэлтийг хөдөлгөж буй хүчин зүйлс илүү өргөн хүрээтэй, илүү тогтвортой шинжтэй харагдаж байна.
Одоогоор зэсийн хэрэглээний өсөн нэмэгдэж буй хэсэг нь богино хугацааны эдийн засгийн хэлбэлзэлд төдийлөн мэдрэмтгий бус, урт хугацааны цахилгаанжуулалтын чиг хандлагатай шууд холбоотой болжээ.
Эрэлтийн талаас авч үзвэл, зэс нь цахилгаан дамжуулахад зайлшгүй шаардлагатай үндсэн материал юм. Энэ нь цахилгааныг өндөр үр ашигтай дамжуулдаг, зэврэлтэнд тэсвэртэй, байгалийн гаралтай нянгийн эсрэг шинж чанартай бөгөөд дахин дахин боловсруулсан ч үндсэн шинж чанараа хадгалдаг. Орлуулах боломж хязгаарлагдмал. Ихэвчлэн хөнгөн цагааныг орлуулах хувилбар гэж дурддаг ч түүний дамжуулах чадвар нь зэсийнх ердөө 60 орчим хувьтай тэнцдэг. Иймээс ижил хэмжээний цахилгаан дамжуулахын тулд илүү зузаан кабель шаардлагатай болдог бөгөөд дулаан муу тараадаг тул нэмэлт тусгаарлалт хийх хэрэг гардаг.
S&P Global-ын тооцоогоор, дэлхийн зэсийн эрэлт 2040 он гэхэд ойролцоогоор 50 хувиар өсөж, өнөөгийн 28 сая тонн орчмоос 42 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг дөрвөн үндсэн хүчин зүйл тодорхойлж байна.
Үүнд:
-Эдийн засгийн суурь эрэлт,
-Эрчим хүчний шилжилт ба хүчин чадлын нэмэгдэл,
-Хиймэл оюун ухаан (AI) ба дата төвүүд,
-Батлан хамгаалахын шинэчлэл.
Суурь эдийн засгийн эрэлт болон эрчим хүчний шилжилттэй холбоотой хэрэглээ хамгийн том хувь нэмэр оруулах хэвээр байх бөгөөд нэмэгдэж буй эрэлтийн 60 орчим хувийг Ази тив дангаараа бүрдүүлэх төлөвтэй байна.
Дэлхий даяарх зэсийн хэрэглээний дөрөвний гурав нь цахилгаантай холбоотой хэрэглээнд ногддог. Үүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, электроник, цахилгаан тоног төхөөрөмж багтана. Барилга нь одоог хүртэл хамгийн том эцсийн зах зээл хэвээр байна. Зэсийг барилгын доторх цахилгааны утас, сантехник, халаалт, хөргөлтийн систем, засвар шинэчлэлд өргөн ашигладаг бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт удааширсан үед ч тогтвортой эрэлтийг хангадаг.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан болон дата төвүүд эрэлтийн хурдтай өсч буй шинэ эх үүсвэр болж гарч ирлээ. S&P Global-ын тооцоогоор дата төвүүдийн зэсийн эрэлт 2025 онд 1.1 сая тонн орчим байсан бол 2040 он гэхэд 2.5 сая тоннд хүрэх төлөвтэй. Энэхүү эрэлтийн дийлэнх нь дотоод цахилгаан түгээлт, хөргөлтийн систем, мөн эдгээр байгууламжийг тэжээх цахилгаан сүлжээний холболтоос үүдэлтэй.
Арван жилийн төгсгөл гэхэд AI-ийн сургалтын дата төвүүд нь дата төвтэй холбоотой нийт зэсийн эрэлтийн талаас илүүг бүрдүүлэх төлөвтэй байна.
Эдгээр тогтсон хүчин зүйлсээс гадна шинээр гарч ирж буй технологиуд эрэлтийг улам нэмэгдүүлэх боломжтой. Хүн төрхт робот (humanoid robotics) нь одоогоор эхний шатандаа байгаа ч зэсийн хэрэглээний хувьд өндөр нягтралтай. Нэг ийм робот дунджаар 4–8 кг зэс агуулдаг бөгөөд энэ нь мотор, хөдөлгөгч механизм, утас, мэдрэгч, батерей, хагас дамжуулагчид ашиглагддаг.
Хэдийгээр зах зээлд нэвтрэх хувилбарууд нь болгоомжтой байсан ч бодит нөлөө үзүүлэхүйц хэмжээтэй.
Батлан хамгаалах салбар нь зэсийн эрэлт нэмэгдэх өөр нэг чухал чиглэл юм. Геополитикийн хурцадмал байдал, цэргийн системийн шинэчлэл нь батлан хамгаалах зардлыг өсгөж, шинэ технологийн нэвтрэлтийг түргэсгэж байна. Зэс нь цахилгаан дамжуулах чадвар, найдвартай байдлынхаа улмаас цэргийн техник, дэд бүтэц, холбоо, хөдөлгүүрийн системд өргөн ашиглагддаг.
Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь стратегийн ач холбогдолтой тул үнийн хувьд уян хатан бус шинжтэй. 2025 онд Гааг хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 5 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцсон. Үүний үр дүнд батлан хамгаалах салбарын зэсийн жилийн эрэлт 2040 он гэхэд 1 сая тонн орчимд хүрч, өнөөгийн түвшнээс гурав дахин өсөх төлөвтэй байна.
Эрэлт огцом өсч байгаа ч нийлүүлэлт нь одоо ажиллаж буй уурхайнуудын хөгшрөлтөөс шалтгаалан хязгаарлагдмал хэвээр байна. Хэрэв хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдэхгүй бол 2040 он гэхэд ойролцоогоор 10 сая тоннын нийлүүлэлтийн дутагдал үүсэх эрсдэлтэй.
Энэхүү зөрүүг нөхөх нь ойрын хэдэн арван жилд асар том сорилт болно. Нийлүүлэлтийн хариу үйлдэл нь бүтэц, системийн хувьд хязгаарлагдмал. Зэсийн онцгой дамжуулах чадвар, бат бөх байдал, дахин боловсруулах боломжийг орлох бодит хувилбар бараг байхгүй.
Цаг хугацааны явцад зэсийн ордуудын нөөц багасч, олборлолт илүү төвөгтэй, өртөг өндөртэй болж байна. Үүний зэрэгцээ уул уурхайн компаниуд зохицуулалт, байгаль орчны шаардлага, орон нутгийн эсэргүүцэлтэй улам их тулгарч байна.
Эдгээр сул талууд сүүлийн жилүүдэд олон удаагийн нийлүүлэлтийн доголдолд хүргэсэн. Freeport-McMoRan компани дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай болох Грасберг уурхайдаа форс-мажор зарласан бөгөөд энэ уурхай нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 4 орчим хувийг бүрдүүлдэг. Бүрэн сэргэлт 2027 оноос өмнө хүлээгдэхгүй байна. Мөн Чили дэх Capstone Copper-ийн Mantoverde уурхайд ажил хаялт үргэлжилж, нийлүүлэлтийн тасалдал энэ саруудад ч үргэлжлэх төлөвтэй байна.
Энэ нь зохицуулалт, байгаль орчин, улс төр, зардлын хүндрэлүүдтэй холбоотой. Харин одоогийн үнийн түвшин 2040 он гэхэд томоохон шинэ ордуудыг ашиглалтад оруулахад хангалттай урамшуулал болж чадахгүй байна. Хялбар хүрэх боломжтой зэсийн ихэнх ордууд аль хэдийн олборлогдсон эсвэл одоо олборлолтод байгаа юм.
Иймээс одоо ашиглагдаж буй ордуудаас олборлолтыг дээд хэмжээнд хүргэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ төслүүдийн зөвшөөрөл, урамшууллын орчныг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ирээдүйн нийлүүлэлт нь илүү гүн хайгуул, илүү өндөр өртөг, илүү нарийн технологи шаардана.
Онолын хувьд ирээдүйн эрэлтийг хангаж чадах зарим ордууд илэрсэн ч одоогийн үнэ, технологийн нөхцөлд эдгээрийн олонх нь бодит төсөл болж хэрэгжихгүй байх магадлалтай.
Хоёрдогч нийлүүлэлт нь дахин боловсруулалтаас бүрддэг. Зэс нь дахин боловсруулсан ч шинж чанараа бүрэн хадгалдгаараа бусад металлаас онцлог. Салбар бүрт зэсийн хэрэглээ өсөхийн хэрээр ашиглалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнээс гарах хаягдал ч нэмэгдэнэ.
Ашиглалтын төгсгөлийн зэсийн хаягдал жилд дунджаар 4 хувиар өсч, 2040 он гэхэд 15 сая тонноос давна. Хэрэв дахин боловсруулах хувь 2025 оны 50 хувиас 2040 онд 66 хувь болвол, хоёрдогч зэс нийлүүлэлт ойролцоогоор 6 сая тонныг бүрдүүлэх боломжтой гэж S&P Global тооцоолжээ.
Дахин боловсруулалтын хөгжил нь цуглуулалт, боловсруулалтын илүү үр ашигтай дэд бүтцээс хамаарна. Олборлосон зэстэй харьцуулахад хаягдал зэсийн нийлүүлэлт илүү уян хатан боловч бодлогын дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй. АНУ, Европын холбоо, Хятад зэрэг бүс нутгууд дахин боловсруулах зорилт тогтоох, дэд бүтцийг дэмжих бодлогыг аль хэдийн хэрэгжүүлж эхлээд байна.
Эдгээр арга хэмжээ нь байгаль орчны нөлөөг бууруулж, хоёрдогч зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Боловсруулалтын технологи мэдэгдэхүйц сайжирсан ч дахин боловсруулалт 2040 он гэхэд нийт нийлүүлэлтийн дор хаяж гуравны нэгийг бүрдүүлэх төлөвтэй байна.
Хайлуулах, цэвэршүүлэх шатны боловсруулалт голчлон Хятадад төвлөрсөн нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд стратегийн чухал зангилаа болж байна. Хятад улс дэлхийн нийт 29 сая тонн орчим хайлуулах хүчин чадлын 12 сая тонныг дангаараа хянаж байгаа бөгөөд нөлөөгөө цаашид ч тэлсээр байна.
Боловсруулалтын ашгийн хэмжээ буурч, бүс нутгийн зардал, зохицуулалтын ялгаа нэмэгдэж байгаа нь салбарыг эмзэг болгож байна. Үүний зэрэгцээ дэлхийн хүчин чадлын 40–50 хувь нэг улсад төвлөрсөн нь системийн эрсдэл, геополитикийн тасалдлын магадлалыг өсгөж байна.
Эдгээр бүх шалтгааны улмаас засгийн газрууд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний стратегийн ач холбогдлыг улам ихээр ухамсарлаж байна. Олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд, төрийн сангуудын идэвхжил нь Хятадаас хамаарал багатай, олон эх үүсвэртэй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох өөр стратегиудыг төрүүлж байна.
Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, хиймэл оюун ухаан, дата төвүүд, батлан хамгаалах салбарын урьд өмнө байгаагүй өсөлт нь цахилгаанжуулалтын гол металл болох зэсийн дэлхийн эрэлтийг огцом нэмэгдүүлж байна. Тулааны талбарын цахилгаанжуулалтаас эхлээд дэвшилтэт робот техник хүртэлх шинэ технологиуд энэ эрэлтийг улам хурдасгана. Харин зэсийн нийлүүлэлт энэхүү хурдацтай өсөлтийг гүйцэхгүй байна.









