



















Хаврын хурдан морины уралдаан, Утааны сонсгол гэж монголчууд цахимд шуугиж, энэ сэдвээр өдөр шөнөгүй амьсгалж байх хооронд Засгийн газар урд хөрштэй байгуулах Гашуунсухайт-Ганмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийн агуулгаа өөрчилсөн асуудал хөндөгдөх боллоо. Улсын нууц гэж тодотгоод УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцээрийн төслөө хэлэлцүүлэхдээ УИХ-ын баталсан чиглэлд тусгаагүй асуудлуудыг оруулж ирж, батлуулж чаджээ.
Байнгын хороодын хурлыг эргэн санавал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийн төслөө тараахдаа "албан хэрэгцээнд" гэдгийг нь онцгойлон сануулсан юм. Энэ нь улсын нууцад хамаарах асуудал тул УИХ-ын гишүүдийг "ам алдав" гэж анхааруулсан байх.
Уг нь Улсын Их хурлаас баталсан Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлд,
Нэгдүгээрт, Төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
Хоёрдугаарт, Төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;
Гуравдугаарт, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
Дөрөвдүгээрт, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;
Тавдугаарт, Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 ооос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх;
Зургаадугаарт, Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах;
Долоодугаарт, Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;
Наймдугаарт, Төслийн ажлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах.... гэх зэргээр 12 шаардлагыг тусгасан дараалалтай байсан юм.
Гэтэл УИХ-ын Эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хэлэлцүүлсэн улсын нууц гэгдэх төсөлд:
"...Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа нь хил дамнасан төмөр замыг эхлүүлэх эхлэл болно” гэжээ. Энэ нь Нүүрсээ эхлээд хэрхэн худалдах худалдан авахаа шийдвэл хил холболтын асуудлаа яръя гэж тохирчээ. Үндсэндээ, урд хөрш хил дамнасан төмөр замын холболтыг бус нүүрсний гэрээг чухалчилсан байна.
Мөн хэлэлцээрийн төсөл гардан боловсруулсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Хятадын тал хувьцаа эзэмшихгүй ч уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгойн Онч хараат, Бор толгой гэх 2 орд дээр шинээр ам нээж олборлолт хийнэ. Энэ олборлолтыг харин Чайна Энержи гүйцэтгэнэ. Үндсэндээ урд хөршийн компаниудыг дэмжих таатай нөхцөл бүрдүүлнэ" гэж тайлбар өгч сууна.
Гэтэл УИХ-аас баталсан хэлэлцээр байгуулах Үндсэн чиглэлд "... Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх" гэжээ.
Эндээс Засгийн газар УИХ-ын баталсан тогтоолыг яагаад зөрчих болов гэдэгт хариулах хэрэгтэй болно. Гэхдээ хэдийнээ Засгийн газар УИХ-аас баталсан Үндсэн чиглэлд тусгаагүй, мөн өөрчилсөн хэлэлцээрийн төслөө УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Улсын нууц гэх дор байнгын хороодын гишүүд ч Засгийн газраас төслийн тухай дорвитой асуулт асууж, хариулт авч чадаагүй, бөөрөнхийлөөд өнгөрсөн юм.
Уг нь Монгол, Хятадын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийн төсөл нь хоёр улсын эдийн засаг, улс төрийн харилцаанд чухал ач холбогдолтой. Мөн Монгол Улсын нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлж, БНХАУ-ын эрчим хүчний хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах үндсэн зорилготой. Гэвчиг Засгийн газар энэ төслийг ажил хэрэг болгохын тулд хэтэрхий улайрч, улсын эрх ашгаа бус улс төрчдийн эрх ашиг, ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж буйг хэрсүү иргэд анхаарч, УИХ хариуцлагатай хандаж, хяналтаа тавих шаардлагатай бололтой.
Хөндлөнгөөс ажиглаж, анализ хийхэд:
Гуравдагч талын оролцоог хязгаарлах: Хэлэлцээрийн төсөлд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр төслийг хэрэгжүүлэхээр заасан нь Монгол, Хятадын хоорондын шууд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. Гэсэн ч энэ нь бусад хөрш орнууд болон олон улсын түншүүдийн анхаарлыг татаж, бүс нутгийн геополитикийн тэнцвэрт нөлөөлж болзошгүй.
Эдийн засгийн харилцан ашигтай байдал: Төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэхээр тусгасан нь хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Мөн эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэх нь талуудын хоорондын хэлэлцээний явцад хүндрэл үүсгэж болзошгүй.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны шилжилтгүй байдал: Хэлэлцээрийн төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх заалт оруулсан нь үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, стратегийн чухал нөөцийг хяналтандаа байлгах зорилготой. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Царигийн асуудал: Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг шийдвэрлэхдээ Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаар барьж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрүүлэхээр тохиролцсон нь техникийн маргааныг шийдвэрлэхэд чиглэсэн ч урт хугацаанд ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нөлөөлж болзошгүй.
Бүс нутгийн хамтын ажиллагаа: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг бусад боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэхээр тусгасан нь бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих чухал алхам юм. Хамгийн гол нь эдгээр төслүүдийн хэрэгжилт нь хөрөнгө оруулалт, улс төрийн дэмжлэгээс хамаарна.
Үндсэндээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийн төсөл нь Монгол, Хятадын эдийн засаг, улс төрийн харилцаанд шинэ шат авчрах боломжтой. Гэвч төслийн хэрэгжилт нь талуудын ашиг сонирхлын тэнцвэр, бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, дотоодын улс төрийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлээс хамаарах тул нарийн төлөвлөлт, харилцан ойлголцол шаардлагатай байх шиг. Тиймээс төслийг гардан боловсруулж буй Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газраа эрх ашгаас урьтаж, улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдлаа нэгдүгээрт тавьж, асуудалд ул суурьтай хандах нь амьдралтай байх.










