



















Монгол улсад бүртгэлтэй ААН-үүдийн тал нь зогсжээ. Үүнд гайхаж халаглах шаардлагагүй. Төрийн зохицуулалт нь үр дүнгээ үзэж байгаа нь энэ.
Аливаа ажил үйлчилгээ эрхлээд олох орлогоос 50 орчим хувь нь татварт явчихаар ямар ААН-ийн үйл ажиллагаа үргэлжлэх билээ? Харин ч 100 хувь зогсчхоогүй байгаад гайхаш төрнө. Ямар арга чаргаар тэсэж үлдээд, бүс байдаг бол тэрийгээ чангалж яваа юм бүү мэд. Ерөөс Монгол ААН, бизнес эрхлэгчдийн тэсвэр тэвчээр, эр зоригийг Геннисийн дээд амжилтад бүртгүүлүүштэй. Монголд дампууръя гэвэл, зовлонгоо дуудъя гэвэл бизнес эрхэл гэж бизнес эрхлэгчдийн форумд үг хэлмээр ч юм шиг. Эс бөгөөс дургүй хүнээ Монголд үйл ажиллагаа эрхэл гэж хараамаар.
2024 оны байдлаар бүртгэлтэй ААН-үүдийн ердөө 40 хувь нь ажиллаж, 19 хувь нь үйл ажиллагаагаа эхлээгүй, үлдсэн 41 нь хувь царцанги байдалд байна гэнэ. Үйл ажиллагаагаа эхлээгүй гэдэг чинь царцаад байгаагаас ялгаагүй. Энэ хоёр хувийг нэмээд тооцвол бараг 60 орчим хувь нь зогсжээ. Ажил хийнэ, орлогоосоо 10 хувь татвар төлнө, хэн нэгэнд цалин өгөөд ажиллуулбал ажилтан нь 11.5 хувь ажил олгогч нь 14.5 хувь нийлээд 26 хувь татвар төлж байна. Дахиад худалдан авалт бүрдээ 10 хувь. Зэрлэг тогтолцоо л доо. Зэрлэг капитализм биш шүү.
НДШ бол татвар биш гэж дебилтэцгээнэ. Улсад албан хүчээр төлж л байвал энэ бол татвар мөнөөсөө мөн дөө.
ААН-үүдийн дампууралд нэг их шалтгаансаад байх юмгүй дээ. ААН-үүдийн зогсолт, царцалт, дампууралтын эх 100 хувь МАН-ын дорой засаглалын толь юм.
Танхим нь ч гэж бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг биш улс төрчдийнхөө эрх ашгийг үүрч явдаг өрөөл татанхай байгууллага болж. Ерөнхийлөгчөө сонгох гэж улаан хэрүүл, талцал. Бизнесийн эрх ашиг биш улс төрийн эрх ашиг үнэртэнэ. МҮХАҮТ хамгийн сүүлд 2023 оныг цар тахлын үетэй харьцуулж судлаад, түүнийгээ танилцуулаад орхисон байгааг харахад тэдэнд найдалтгүй. Найдаж болох байсан бол бизнес эрхлэгч ААН-үүдийнх нь тал нь дампуураад байхад ядаж л тэднийгээ хамгаалах гаалийн татварын асуудлыг хөндөнө явж байна биз дээ. МҮХАҮТ нь “Протекционизм” буюу үндэсний эрх ашгаа зохицуулан хамгаалах бодлого ч үгүй, үгүйдээ л татварын орчныг сайжруулах дээр дугарсан ч үгүй.
Бизнесийн орчин муудаад байгааг захын тэнэг ч мэдэж байна. Тийм өгүүлбэр сайтдаа нийтлээд ч яахав дээ “Танхим” минь.
Хамгийн тогтворгүй, хамгийн өгөөжгүй, өсдөггүй, хүртээмжгүй, эрсдэлтэй систем бүрдүүлчхээд НДШ төлдөг 758 мянган хүний хөдөлмөөр нийгмийнхээ үлдсэн хэсгийг тэжээх нь шударга юм байх. Хүчээр ингэж тогтоовол ирэх онд ААН 100 хувь үүдээ барих нигууртай.
Хосоо шувтруулан барин татвар төлөх ААН-үүдийн мөнгөн урсгал төрийн албаны зугаа цэнгэл, талоноор тэжээлгэгчдийн хоногийн хоол, захын “идиот”-ын санаачилсан төслүүдэд цутгаж байна. Тэд чинь дампуурвал наад тогтолцоог чн хэн тэжээх вэ. Нийгмийн мөнгөн урсгал зогсвол яаж амиа торгоох засаг вэ?
Монгол улсад хөдөлмөрийн насны 2.3 сая хүн. Тэдний маань 63 хувь нь ажиллах хүч юм гэнэ. Тэгэхээр ажил хийж байгаа 1.3 сая хүний нуруун дээр яваа эмзэг эдийн засаг л даа. Үүнээс төрийн албан хаагчийн тоо 1.3 саяас 226 мянга. Ер нь хувийн хэвшлийн 1 сая нь нөгөө төрийн албан хаагч 200 мянга гаруйгаа чирч явна. Одоо тэсэж үлдсэн хувийн хэвшлийн салбарууд маань аргагүй эрхэнд үүдээ баривал араас нь төрийн оролцоотойнууд ч тэсэж үлдэхгүй.
Ер нь бол Монголд үйл ажиллагаа эхлүүлсэн ЖДҮ-чид ААН-ынх нь бараг 90 хувь эхний жилдээ дампуурдаг гэх судалгаа бий. Бас ч гэж 10 хувь нь тэсэж үлдээд байгаа нь их юм даа. Татварын бодлого, бизнесийн орчин “нойл” байхад манайхан ёстой л тэнэг зориг, гэгээн мөрөөдлөөрөө бизнес эхлүүлдэг биз ээ.
Хүн амынх нь 76.5 хувь нь халамж авдаг. 72 төрлийн 551 халамж байдаг гээд бод хө.
Бизнесийн орчинд рационал бодлого хэрэгжихгүй л бол “Удахгүй дээ удахгүй дээ”. “Бүгд татвартаа сөхөрнө”.










