



















Үргэлжлэл . . . Өмнөхийг энд дарж уншина уу!
АН
АН олон удаагийн сонгуулийн ялагдал, олон жилийн бүтэлгүйтлийнхээ ард гарч сэхэл аван намын тамгатай, нэг даргатай, УИХ-д овоо хэдэн суудалтай бүүр Засгийн газарт хамтран ажиллаж томоохон төслүүдийг хөдөлгөлцөв. Гэсэн ч эвдрэлцсэн хэвээр. Ер нь Ардчилсан намд улс орны хөгжлийн асуудал, намаа бэхжүүлэх,гишүүдээ нэмэх, намуудтай өрсөлдөх гэхээсээ эхлээд дотоод эв нэгдлээ нэгтгэх нь амин чухал байсан, байгаа, байсаар ч байх бололтой.

Ах нар нь зайгаа тавьдаггүй, дүү нар нь зориггүйн дээр аль аль талууд нь нэгдэж, нягтрах гэдэг үгийг огтоосоо мэддэггүй гэхэд болно. Үе шилжих, дараа үеэ бэлдэх, залгамж халаагаа зэхдэг дэлхийн улстөрийн намуудын тогтсон, хэвшмэл ойлголтыг АН-ынхан дуулсан л байх. Гэхдээ хэзээ ч энэ тухай нухацтай хийгээд бодлоготойгоор бодсон нь юу л бол. Засгийн эрх аваад ч нэгдэж нийлж бүрэн эрхийн хугацаагаа дүүргэж байсан он цаг байхгүй.
Ардчиллыг авчирсан гэж цээжээ дэлдэх ах нар нь насаараа “хаан” лугаа байхыг хүсэж, дүү нар нь цүнхийг нь барьж, хүслийнх нь боол хийсээр өлгийндөө өтөлж буй. Тиймээс ч АН-д элсэх шинэ үеийнхэн үгүй.
Хоорондоо хагарч, нэгнийгээ нийтийн өмнө “цусыг нь хольж, арьсыг нь хуулдаг” зэрлэг үйлдлээ ил тод байдал, ардчиллын амин сүнс гэж дөвчигнөх нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай ижил гэдгийг мэддэг, мэддэг хэр нь засахыг үл хүсдэг АН-ын гажуудал. Тиймээс ч ард олон тэдэнд олонх болгох итгэл үзүүлэхгүй байсаар энэ нам анхны гэх тодотголтой ах нартайгаа хамт “нүд аньж” магадгүй.
Улстөрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр намууд их хурлаа зарлан намын дүрмээ шинэчилж дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Гэтэл намын дүрмийн санал санаачлага, бодитой, ухаалаг шийдэл ярихаасаа илүү намын дарга хэн болох хэрүүл, тэмцэл, хуваагдал нь энэ өдрүүд хийгээд ирэх өдрүүдэд халих нь. Ингээд намын даргад өрсөлдөгчид хэн хэн байж, хэн нь тахимаа өгч, хэн туг тойрох тухай сураг үгийг дуулгая.

О. ЦОГТГЭРЭЛ
Увс аймгийн харьяат. Аймагтаа 10 жилээ төгсөөд ШУТИС-ийг эдийн засагчаар төгсөж, удирдлагын академийн доктор болсон дотоодод бэлтгэгдсэн боловсон хүчин. Ардчилсан намаас 2020, 2024 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Одоогоор бүлгийн даргын статустай.
Өнгөрсөн 7 сард улс даяар Увс аймгийн 100 жилийн мэдээнд дарагдаж ахуйд тэрээр намын дарга мөн л Увсын гэх Л.Гантөмөртэй олны нүднээс хол улстөрийн уулзалтаа хийж тохироогоо баталгаажуулсан гэх. Одоогийн ардчилсан намын дарга Л.Гантөмөр нь ажлаа өгнө гэж өөрийн амаар хэлчихсэн ч хэнд тахимаа өгөх нь тодорхойгүй байсан бол найр наадмын саруудад нэг талдаа гарч нутгийн дүү О.Цогтгэрэлээ туг тойруулахаар тогтож. Хариуд нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших, тэр болтол бүлгийн дарга хийнэ гэсэн хүслээ ч Лу дарга баталгаажуулсан гэх. Одонгийн Цогтгэрэл гэхээсээ ТЭСО Цогтгэрэл гэж танигдсан тэрээр энэ удаагийн намын даргад нэр дэвшигчдийг боломжоороо ч хөрөнгөөрөө ч тэргүүлж буй.

Б. ПҮРЭВДОРЖ
Ховд аймгийн харьяат. 1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Англи хэлний багш, орчуулагчаар төгссөн. Мөн л дотооддоо боловсрол эзэмшсэн нэгэн. Төгссөн даруйдаа буюу 1995 оноос гаалийн байгууллагад ажиллаж эхлээд засгийн газрын агентлагийн дарга хүртэл дэвшсэн түүхтэй. Улмаар 2016 оны сонгуулиар ялалт байгуулан хууль тогтоогч болж тасралтгүй 10 жил төрийн ордонд УИХ-ын гишүүний ажлыг хийж буй. Одоогийн статус нь УИХ-ын дэд дарга.
Түүнийг АН-ын гэхээсээ ардын намыхны учрыг гарамгай олдог гэж дүгнэхэд хол зөрөхгүй.
Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, огцорсон ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас ихээхэн магтаал хүртэж, томоохон яриа хэлэлцээр хийх ажлын хэсгийн даргаар ажиллаж байв. Жишээ нь Ураны төсөл. Сөрөг хүчний байр суурийг ёжтой хийгээд хэлэмгий дадамгай хэрүүл уруулаар амь оруулахдаа гарамгай. Сайхан дуулдаг түүнийг Ховдчуудад хавиргатай шөл бариулаад өөрөө дуулж өгөн хөгжөөж байсныг үзээгүй хүн үлдээгүй байх. Тодорхой хэлбэл түүнийг дуулдаг, хэрэлддэг гэж л олны дунд сайн мэднэ. Мөн согтуудаа автомашинаар “ниссэн” цөөн нисгэгчдийн нэг. Тэрээр намын даргад өрсөлдөх эрхтэй нэр дэвшигч мөн үү гэвэл мөн.
Гэхдээ түүнд нам дотор бодитой, хатуу саналтай дэмжигчид бага. Намын дарга болоод ч намын асуудлыг даагаад явах хөрөнгө бэл маруухан. Байгаагаа арвижуулах тухай бодно уу гэхээс барж үрэхийг сонгох хүн биш гэлцдэг. Арыг нь даагаад явах томоохон хувийн аж ахуй өөрт нь байхгүй тул намын санхүүг өөртөө завшиж мэднэ гэх болгоомжлол намын нөхөд дунд нь их. Тиймээс ч түүний хамгийн дээд карьер нь их хурлын дэд дарга. Одоо болоо шүү дээ гэж ярих намын бүлгийн гишүүдийнх нь ярианаас дүгнэвэл түүнд намын тамга атгах боломж бага байгааг илтгэнэ.

О. АЛТАНГЭРЭЛ
Өвөрхангай аймгийн харьяат. 2003 онд МУИС-ийг эрхзүйчээр, 2017 онд Хууль сахиулахын их сургуулийн магистр, 2017 оноос МУИС-д эрхзүйн докторт сурч буй. Мөн л дотоодын боловсролтой нэгэн. Түүнийг хуульч, өмгөөлөгч гэж олон нийт сайн мэднэ. Сайн мэднэ гэдгийг хөврүүлэхэд Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинг “сайн ах” гэсэн нэр хочтой болоход гар бие оролцсон гэсэн яриа одоог хүртэл тэнүүчилдэг. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хангайн бүсээс хамгийн олон санал авч хууль тогтоогч болсон. Анх удаа гишүүн болсон тэрээр давхар дээл өмсөн Хуульзүйн сайдын албыг 10 сар залгуулсан. Залгуулсан гэсний учир нь бодитой үр дүнтэй өөрчлөлт гаргаж амжаагүй гэсэн санаа. Мэдээж маш олон хуулийн төслүүдийг ахалж, шинэчилж өөрчлөхөөр ажилласан ч батлуулж чадалгүй ажлаа өгөөд буй. Түүнийг АН-ын МОАХ фракцынх нь Жэнко хочит Х.Баттулга гишүүний талын хүн гэдэг толбо дагадаг ч залуу улстөрчийн хувьд түүнд урт хугацааны холын зам байж болох. Гэхдээ энэ удаад нам доторх дэмжлэг тааруу. Угаасаа намын санхүүг зохицуулах хөрөнгөгүй, намын даргын бодит өөрчлөлтийг эхлүүлэх хатуу дэмжигчидгүй.
Хуульзүйн сайд хийх хугацаандаа намын гишүүдээ ажилд томилж чадалгүй, ардын намыхны гар хөлийн үзүүрт ажилласан зориггүй эр гэх шүүмжлэл хойш нь татаж буй.

Ө. ШИЖИР
Нэр дэвшигч О.Алтангэрэлийн адил Өвөрхангай аймгийн харьяат. Мөн л МОАХ фракцынхаараа ижил. Түүнийг 2004 онд ШУТИС-ийг Үсэгт мэргэжлээр төгссөн гэсэн илэрц гарч ирэх бөгөөд ямар мэргэжилтэй нь УИХ-ын албан сайтад ч үгүй. Онцгой мэргэжилтэй тэрээр экс ерөнхийлөгч Х.Баттулгын “цүнх баригч”. Тамгын газрын даргаар нь ажиллаж улсын нууц, улсынхаа үнэ цэнтэй мэдээллүүдийг нүдээр үзэж, чихээр сонссон нэгэн. Тиймээс ч намын даргад нэр дэвших эр зориг гаргаа биз. Гэхдээ нам дотор бүү хэл улс орон даяар фракцын тэргүүнийг нь үзэн ядаж буй энэ цаг хугацаанд түүнд намын даргын эрх авч тамга атгах хувь дутуу. УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийгөө тоох нялхсын өвчнөөр гүнзгий өвдөж, хүнээ байсан гэх ойрын хүрээнийхнийх нь үг ам дамжсаар нам даяар тархсан.
Хүйтэн төрх, хурц үгнүүд нь түүнийг намын эв нэгдлийг хангаад явах ухааны, урын, нүүрний, нүнжгийн бяр дутаа гэж дүгнэхэд хүргэдэг.
Экс ерөнхийлөгчийн холбогдсон олон хэргийн сэжигтнээр татагдаж, оргон зайлж байсан тэрээр намын дарга болох гэхээсээ намын даргын сунгаанд орж өөрийн нэрийг илүү олонд хүргэх гэсэн зорилготой байж мэднэ. Учир нь тэрээр жагсаалтын гишүүн. Дараагийн удаад түүнд тийм амар сонгуулийн эрх, УИХ-ын гишүүний суудал олдохгүй нь тодорхой тул замаа засаж, нүхээ малтаж байж болох юм. Тэгээд ч анх удаа сонгогдсон, жагсаалтын гишүүнийг намын даргаар сонгоно гэдэг бол бухаас төл авч сүү цагаатай залгахтай ижил.
Энэ хүргээд АН-ын даргад нэр дэвшигчдийн тухай өндөрлөх нь зүй болов уу. Бусад нэр дэвшигчид бол их улстөрд одоохондоо “панчаан” буюу бусдын гар хөлийн зараал эсвэл олигарх компаниудын утсан хүүхэлдэй байх магадлалтай.
АН-ын их хурал намын дүрмээ илүү гүнзгий, чамбай ярилцаж батлаад дүрмийнхээ дагуу намын даргаа сонговол АН-даа ч Ардчилалд итгэдэг ард олонд ч ашигтай байж мэднэ.
Гэхдээ ах нар нь ухаан зааж дүү нар нь зориг гаргаж чадвал Ардчилсан нам эв нэгдэл, нягтралд дөхөх буйзаа.
Үргэлжлэл бий... ХҮН










