



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар Вашингтонд болсон гурван талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр баримт бичгээ барин хамтдаа зургаа татуулжээ.

Азербайжан, Армени хоёр урьдчилсан энхийн гэрээг АНУ-ын зуучлалаар байгууллаа.
Өмнөд Кавказын хоёр улс бараг 40 жилийн турш зөрчилдөөнтэй байсан.
Гэрээг хараахан албан ёсоор үзэглээгүй.
Азербайжан Армениас Үндсэн хуулиа өөрчлөхийг шаардаж байна.
Болзошгүй гэрээ нь эрчим хүчээр баялаг бүс нутгийн ирээдүйг өөрчилнө.
Даваа гарагт Армени, Азербайжан улсууд АНУ-ын зуучлалаар байгуулагдсан энхийн гэрээний эхийг нийтэлж, бие биеийнхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, 40 орчим жил үргэлжилсэн зөрчилдөөнийг албан ёсоор зогсоохоо амлалаа.
Энэхүү гэрээ өнгөрсөн баасан гарагт Вашингтонд, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзах үеэр байгуулагджээ.
Гэрээний эхийг хоёр улсын гадаад хэргийн сайд нар эхний байдлаар үзэглэсэн бөгөөд тэнд Ереван, Баку хоёр харилцан бие биеийнхээ нутаг дэвсгэрт нэхэмжлэл гаргахгүй, бие биедээ хүч хэрэглэхгүй, олон улсын хуулийг хүндэтгэхээр амласан байна.
“Энэхүү гэрээ нь найдвартай, удаан хугацааны энхтайвныг тогтоох бат бөх суурь бөгөөд Армени, Азербайжаны тэнцвэртэй ашиг сонирхлыг тусгасан” гэж Пашинян Фэйсбүүктээ бичжээ.
Армени, Азербайжан хоёр нь Өмнөд Кавказын хөршүүд бөгөөд 1980-аад оны сүүлээс Нагорно-Карабахын (Уулын Карабах) төлөө зөрчилдсөөр ирсэн. Карабахын нурууны өмнөд хэсэгт орших уулын энэ бүс нь Азербайжаны нутаг дэвсгэр боловч 2023 онд Баку бүрэн хяналтаа сэргээснээр тус бүсийн 100 мянга орчим үндэстэн Армен иргэд Армени руу дүрвэсэн юм.
Европын Холбоо, НАТО-ийн гишүүн Турк, ОХУ зэрэг орнууд уг гэрээг сайшаажээ. Гэхдээ Арменийн уламжлалт холбоотон, зуучлагч ОХУ хэлэлцээрээс орхигдсондоо дургүйцэж, буйгаа илэрхийлсэн байна.
Гэрээнд зааснаар гуравдагч орны цэргийг хоёр улсын хил дээр байрлуулахыг хориглох бөгөөд энэ нь өнгөрсөнд энхийг сахиулах хүч байршуулж байсан, мөн Арменд цэргийн болон аюулгүй байдлын өргөн хүрээний ашиг сонирхол бүхий ОХУ-ын нөлөөг зааж буй байх магадлалтай.
Европын Холбоо мөн хил дээр гал зогсоох дэглэмийн зөрчилд хяналт тавих зорилготой ажиглагчдын баг байрлуулсан ч Баку тэднийг эргүүлэн татахыг шаардсаар ирсэн.
Энхийн гэрээнд хоёр тал хараахан гарын үсэг зураагүй байна. Хоёр улс хоёулаа 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтнолоо олсон.
Энхтайвны томоохон саад нь Азербайжаны зүгээс Арменийн Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага юм. Бакугийн үзэж буйгаар Арменийн Үндсэн хууль нь Азербайжаны нутаг дэвсгэрт далд байдлаар өнгөлзсөн санаа агуулдаг байна.
Даваа гарагт Баку мэдэгдэхдээ, энхийн гэрээнд гарын үсэг зурахын өмнө “цаашид авах арга хэмжээ” шаардлагатай бөгөөд үүнд Арменийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж “Азербайжанд чиглэсэн нутаг дэвсгэрийн өнгөлзлөлийг арилгах” ёстой гэжээ.
2003 оноос хойш Азербайжаныг удирдаж буй Алиев өнгөрсөн долоо хоногт Вашингтонд сэтгүүлчдэд хэлэхдээ, Ереван “Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийх даалгавартай” бөгөөд өөрчлөлт хийгдсэний дараа “Энхийн гэрээг хүссэн үедээ гарын үсэг зурж болно” хэмээжээ.
Пашинян энэ жил Үндсэн хуулийг өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалсан ч товыг нь хараахан зарлаагүй байна.
Болзошгүй энхийн гэрээ нь Орос, Европ, Турк, Ирантай хил залгаа, нефть, хийн хоолойгоор сүлжилдсэн ч хаалттай хил, олон арван жилийн угсаатны зөрчлөөс болж хөгжлийн боломжоо ашиглаж чадаагүй эрчим хүчээр баялаг Өмнөд Кавказын ирээдүйг үндсээр нь өөрчлөх магадлалтай.
Баасан гарагт Цагаан ордонд болсон уулзалтаар АНУ бүс нутгийн стратегийн ач холбогдолтой тээвэр, дамжин өнгөрөх коридорын хөгжүүлэлтийн онцгой эрхийг авчээ. Трампын засаг захиргаа үзэхдээ, энэ нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, эрчим хүчний экспортыг өргөжүүлэх боломжийг олгох аж.
Энэхүү коридор нь Арменийн өмнөд хэсгээр дамжин өнгөрч, Азербайжаны үндсэн газар нутгийг Нахчиван гэх Азербайжаны эксклавтай (тухайн улсын харъяанд байдаг боловч хилэлдэггүй) холбох юм. Нахчиван нь Бакугийн холбоотон Турктэй хил залгадаг. Энэ асуудал нь өмнөх энхийн хэлэлцээнд ч мөн маргааны шалтгаан болж байжээ.











