



















УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг 2024.12.11 өдөр Улсын Дээд Шүүхээс гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-2 дах хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасах, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Гэвч одоог хүртэл Улсын Дээд Шүүхийн шийдвэр хэрэгжээгүй. Учир нь УИХ-ын тухай хуулиар түүнийг эгүүлэн татах уу, эсвэл шүүхийн шийдвэр шууд хэрэгжээд УИХ түүнийг явуулах уу гэдэг нь маргаан дагуулсаар байна. Маргаан ч гэж дээ улстөрийн хуйвалдаан болчихоод байгаа юм. Ер нь түүний асуудлаар УИХ үндсэн хуулийн цэцэд хандаж, цэц дүгнэлт гаргаснаар төгс эцэслэх боломжтой.
Асуудал иймдээ тулсан тул Даваагийн Цогтбаатар гишүүн дээд шүүхэд ял хойшлуулж өгөхийг хүссэн. Гэхдээ удалгүй уг хүсэлтээ татсан бөгөөд хэрэв тэрээр хүсэлтээ татаагүй бол хууль мэддэггүй хууль тогтоогч болж улам ч “булай” болох байв. Учир нь ял хойшлуулах хүсэлтийг биеэр эдлэх ялтай эсвэл жирэмсэн мөн бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх гаргах боломжтой байдаг юм. Хэрэв тэрээр хүсэлтээ татаагүй бол жирэмсэн болох, эсвэл өрх толгойлсон аав болж, биеэр ял эдлэх хүсэлтэй байгаа мэт ойлгогдох байлаа.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль анх удаа 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн. Анхны юм болгон алдаа оноотой байх нь бий ч хуулиа мэддэггүй хууль тогтоогч, шүүхээс ял оноочихоод байхад арга саам хайн хууль зөрчсөөр байгаа УИХ-ыг сахил хүртээд шал дордохын бодит биелэл мэт харагдуулж байна. УИХ шүүхээс ял оноосон иргэнийг хууль тогтоох ажил буюу төрийн эрх барих дээд байгууллагын ажлыг хийлгээд байгаа нь сонгогчийг, шүүх засаглалыг үл хүндэтгэж байгаа хувилбар. Цаашид Даваагийн Цогтбаатар гишүүн санал хураалтад оролцож, санал өгөн баталсан хуулиуд хүчин төгөлдөр гэж тооцогдох уу гэх хуулийн маргааныг ч дэвэргэж мэдэх юм.
Хэдийгээр Даваагийн Цогтбаатар гишүүн нэг хэрэгт хамтдаа татагдсан ч хэргээ тусгаарлуулан хэрэг нь сарнисан МАН-ын дарга Янгүүгийн Содбаатарын ах Янгүүгийн Сод-Эрдэнэ болон УИХ гишүүн асан Н.Ганбямбын хүү, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн нартай барьцаад байгаа нь шударга ёсны асуудал байж болох ч өөрт нь тулгараад байгаа хуульзүйн асуудлыг цэгцлэх шаардлагатай.
Хэдийгээр шүүхийн шийдвэр нь шударга ёсыг тогтоохгүй ч хуульзүйн шийдвэр гэдгийг Даваагийн Цогтбаатар гишүүн ойлгох нь чухал бөгөөд хуульзүйн зөвлөгөөгөө гарц, гаргалгаа санал болгох хүнийг сонгох хэрэгтэй мэт харагдаж байгаа юм.











