



















АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Д.Трампын ялалтаар өндөрлөв. Хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын гадаад бодлого БНХАУ, ОХУ, Ойрх Дорнод, Европ, Тайвань, Солонгосын хойг, Африкт хэрхэн нөлөөлөх вэ? Тэд хэрхэн хүлээж авав?...
ХЯТАД "ИЛЭРХИЙЛЭМЖ"
Д.Трампын ялалттай зэрэгцээд БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкчуудын сонголт, улс төрийн туйлшралыг онцолж, онилж эхлэв. Мөнхийн өрсөлдөөн дунд тэрсэлдэх хоёр их гүрэн аль нь ирээдүйн “номер нэг” вэ? гэх амбицын төлөө уралдаж байгаа. Мэдээж Д.Трамп АНУ-ын төрийн тэргүүн болох нь БНХАУ-д шууд халгаатай.
Учир нь 2018 онд буюу Д.Трампын үед хоёр улсын “худалдааны дайн” хүчээ авсан байдаг. Мөн Д.Трамп бүрэн эрхийнхээ сүүлийн жилүүдэд БНХАУ-ын “Huawei” компанийг хоригт оруулж, “Ковид-19” цар тахал анх Ухань хотоос тархах үед “зориуд тахал тараасан” гэж Хятадыг буруутган, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэврээж байлаа. Харин Жо.Байдены үед хоёр улсын харилцаа, тарифын асуудал технологийн компаниудын асуудал арай зөөлөрсөн байдаг. Мөн хоёр улсын харилцаанд “улаан шугам” татаж Тайванийг дэмжих АНУ-ын геополитикийн бодлогыг хязгаарласан байдаг.
БНХАУ-ын хэвлэлүүд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулж, санал хураалт эхэлж Трамп илт давуу тэргүүлэхтэй зэрэгцэж, АНУ-ын сонгуулийн санал хураалт хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд хүргэнэ гэх айдас дагуулж байна гэж “Global Times” сонин гарчиглаа. Сонгуулийн өдөр Вашингтон хотод ажилласан CCTV-ийн сурвалжлагч, АНУ-д эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж цэрэг цагдаагийн хүчийг дайчилж байна хэмээн мэдээлсэн нь ардчилсан тайван сонгуульд саналаа өгч буй сая сая иргэдийг доромжилсон үйл явдал гэж CNN онцлов.
Үндсэндээ Хятадын хэвлэл мэдээллийг хэрэгслээр ямар байр суурь илэрхийлэгдэх нь Хятадын засгийн газар, эрх баригчдын байр суурь мөн гэж шинжээчид үздэг. Хэвлэлийн хараа хяналт хамгийн чанга улс шүү дээ.
БНХАУ-ын засгийн газар албан ёсоор бол тайван төвийг сахисан байр суурь илэрхийлж АНУ-ын сонгууль бол тус улсын дотоод асуудал, “Бид Америкийн ард түмний сонголтыг хүндэтгэж байна" гэж мэдэгджээ. Төрийн мэдлийн хэвлэлүүд эрх баригчдын мэдэгдэл ийн эсрэг тэсрэг байгаа нь “Хятад илэрхийлэмж”...
Үнэндээ бол... Америкчуудын сонголт БНХАУ-ын эрх ашгийг хөндөх нь тодорхой. Тус улсын олон улсад явуулах бодлогыг хязгаарлах, худалдааны дайны маргаан үргэлжлэх, өөртөө засах орнуудынх хямралд анхаарал хандуулах гэх мэт үргэлжилнэ.
ОХУ-Д "АШИГТАЙ"
АНУ-ын сонгуулийн үр дүн ОХУ-д ашигтайгаар эргэв гэж олон улсын шинжээчид онцолж байна. Мэдээж Украинтай хийх дайнд туйлдаж буй ОХУ-ын эдийн засаг, төрийн бодлогод “амьсгаа авах” боломж ирнэ. Д.Трампын хувьд В.Путинтай найрсаг харилцаатай. 2016 оны сонгуульд Д.Трамп ялалт байгуулахад Оросын эрх баригчид шампанск буудуулж байсан гэх мэдээлэл ч гарч байлаа. Товчхондоо Оросын хувьд Д.Трамп “сайн”, 2011 оны Оросын эсэргүүцлийн бослогыг өдөөсөн АНУ-ын тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон “муу” байв. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев,
Д.Трампын хувьд бидэнд ашигтай нэг чанар бий. Түүний бизнесмен арга барил буюу элдэв буяны арга хэмжээ, ховдог шунахай олон улсын байгууллагуудад мөнгө хандивлахын эсрэг зогсдог. Украинд үзүүлж буй дэмжлэг ч буяны үйлсээс ялгаагүй.
Харин Д.Трампын ялалтын мэдээлэлд Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков: Д.Трамп “Олон улсын тавцанд энх тайван тогтоох хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн”. Түүний ажлын эхлэл ирэх 1-р сард харагдана гэжээ.
ОХУ-д өөр “илэрхийлэмж” харагдсангүй даруухан байна. Харин Украины дайныг эсэргүүцэн хоёр жилийн өмнө ажлаасаа халагдсан Оросын дипломат ажилтан Борис Бондарев, ОХУ-ын эрхбаригчид АНУ-ын сонгуульд хэн ялалт байгуулсанд анхаарал хандуулахгүй байх “хангалттай хүчтэй” гэдгээ харуулахыг хүсэж байна гэжээ.
ОЙРХ ДОРНОД: ИЗРАИЛД "БАЯР", БУСДАД НЬ "ТҮГШҮҮР"
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын сонгуулийн үр дүнг “түүхэн дэх хамгийн том сэргэлт” хэмээн онцолж баяр хүргэсэн юм.
Учир нь Жо.Байдены засаг захиргаа, тэр дундаа дэд ерөнхийлөгч Камала Харрис Израилын Ойрх Дорнодод хийж буй дайныг буруутгаж эхэлсэн байдаг. Мөн дайны гэмт хэрэг болж хувирч байгааг удаа дараа анхааруулж Газын зурвас, Ливан, Иран дахь Израилын дайралтыг таслан зогсоохыг оролдсон байдаг.
Тэгвэл Д.Трампын үед Тель-Авив дахь АНУ-ын элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх, Голаны өндөрлөг дэх Израилын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ираны талаар хатуу байр суурь баримтлах зэргээр Израилыг дэмждэг байв. Тиймээс Д.Трамп хоёрдахь бүрэн эрхийнхээ хугацаанд Израилыг бүр илүү дэмжиж магадгүй.
Харин Ойрх Дорнодын бусад улс орнууд Д.Трампын ялалтыг “түгшүүр” гэж хүлээн авав.
Ираны засгийн газар: АНУ-ын ерөнхийлөгч хэн байх нь “ямар ч хамаагүй” гэх мэдэгдлийг хийжээ. Гэвч АНУ Израилд илүү дэмжлэг үзүүлэх нь Тегераны гол асуудал болно.
ЕВРОПЫН "БОЛГООМЖЛОЛ"
Д.Трамп ялалт байгуулснаар, Европын орнууд НАТО-гийн санхүүжилтийн асуудалтай тулгарч байна.
Гэвч Европын холбооны удирдлагууд Д.Трампад баяр хүргэхийн зэрэгцээ Америкийн засгийн газрын найдвартай холбоотон байна хэмээн найдаж байна гэлээ.
Гэвч Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг “нэг өдрийн дотор” дуусгана гэж амласан нь НАТО-гийн холбоотнуудын дунд болгоомжлол төрүүлсэн юм.
Европын холбоо, Их Британи Украинд 190 тэрбум долларын тусламж үзүүлсэн. Украин улс 29 тэрбумаар нь АНУ-аас зэвсэг худалдан авсан байдаг. Тиймээс АНУ ч энэ дайнд хожиж буй...
Гэхдээ НАТО-гийн шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга, Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рютте Д.Трампын эго дээр тоглолт хийх бололтой.
Тэрээр, Д.Трампын манлайлал манай эвслийг илүү хүчтэй байлгах гол түлхүүр болно" хэмээн мэдэгдсэн байна.
Гэхдээ болгоомж илүүдэхгүй...
ТАЙВАНИЙН "ЭРГЭЛЗЭЭ"
Олон улсын ажиглагчид Д.Трампын ялалтын дараа түүний Ази дахь бодлого ямар байх нь ихээхэн эргэлзээ дагуулах асуудал гэдгийг онцоллоо.
Тэр дундаа Тайвань арлын асуудалд бол Д.Трамп “хоёр үзүүртэй зүү” гэжээ.
Д.Трамп Ерөнхийлөгч байхдаа Тайваньд дэмжлэг үзүүлж, хоёр талын түншлэлийг сайжруулж, Тайванийн арлын 23 сая хүний амьдрал, аюулгүй байдал, үзэл санааг хүндэтгэх, ардчилалд нь ирэх дарамтыг бууруулах ёстой гэсэн бодлого баримталж байв.
Хятадын эрх баригч Коммунист нам Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж, шаардлагатай бол арлыг хүчээр авахаа амласан. АНУ-Тайванийн харилцааны тухай хуулийн дагуу АНУ нь Тайванийн аралд өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс Тайванийн батлан хамгаалах салбарын ард АНУ тулах цэг нь. Өнөөг хүртэл цэрэг зэвсгээр хангасаар иржээ. Гэвч АНУ-ын зэвсэглэл Тайванийг хангах нь БНХАУ-ын эрх баригчдын эгдүүцлийг өдрөөс өдөрт дэвэргэж буй...
Гэвч эргэлзээ бий. Энэ бол Д.Трамп Тайванийг АНУ-ын чипний бизнесийг хулгайлсан гэж буруутгаж байгаа явдал. Тиймээс ухаалаг гар утас, компьютероос эхлээд хиймэл дагуул хүртэлх орчин бүхий технологид ашиглагдах Тайванийн чипийн экспортод татвар ногдуулна гэж сүрдүүлж байв.
Үнэндээ бол Тайвань хулгай хийгээгүй. Тайванийн засгийн газар алсын хараа, шаргуу хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг хослуулан чипний үйлдвэрлэлээ “органик”-аар нь хөгжүүлсэн. Өрсөлдөөнд ердөө л АНУ-ын урд гишгэсэн төдий...
Тиймээс Д.Трампын ялалт Тайваньд эргэлзээ дагуулахаас гадна түүний засаглалын үед ирэх боломж хийгээд дарамтыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ? гэсэн сорилттой тулгарна. Эцсийн дүндээ АНУ-Тайванийн харилцаанд ямар бодлого баримтлах дээр Д.Трампын гадаад бодлогын зөвлөх хэн байхаас бүх зүйл хамаарна.
БНСУ-Д ТУЛГАРАХ "СОРИЛТ"
Д.Трамп БНСУ-д байрлаж буй 28,500 орчим цэргээ цомхотгох бодлого баримтална. Энэ бол нь БНСУ-д тулгарах гол сорилт болно. Д.Трамп хоёр дахь удаагаа сонгогдвол БНСУ-ын засгийн газар АНУ-ын цэргүүдийн төсөвт 10 тэрбум доллар төлөх ёстой хэмээн мэдэгдэж байв. Одоогийн байдлаар БНСУ-ын засгийн газар өөрийн нутаг дэвсгэрт байрлаж буй Америкийн цэргийн хүчинд жил бүр 1.13 тэрбум зарцуулж байна. Харин энэ зардал 2026 онд 1.26 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байна.
Гэвч Д.Трамп, БНСУ-ыг "мөнгөний машин" учраас АНУ-ын цэргүүдэд 10 тэрбум доллар төлөх нь зүйтэй, тэд ч өөрсдөө баяртай төлөх байх гэжээ.
АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том цэргийн бааз БНСУ-д бий. Энэ бол Хамфрисын цэргийн бааз. Хойд Солонгосын хилээс 60 миль зайд байх энэ цэргийн баазын зардлын 90 хувийг БНСУ-ын засгийн газар санхүүжүүлсэн байдаг. Үүрэг нь Умард Солонгос, болон Хятадын заналхийллийг эсэргүүцэх. Мөн хамтарсан цэргийн сургуулилтыг хийдэг билээ.
УМАРД СОЛОНГОС "ГЭДИЙХ" ҮҮ?
Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд түвшний уулзалт дахин хийх үү? гэх асуулт гарч ирнэ. Мэдээж дутуу ажлаа гүйцээнэ. Учир нь Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Роберт К.О'Брайений "Бид Умард Солонгостой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэжээ.
Ингэхдээ Д.Трамп дахин дээд хэмжээний уулзалт зохион байгуулбал зоригтойгоор Умардтай нүүр тулна.
Гэвч шинжээчдийн хувьд Умард Солонгос ОХУ-тай ойр харилцаатай байна. Тэд ОХУ-аас эдийн засаг, цөмийн зэвсгийн дэмжлэг авч байх боломжтой. Тиймээс Д.Трамптай хэлэлцээ хийх шалтгаан одоогоор бага байна гэжээ. Учир нь цөмийн зэвсгийн хөгжүүлэлт, зэвсэглэлээр хөөцөлдөх Умард Солонгос хориг олон улсын арга хэмжээний улмаас туйлдаж, тусгаарлагдаж залхаад АНУ-тай хэлэлцээ хийх гэж хоёр удаа оролдоод амжилт олоогүй, ОХУ-ын дэмжлэгийг хүртэхээр шийдсэн.
Тиймээс Ким Жон Ун гэдийх магадлалтай.
АФРИКИЙН ШҮТЭН БИШРЭГЧИД
Африкийн орнууд Д.Трампын ялалтыг баяртай хүлээн авав. Энэ тивийн орнуудад АНУ-ын нөлөө буурч, өрнөдийн эсрэг үзэл өргөн тархсан ч Д.Трамп бол олон шүтэн бишрэгчтэй.
Африкийн хүн ам дийлэнх нь Христ, Исламын шашинтнууд учраас Д.Трампын "гэр бүлийн үнэ цэн", тэр дундаа үр хөндөлт, ЛГБТ-ийг эсэргүүцэх байр суурь нь Африк тивд бараг л “номлол”.
Колончлолын үеийн ижил хүйстнүүдийн эсрэг хууль Африк тивийн ихэнх орнуудад хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд хүний эрхийг дээдлэх болсон өнөөгийн Америкийн ЛГБТ, үр хөндөлт зэрэг нь Африкийн орнуудад хүний ёсноос ангид “гаж” үзэгдэл хэвээр байна.
Харин Камала Харрис Африкийн орнуудаар айлчлахдаа (Гана, Танзани, Замби) “хар арьст” гарал угсаагаа хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс нь тус тивийн иргэд Камала Харрисыг үл ойшоосон байдаг.











