



















УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаан эхэллээ. Нийтдээ зургаан асуудлыг хэлэлцэх жагсаалт гарсан байна. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд "Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх"-ийг хэлэлцэн дэмжлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хамгийн гол нь энэ төсөлд Шинэ Зуунмод хотын нэршлийг "Хүннү" болгох санаачилга тусгагдсан. УИХ-ын зарим гишүүн энэхүү санаачилгыг нь шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Шинэ зуун мод хотын төслийг дэмжиж байна. Гэвч нэгдүгээрт, Хүннү гэдэг нэрийг яаж сонгосон бэ. Энэ нэрийг хот болон засаг захиргааны нэгжид оноож өгч болох юм уу, Хүннү гэдэг нэр чинь зэрлэг хүн гэсэн нэршил шүү дээ. Анхны эзэнт гүрний Хүннү нэрийг хот засаг захиргааны нэгжид оноож өгч яах гэсэн юм" гэв.
Хотын дарга Х.Нямбаатар “Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх шинэ суурьшлын бүс бол хөшигийн хөндийн бүс нутаг байсан. Томоохон эдийн засгийн бүс үүсгэхэд даацтай, далайцтай нэр өгөхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн" гэлээ.
ШУА-ийн эрдэмтэн "Хүннү үеийн ард иргэд өөрсдийгөө хүннү гэж нэрлэж ирсэн. "Нү" гэдэг дуудлагатай ханз үсэг байдаг. Монгол Улсын "Мө" гэдэг ханз ч байдаг шүү дээ. Хүннү гэдэг нэрийг гадаад, дотоодын эрдэмтэд сэргээх гэж их хичээсэн. Хятадаас өгсөн ханзанд ач холбогдол өгөөд байх шаардлагагүй" гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ "Монголчууд бид өөрсдийн түүхэнд итгэл үнэмшилтэй байх нь манай дотоод асуудал. Түүхэндээ итгэл үнэмшилтэй байх нь удаан хугацаанд оршин тогтнох үндэс" гэв.
Хэлэлцэх асуудлын дарааллын хоёрдугаарт “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,
Эрхэм хүнд монголчуудаа, Эрхэм хүндэт нийслэлчүүдээ
Алсын хараа- 2050 хөтөлбөрт туссан зорилго зорилтоо ханган ажиллахын тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэж байна. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсан нь нууц биш. Сүүлийн өдрүүдэд Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр зам холбох гэрээ байгуулах үед жагсаал цуглаан зохион байгуулж, бүртгэлгүй гаднын дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол олон нийтэд нөлөөлөх ажил байсныг үгүйсгэхгүй.
Цаг хугацаа явах тусам үнэн баримт, үнэн түүх цаасан дээр үлддэг. Монгол улсын Засгийн газраас нийслэлийн дэд бүтцийг хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ нь нийслэлд тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд, ААН, иргэд ойлголтоо нэгтгэж, нийслэлийг дэмжих үндсэн оршил нь юм.
Хот бол өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай ижил нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Дэлхийд сайн ба муу гэсэн хот байхгүй. Харин ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, хэрэгжүүлсэн хэрэгжүүлээгүй гэж л байдаг хэмээн судлаачид хэлсэн байдаг. Улс төрчид шинж тэмдэгтэй бус эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг даган суурь шалтгааныг шийдвэрлэх нь төд зам юм.
Ерөнхий сайдын шууд удирдлаган дор хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн асуудал бол улс төржих асуудал биш юм.











