



















Товч агуулга
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи Японы олон арван жилийн турш баримталж ирсэн “Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй, нутаг дэвсгэр дээрээ байрлуулахгүй” гэсэн амлалтыг батлан хэлэхээс зайлсхийжээ. Тэрээр үүний шалтгааныг АНУ-ын “цөмийн шүхэр”-тэй холбоотой болгоомжлол гэж тайлбарлажээ.
Эдгээр 3-н зарчим 1967 онд батлагдаж, Японы үе үеийн Засгийн газрууд тууштай баримталж ирсэн зарчим юм.
Гурван зарчим нь:
Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй,
Цөмийн зэвсэг эзэмшихгүй,
Цөмийн зэвсгийг Японы нутаг дэвсгэрт оруулахгүй байх.

Сөрөг хүчний гишүүдийн асуултад Такайчи:
“2026 оны эцэс гэхэд шинэ "Үндэсний аюулгүй байдлын баримт бичиг"-ийг боловсруулах ажил үргэлжилж байгаа тул одоогоор эдгээр зарчмыг яг хэвээр хадгалах эсэхийг тодорхой хэлэхэд эрт байна” гэжээ.
Гэсэн ч тэрээр “Одоогийн нөхцөлд Засгийн газар цөмийн бус 3 зарчмыг бодлогын чиглэл болгон баримталж байгаа” хэмээн тодруулсан байна.
Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара ч мөн адил эдгээр зарчмыг одоохондоо хадгална гэж мэдэгджээ. Гэхдээ тэрээр аюулгүй байдлын хямрал тохиолдвол АНУ-ын цөмийн зэвсэг Японд түр хугацаагаар байрлаж болох боломжийг нээлттэй гэсэн байна.
2010 онд Япон уг зарчмаас нэгэн чухал исключен (онцгой тохиолдол) хийж, “Хямралын үед цөмийн зэвсэг бүхий АНУ-ын цэргийн хөлөг онгоцыг түр хугацаанд Японы нутаг дэвсгэрт нэвтрүүлэх эсэхийг Засгийн газар шийдэх” боломжийг албан ёсоор зөвшөөрсөн байдаг.
Такайчи өнгөрсөн хугацаанд эдгээр зарчмыг өөрчлөх санааг дэмжиж ирсэн.
2024 онд хэвлэгдсэн “Kokuryoku Kenkyū” (Үндэсний хүч чадлын судалгаа) нэртэй номдоо тэрээр:
“Цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй гэсэн хоёр заалтыг хадгалах ёстой. Харин нутаг дэвсгэртээ оруулахгүй гэсэн нь бодит бус, учир нь бид АНУ-ын өргөн хүрээний цөмийн сэргийлэлтэд найдаж байгаа бол энэ нөхцөлийг эргэн харах шаардлагатай” гэж бичжээ.
Мөн тэрээр:
“Хэрэв Япон ноцтой аюултай нүүр тулбал ‘цөмийн бус 3 зарчмыг баримтална’ гэсэн хатуу хэллэг саад болох вий гэж санаа зовж байна” хэмээн дурдсан байдаг.
Рэйва Шинсэнгүми намын гишүүн Мари Күшибүчи парламентын хуралдаанд:
“Цөмийн бус 3 зарчим бол үндэсний бодлого. Та түүнийг тодорхой батлан хэлээгүйд би маш их гайхсан” хэмээн Ерөнхий сайдад хандан хэлжээ.
Такайчи бүс нутгийн нөхцөл байдал улам “ноцтой” болж буйг онцолж, Япон өөрийгөө батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн.
АНУ болон Японы дүн шинжилгээгээр Хятад улс цөмийн зэвсэг, пуужингийн хүчээ эрчимтэй өргөжүүлж байгаа.
2024 оны Пентагоны тайланд дурдсанаар, Хятад 2024 оны дунд үе гэхэд 600 гаруй ажиллагаатай цөмийн цэнэгт хошуутай болсон бөгөөд 2030 он гэхэд 1000 гаруй болж өснө гэж тооцоолжээ.
Хятад улс 1,000–1,300 км-ийн тусгалтай 1,300 км орчим дунд тусгалт баллистик пуужинтай бөгөөд энэ нь Окинава зэрэг Японы баазуудыг хамрах чадвартай.
Хойд Солонгос цөмийн цөөн хэдэн бөмбөгтэй боловч түүний пуужингийн систем улам боловсронгуй болж байна.
Цөмийн бус зарчмыг өөрчлөх тухай санаа сүүлийн жилүүдэд дахин хүчээ авчээ. 2024 онд эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сонгуулийн үеэр Шигэру Ишиба “Азийн НАТО” байгуулах тухай ярьж, цөмийн зэвсгийн хамтын хамгаалалтын хэлэлцүүлгийг санал болгож байв.
Гэвч Хирошима, Нагасакид бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улс болох Японд ийм санаачилга улс төрийн хувьд хэрэгжихэд хүнд учраас Ишиба энэ санаагаа орхисон юм.
Такайчи улс төрийн дэмжлэг олж болох нэг хувилбар болгон 2011 онд Намынхаа гаргасан “2.5 цөмийн бус зарчим” гэх хувилбарыг дахин сэргээж магадгүй. Энэ хувилбар нь АНУ-ын цөмийн зэвсэгтэй цэргийн хөлөг онгоцыг Японд түр зогсоохыг албан ёсоор зөвшөөрөх боломжийг нээдэг юм.










