



















Японы парламентын сонгуулийн үр дүн улс төрд жинхэнэ “шуурга” дэгдээж, олон улсын анхаарлыг татав. Ихэвчлэн “уйтгартай”, “тогтвортой”, “нэгэн хэвийн” хэмээн дүгнэгддэг байсан тус улсын сонгууль энэ жил гал “асааж” Японы эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхимд олонхын суудлаа алдлаа. Ням гарагт болсон сонгуулийн үр дүн шинэхэн Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн засгийн газрыг тогтворгүй болгож мэдэхээр байна. Японы эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхимын 465 суудлын 215-ыг авсан нь өмнөх танхимд эзэлж байсан 288 суудлаас огцом буурч, тус нам олонхын байр сууриа хадгалах зорилгодоо хүрч чадсангүй. Сонгуулийн ирц 53.84 хувьтай байсан нь өмнөх сонгуулийн ирцээс доогуур үзүүлэлт болов. Тухайлбал, 2021 онд болсон өмнөх сонгуулиас 2 орчим хувиар буурсан бөгөөд дайны дараа болсон гуравдахь "муу ирцтэй" сонгууль болсон байна. Харин эмэгтэй хууль тогтоогч гишүүд энэ удаад амжилттай оролцож 73 суудал авсан нь дээд амжилт тогтоожээ. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын уналт юунаас эхтэй вэ?
Өнгөрсөн онд тус улсын эрх баригч Либерал Ардчилсан намын хууль тогтоогчид улс төрийн хандив цуглуулах нэрийдлээр их хэмжээний мөнгө халаасалж байгаа нь шүүмжлэлд өртөж байв. Хандив цуглуулах нэрээр авлигаа халхавчилж, улс төрийн хүрээнд хээл хахууль цэцэглүүлж байгааг хэвлэлүүд онцолж байсан юм. Улстөрчид хандив нэрээр авлига авч, эсрэгээрээ иргэдийн амьдрал хүндэрч байгаа нь сонгуулийн үр дүнгээр “шууд илрэв”. Ковидын дараа Япон эдийн засаг уналттай, инфляц өндөр, өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнэ өсөлттэй, цалин нэмэгдээгүй гэх мэт асуудлууд нийгмийн бухимдлыг хамгийн ихээр өдөөсөн байна. Үр дүнд нь Либерал Ардчилсан нам иргэдийнхээ “итгэлийг” алдлаа. Угтаа бол Японы сонгогчид харьцангуй консерватив гэдэг нь 1955 оноос хойшх сонгуулиудаар батлагддаг.
1955 оноос хойш “бараг” тасралтгүй (1993, 2009 оныг эс тооцвол) засгийн эрх барьсан Либерал Ардчилсан намд сонгогчдын бухимдлыг дутуу үнэлснээр ийнхүү ялагдал хүлээв. Японы ард иргэдийн бухимдал тэсэрсэн үйл явдал бол Ковидоос хойш эдийн засгийн сэргэлт удаан, инфляц өндөр гэж үзэж байгаагийнх юм. Яг одоо Шигэрү Ишибагийн засгийн газар тогтвортой байхын тулд сонгуульд өрсөлдсөн бусад намуудтай эвсэж, буулт хийх ёстой болж байна. Нэг үгээр хэлбэл эрх баригч нам оршин тогтнохын тулд бусадтайгаа хэлэлцээрт орно гэсэн үг юм. Японы улстөрд өрнөх эмх замбараагүй байдал нь зөвхөн өөрийн улсад ч биш хөрш болон холбоотон орнуудад нь эдийн засгийн нөлөөгөөр дам хамааралтай. Учир нь Японы улс төрийн тогтвортой байдал нь “билэг тэмдэг” мэт найдвартай. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд алт мэт найдвартай, аюулгүйд тооцогддог байв. Харин сонгуулийн дараах бужигнаан Ази Номхон далайн бүс нутагт найдвартайд тооцогддог энэ орны хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах эрсдэл дагуулж байна.











