Хүмүүс ягаад электрон тамхи буюу "вэйп" татдаг вэ?
"Вэйп" буюу электрон тамхи нь энгийн янжуур тамхинаас илүү аюулгүй хувилбар гэж ихэвчлэн сурталчилдаг. Гэхдээ “илүү аюулгүй” гэдэг нь “аюулгүй” гэсэн үг огт биш юм. АНУ-ын “Carcinogenesis” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн шинэ тойм судалгаагаар никотин агуулсан электрон тамхи зарим төрлийн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байж болзошгүйг харуулжээ.

Энэхүү судалгаа юу олж тогтоосон бэ? Вэйп яаж хорт хавдар үүсгэхэд нөлөөлж болох вэ? Вэйп нь тамхинаас гарахад үнэхээр тус болдог уу? Мөн өсвөр насныхан, залуучуудын вэйп хэрэглээний талаар эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ?
Эдгээр асуултад хариулахын тулд CNN-ийн эрүүл мэндийн шинжээч, яаралтай тусламжийн эмч, Леана Вэнтэй ярилцжээ. Тэрээр өмнө нь Балтимор хотын эрүүл мэндийн комиссараар ажиллаж байсан бөгөөд одоо Жорж Вашингтоны Их Сургуулийн дэд профессор юм.
CNN: Таны оролцсон судалгаа вэйп болон хорт хавдрын эрсдэлийн талаар юу тогтоосон бэ?
Доктор Леана Вэн:
Энэ нь ганц туршилт биш, харин электрон тамхи болон хавдар үүсэх механизмын талаарх олон судалгааг нэгтгэн дүгнэсэн шинжлэх ухааны томоохон тойм судалгаа юм. Судлаачид лабораторийн судалгаа, амьтны туршилт, хүний биомаркерын судалгаа болон эпидемиологийн мэдээллийг авч үзэн, вэйп нь эс болон эдэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан.

Тойм судалгаагаар электрон тамхины аэрозоль нь ДНХ-г гэмтээж, архаг үрэвсэл үүсгэж болохыг харуулсан. Эдгээр нь хоёулаа хорт хавдар үүсэхтэй холбоотой үйл явц юм.
Мөн судлаачид вэйпний уурт дараах хортой бодисууд агуулагддагийг дурдсан байна.
Үүнд:
-формальдегид
-ацетальдегид
-никель
-хром
-хар тугалга
зэрэг хүнд металлууд.
Эдгээр металлууд нь төхөөрөмжийн халаах элементээс ялгарч болзошгүй аж.
Түүнчлэн вэйп хэрэглэх нь:
Уушгины хавдар
Амны хөндийн хавдар
Давсагны хавдар
зэрэгтэй холбоотой байж болзошгүй гэсэн нотолгоонуудыг ч авч үзжээ.
Вэйп хэрэглэгчид никотин болон бусад олон хортой бодист өртдөг. Никотин нь донтуулдаг бодис юм.
Гэхдээ судлаачид одоогийн нотолгооны хязгаарлалтыг мөн онцолсон. Электрон тамхи ердөө сүүлийн 10 орчим жилд өргөн хэрэглээнд орсон бөгөөд олон төрлийн хавдар хэдэн арван жилийн дараа илэрдэг. Тиймээс уламжлалт тамхины адил урт хугацааны хүн амын судалгаа хийх хугацаа одоогоор хангалтгүй байна.
Одоогийн олон судалгаа:
-Лабораторийн түвшинд,
-Амьтанд, эсвэл богино хугацааны биологийн өөрчлөлтөд төвлөрсөн байдаг бөгөөд хүний бодит хавдрын оношлогооны урт хугацааны мэдээлэл хараахан хангалтгүй байгаа юм.
Гэсэн ч янз бүрийн төрлийн судалгаанууд ижил төстэй үр дүн үзүүлж байгаа нь вэйп хоргүй биш бөгөөд урт хугацаанд хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэсэн ноцтой болгоомжлол төрүүлж байна гэж судлаачид дүгнэсэн.
CNN: Электрон тамхи нь тамхи шатаадаггүй атлаа яаж хорт хавдар үүсгэж болох вэ?
Вэн:
Олон хүн “Шаталт явагддаггүй учраас электрон тамхи бараг хоргүй” гэж боддог. Үнэндээ вэйп нь энгийн янжууртай харьцуулахад бага хэмжээний хорт бодист өртүүлдэг нь үнэн. Гэхдээ “бага” гэдэг нь “огт байхгүй” гэсэн үг биш.
Электрон тамхи нь ихэвчлэн:
-никотин,
-үнэр оруулагч химийн бодис,
-пропилен гликол,
-ургамлын глицерин
агуулсан шингэнийг халааж ууршуулдаг.
Эдгээр бодис халалтын үед эс болон ДНХ-г гэмтээж болзошгүй нэгдлүүд болж задардаг. Мөн вэйпний аэрозольд маш жижиг ширхэглэгүүд агуулагддаг бөгөөд эдгээр нь уушгинд гүн нэвтэрч архаг үрэвсэл үүсгэж болно.
Никотин өөрөө ч хоргүй бодис биш. Хэдийгээр никотиныг тамхины утаа шиг шууд хавдар үүсгэгч гэж ангилдаггүй ч:
хавдрын өсөлт,
шинэ судасжилт,
хавдрын хөгжил дэмждэг эсийн дохиоллын замуудыг идэвхжүүлж болзошгүй. Ялангуяа залуу хүмүүст никотин олон сөрөг нөлөөтэй.
CNN: Вэйп нь тамхи татахаас аюул багатай хэвээр үү?
Вэн:
Одоогийн мэдлэгээр бол вэйп нь шатдаг тамхинаас магадгүй бага хор хөнөөлтэй.
Янжуур тамхины утаанд хэдэн мянган химийн бодис, түүний дотор олон арван батлагдсан хавдар үүсгэгч бодис агуулагддаг.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
Тамхи татах нь дэлхий даяар урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын гол шалтгаануудын нэг хэвээр байна.
Гэхдээ “Тамхинаас аюул багатай” гэдгийг хүмүүс “Аюулгүй” гэж ойлгодог нь буруу.
Вэйп нь донтуулдаг никотин, бусад олон хорт бодист хэрэглэгчдийг өртүүлдэг. Мөн астма, архаг уушгины өвчтэй хүмүүсийн амьсгалын асуудлыг дордуулах боломжтой. Урт хугацааны нөлөөллийг бид бүрэн мэдэхгүй хэвээр байна. Ялангуяа өсвөр насныхан, залуучуудын хувьд энэ маш чухал асуудал. Тамхи огт татдаггүй хүн вэйп хэрэглэж эхлэх нь эрүүл мэндэд ашигтай сонголт биш.
CNN: Электрон тамхи хүмүүст тамхинаас гарахад тусалдаг уу?
Вэн:
“Вэйп хэрэглээд тамхинаас гарсан” гэж ярьдаг хүмүүс бий. Зарим судалгаа ч электрон тамхи тодорхой насанд хүрэгчдэд янжуурын хэрэглээг бууруулах эсвэл болиход тусалж болохыг харуулсан. Гэхдээ бусад судалгаанууд үүнийг үгүйсгэдэг.
Хамгийн чухал нь электрон тамхи нь U.S. Food and Drug Administration буюу FDA-аас “Тамхинаас гаргах зориулалттай төхөөрөмж” гэж батлагдаагүй.
Нэг том асуудал бол олон хүн тамхинаас гарахын тулд вэйп хэрэглэж эхлээд урт хугацаанд никотинд донтсон хэвээр үлдэх, эсвэл янжуур болон вэйпийг зэрэг хэрэглэх явдал юм.
Өөрөөр хэлбэл тэд никотины донтолтоо арилгахгүйгээр зөвхөн татах аргаа сольж байгаа хэрэг.
FDA-аас зөвшөөрсөн тамхинаас гарах аргууд илүү баттай нотолгоотой.
Үүнд:
-никотин наалт,
-бохь,
-шахмал,
-амьсгалуулагч,
-хамрын шүршигч
зэрэг орно. Эдгээрийг зан үйлийн зөвлөгөө, дэмжлэгтэй хослуулахад амжилт өндөр байдаг.
CNN: Тамхи татдаг мөртлөө вэйп хэрэглэдэг хүмүүсийн тухайд?
Вэн:
Үүнийг “давхар хэрэглээ” гэж нэрлэдэг бөгөөд маш түгээмэл. Олон хүн тамхиа багасгах гэж, эсвэл тамхи татах хориотой газар никотин хэрэглэхийн тулд вэйп хэрэглэдэг. Гэвч ингэснээр тэд тамхины хор, дээрээс нь вэйпний нэмэлт эрсдэлд хоёуланд нь өртөж байдаг. Зарим судалгаагаар давхар хэрэглэгчдийн зүрх судасны, амьсгалын замын эрсдэл дан тамхи татдаг хүмүүсийнхтэй ижил эсвэл бүр өндөр байж болзошгүй гэж үзсэн.
CNN: Өсвөр насныхан, залуучуудын хувьд ямар эрсдэлтэй вэ?
Вэн:
Энэ бол хамгийн том санаа зовнил. Никотин нь хөгжиж буй тархинд нөлөөлдөг. Ялангуяаанхаарал төвлөрөл, суралцах чадвар, импульс хянахтай холбоотой хэсгүүдэд. 2024 онд АНУ-д 1.6 сая гаруй дунд болон ахлах ангийн сурагч электрон тамхи хэрэглэж байгаагаа мэдээлсэн байна.
Амттай бүтээгдэхүүнүүд өсвөр үеийнхэнд хамгийн түгээмэл хэвээр байгаа.
Мөн олон хүүхэд, өсвөр насныхан хэр хэмжээний никотин хэрэглэж байгаагаа ойлгодоггүй. Зарим вэйп бүтээгдэхүүн маш өндөр никотины агууламжтай байдаг. Өсвөр насанд никотины донтолт маш хурдан үүсч болно. Мөн залуучуудын вэйп хэрэглээ нь дараа нь янжуур татах, бусад бодис хэрэглэх магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо бий. Үүнээс гадна амьсгалын замын асуудал, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, хөгжлийн чухал үед хорт бодист өртөх эрсдэлүүд ч бий.
CNN: Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ юу ярилцах ёстой вэ?
Вэн:
Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ шүүмжлэлгүй, шууд ярилцах хэрэгтэй. Олон өсвөр насныхан найз нөхөд, нийгмийн сүлжээгээр дамжин вэйптэй танилцдаг.
“Вэйп бол зүгээр л амттай усан уур” биш гэдгийг тайлбарлах нь чухал.
Эдгээр бүтээгдэхүүн:
-маш донтуулагч никотин,
-уушгийг гэмтээж,
-урт хугацаанд хавдрын эрсдэл нэмэгдүүлж болзошгүй химийн бодисууд агуулж байдаг.
CNN: Одоо вэйп хэрэглэдэг хүмүүс яах ёстой вэ?
Вэн:
Юуны өмнө тамхи татдаггүй хүн вэйп хэрэглэж эхлэх хэрэггүй. Хэрэв хүн аль хэдийн вэйп хэрэглэдэг бол хэрэглээгээ багасгах, боломжтой бол бүрэн зогсоохыг бодох хэрэгтэй. Харин янжуураас бүрэн вэйп рүү шилжсэн хүмүүсийн хувьд нөхцөл байдал арай өөр. Янжуур татахаас вэйп хэрэглэх нь дээр байж болох ч урт хугацааны зорилго нь никотины хамаарлаас бүрэн ангижрах ёстой.
Эх сурвалж: CNN









