
Товчоор
-Арчи, Лилибет нар Их Британид сургуульд явна
-Харри, Уильям нарын харилцаа одоо ч хурцадмал хэвээр байна
-Хаан Чарльз өнгөрсөн сард Харритай уулзсан
Их Британийн ханхүү Сассексийн гүн Харри, түүний эхнэр гүнгийн ахайтан Меган нар хааны гэр бүлийн албан үүргээс татгалзан, АНУ руу нүүснээсээ хойш зургаан жилийн дараа энэ сард Их Британи руу буцаж нүүхээр төлөвлөж буй талаар Лхагва гарагт хэвлэлүүд онцоллоо.
Сассексийн гүн, гүнгийн ахайтан нарын долоон настай ханхүү Арчи, таван настай гүнж Лилибет нарын хамт Калифорниас Их Британид удаан хугацаагаар амьдрах зорилгоор нүүж, хүүхдүүд нь есдүгээр сараас сургуульд суралцаж эхэлнэ гэж "People" сэтгүүл, "The Telegraph" мэдээллээд байна.
Харригийн хэвлэлийн төлөөлөгч болон Букингемийн ордон уг мэдээлэлд тайлбар өгөөгүй ч хосуудын ойрын эх сурвалж уг мэдээлэл үнэн болохыг баталжээ.
The Telegraph-ийн мэдээлснээр, тэд хааны гэр бүлийн эзэмшлийн ордонд амьдрахгүй. Учир нь 2020 оны гуравдугаар сараас эхлэн тэд хааны гэр бүлийн албан үүрэг хүлээхгүй болсон. Талийгаач хатан хаан II Элизабеттай тохиролцсоны дагуу хааны гэр бүлийн албан үүрэг гүйцэтгэдэггүй ч гишүүд хэвээр үлдсэн.
Харри 2018 онд жүжигчин асан, ээж талаасаа өнгөт арьстан Меган Марклтай Виндзорын шилтгээнд хуримласан билээ. Тухайн үед энэ гэрлэлт нь олон зуун жилийн түүхтэй Их Британийн хаант засаглалд шинэ эрч хүч авчирна хэмээн хүлээж байсан юм.
Гэвч хааны гэр бүлийн бусад гишүүдтэй харилцах тэдний харилцаанд ан цав гарч эхэлсэн. Хуримаас хоёр жилийн дараа буюу 2020 оны гуравдугаар сард тэд хааны гэр бүлийн албан үүргээс татгалзаж, АНУ руу нүүхээр болсноо зарлаж байсан.
Тэд Калифорнийн Санта-Барбарагийн ойролцоох далайн эргийн чинээлэг хот болох Монтеситод суурьшсан. Хэвлэлүүдийн мэдээлснээр 2020 онд худалдаж авсан, 16 унтлагын өрөөтэй байшингийн үнэ 14.7 сая ам.доллар байсан аж.

Нүүснээсээ хойш Харри, Меган нар телевизийн ярилцлагууд, Netflix-ийн баримтат цуврал, түүн дундаа Харригийн “Spare” хэмээх дурсамж номоороо хааны гэр бүл болон хаант засаглалыг удаа дараа шүүмжилсэн.
Түүнчлэн 2021 онд Опра Уинфритэй хийсэн ярилцлагын үеэр Меган хааны гэр бүлийн нэрийг дурдаагүй нэгэн гишүүн тэдний хүү Арчигийн арьсны өнгө хэр бараан байх бол гэж асуусан хэмээн ярьж байсан юм. Харин хаан ширээ залгамжлах дараагийн хүн болох Харригийн ах, ханхүү Уильям Их Британийн хааны гэр бүлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид гэсэнтэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Харри эцэг Чарльз хаан болон ах ханхүү Уильямын талаар нэлээд хурц шүүмжлэлтэй зүйлс хэлсэн нь тэдний харилцааг бараг бүрэн тасрах хэмжээнд хүргээд байсан.
Мөн Их Британийн Засгийн газар түүний аюулгүй байдлын хамгаалалтыг өөрчилсөнд Харри дургүйцэж байсан удаатай. Тэрээр цагдаагийн хамгаалалтыг автоматаар авах эрхгүй болсноор хүүхдүүдээ Их Британид авчрах боломжгүй болсон гэж мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч өнгөрсөн есдүгээр сараас хаан болон хүүгийнх нь харилцаа бага зэрэг сайжирч эхэлсэн бололтой. Тэд 20 сарын хугацаанд анх удаа богино хугацаанд уулзсан байна.
Чарльз хаан 2024 онд нэг төрлийн хорт хавдартай гэж оношлогдсон. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард телевизээр дамжуулан өөрийн биеийн байдлын талаар мэдээлэхдээ эмчилгээ “Онцгой сайн нөлөөлсөн”. Тиймээс эмч нар эмчилгээний давтамж, хэмжээг бууруулж байгаа гэсэн юм.
Өнгөрсөн сард Харри, Меган нар хүүхдүүдийнхээ хамт Их Британид очих үеэр Чарльз хаан тэдэнтэй мөн уулзсан. Ингэснээр Чарльз хаан 2022 оноос хойш анх удаа ач нараа харсан байна.
Сассексийн гэр бүлийнхэнтэй илүү ойр ойрхон уулзах боломж гарсанд хаан баяртай байсан хэдий ч тэд Их Британид буцаж ирэх төлөвлөгөөтэй байгааг өнгөрсөн ням гарагт л мэдсэн гэж гарч буй мэдээллүүдэд дурджээ.
Чарльз хаан болон Харригийн харилцаа сайжирсан байж болох ч Харри ах Уильямтайгаа бараг харилцдаггүй хэвээр байна.
Харри, Меган нар Холливудын хойд хэсэгт орших гэрээсээ олон төрлийн хэвлэл мэдээллийн төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэд Spotify компанитай подкастын цуврал хийхээр олон сая долларын гэрээ байгуулж, мөн Netflix-тэй Меган буюу жүжигчин асан Меганы хөтөлдөг амьдралын хэв маягийн шоу зэрэг хэд хэдэн контент бүтээх гэрээ байгуулсан юм.

Гэвч эдгээр төслүүдийн үр дүн харилцан адилгүй гэж үнэлэгдсэн. Харригийн бүхнийг илэн далангүй өгүүлсэн дурсамж ном бестселлер болсон ч тэдний Spotify-тай байгуулсан подкастын гэрээ дуусгавар болж, Меганы Netflix шоу гурав дахь улирал үргэлжлээгүй.
Холливудын Deadline.com хэвлэлийн газрын гүйцэтгэх редактор Доминик Паттен:
Тэд хүсэж байсан супер одын хэмжээндээ хүрч чадаагүй гэж би бодож байна.
дүгнэсэн байдаг .
Гэсэн хэдий ч Холливудад олон алдартнуудын дунд амьдарч буй тэд өөрсдийн түүхээрээ олон нийтийн сонирхлыг хадгалж чадсан гэж Паттен үзэж байна.
Тэрээр:
Харри, Меган хоёр олны сонирхлыг унтраалгүй хадгалж чадсан. Холливудын карьерууд хэр хурдан мандаж, бас хэр хурдан замхардгийг харгалзан үзвэл, энэ хэмжүүрээр тэд амжилттай байсан.
гэж дүгнэсэн билээ.








