Линдси Клэнси хүүхдүүдээ хөнөөх үедээ “өөрийн ухаангүй байсан” гэж өмгөөлөгч нь шүүх хурлын төгсгөлд мэдэгдлээ.

Пүрэв гарагт АНУ-ын Массачусетс мужийн Плимут хотод болсон Линдси Клэнсигийн хүн амины хэргийн шүүх хурлын төгсгөлд түүний өмгөөлөгч тангарагтны шүүгчдэд хандан "Клэнси 2023 онд гурван хүүхдээ хөнөөх үедээ төрсний дараах сэтгэцийн эмгэгийн хүнд хэлбэр болох төрсний дараах психозын байдалд байсан" гэж үзэхийг уриалсан байна.

Харин прокурорын (улсын яллагч) зүгээс Клэнси нөхөртөө гадуур ажил гаргаж явуулан, хүүхдүүдээ хөнөөх шаардлагатай хугацааг өөртөө зориуд бий болгосон гэж мэдэгдсэн.
36 настай Клэнси 2023 оны нэгдүгээр сард Бостоны захын Даксбери хот дахь гэрийнхээ хонгилд гурван хүүхдээ биеийн тамирын дасгалын резинэн туузаар боомилж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хүүхдүүдээ боомилсны дараа тэрээр хутгаар өөрийгөө зүсэж, амиа хорлохын тулд хоёрдугаар давхрын цонхоор үсэрсэн боловч амьд үлдэж, улмаар саажилттай болсон юм.
Өмгөөлөгч Кевин Реддингтон Плимут дүүргийн Дээд шүүхэд болсон шүүх хурлын хаалтын үгэндээ тангарагтны шүүгчдээс Клэнсиг сэтгэцийн эрүүл мэндийн хүнд өвчний улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байсан гэж үзэн, нэгдүгээр зэргийн хүн амины гурван зүйл ангиар түүнийг буруутгахгүй байхыг хүссэн банйа.
Түүний өмгөөллийн байр суурь нь АНУ даяар эмэгтэйчүүдийн төрсний дараах сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хэрхэн хандаж байгаа талаарх маргааныг дахин хөндсөн юм.
“Тэрээр хэрэг үйлдэх үедээ өөрийн ухаангүй байсан”
гэж Реддингтон мэдэгддэг.
Тэрбээр шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэг болон нотлох баримтууд нь Клэнси гурав дахь хүүхдээ төрүүлснээс хойш хэдэн сарын турш сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж, амиа хорлох бодол тээж байсан. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэхээр тусламж эрж байсан нь тодорхой болсон гэж тайлбартаа дурьдсан юм.
Реддингтон прокуроруудыг “Аймшигт” аллагын өмнөх үйл явдлыг ашиглан “Залуу, эрч хүчтэй, хөдөлмөрч” эхийн нэр хүндийг гутаахыг оролдож байна гэж буруутгасан.
Түүний хэлснээр Клэнси хүүхдүүдээ хөнөөж, дараа нь амиа хорлохыг завдсан нь эм болон чанаргүй эмнэлгийн тусламжийн нөлөөгөөр сонссон нэгэн эрэгтэй хүний дуу (Монголчууд хий зүйл сонсох гэж хэлдэг) хоолойтой холбоотой байжээ.
Энэ залуу эмэгтэй хүүхдүүдээ хөнөөсөнд буруугүй. Учир нь тэр өвчин, сэтгэцийн эмгэгийн улмаас ийм үйлдэл хийсэн гэдгийг эрхэм шүүгчид болон та бүхэнд би тайлбарласан. Харин прокуроруудад үүний эсрэг нотлох нотолгоо байхгүй.
гэж тэр тангарагтны шүүгчдэд хэлэв.
Харин дүүргийн прокурорын туслах Женнифер Спраг Клэнси сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсныг үгүйсгээгүй. Гэхдээ гол асуудал нь сэтгэцийн эрүүл мэндэд биш гэж тайлбарласан.
Түүний хэлснээр 2023 оны нэгдүгээр сарын 24-нд Клэнси хүүхдүүдээ хөнөөх нь буруу гэдгийг ойлгож байсан эсэх, ойлгож байсан ч зориуд үйлдсэн эсэх нь шүүхийн гол асуудал юм.
“Энэ хэрэг манай сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоо, тэр тогтолцоо эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг тухай биш. Энэ бол та бүхнийг уурлуулж, сэтгэл хөдлөлд автуулахын тулд хөндөж буй өөр нэг чухал асуудал бөгөөд гэхдээ тэр асуудал энэ шүүх хурлаар хэлэлцэх асуудал биш” гэж Спраг хэлжээ.
Клэнси өмнө нь Массачусэтсийн Ерөнхий Эмнэлэгт эх барих, төрөх тасгийн сувилагчаар ажиллаж байжээ. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 24-нд 5 настай Кора, 3 настай Доусон, 8 сартай Каллан гэсэн гурван хүүхдээ хөнөөсөн хэрэг үйлдсэн гэж үзэн нэгдүгээр зэргийн хүн амины гурван зүйл ангиар яллаж байгаа юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Хэрэв түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт гэм буруутай гэж үзвэл өршөөлөөр суллагдах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял өгнө.
Харин эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байсан, эсвэл сэтгэцийн өвчний улмаас буруугүй гэж үзвэл түүнийг мужийн сэтгэцийн эмнэлэгт шилжүүлэн, сэтгэцийн байдлыг нь үнэлэх ажээ.
Таван долоо хоног үргэлжилсэн энэхүү шүүх хурал нь 2001 онд Техас мужийн Андреа Йейтс гэх эмэгтэй таван хүүхдээ ванн дүүрэн усанд живүүлж хөнөөсөн хэргийг санагдуулсан байна.
Йейтсийн анхны хүн амины ялыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосны дараа 2006 онд түүнийг сэтгэцийн өвчний улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байсан гэж үзэн буруугүйд тооцсон юм. Түүний өмгөөлөгчид Йейтсийг төрсний дараах хүнд хэлбэрийн психозоор өвчилсөн гэж тайлбарлаж байжээ.
Нөхрийг нь зориуд гэрээс гаргасан гэж прокурор үзэж байгаа.
Прокурор Спраг хаалтын мэдэгдэлдээ хүүхдүүдийг хөнөөхийн өмнөхөн болсон үйл явдлуудад анхаарлаа хандуулав. Түүний хэлснээр Клэнси тухайн үед нөхөр Патрикийг хоол захиалж авах, эмийн сан орох зэрэг ажилд явуулсан бөгөөд нөхөр нь гэртээ буцаж ирэхэд хэр их хугацаа шаардагдахыг утсан дээрээ урьдчилан тооцоолсон байна. Патрик эмийн санд байхдаа эхнэртэйгээ утсаар богино хугацаанд ярьжээ.
Харин гэртээ буцаж ирэхэд Клэнси арын хашаанд газар хэвтэж байсан бөгөөд бугуй болон хүзүүгээ зүссэн байжээ. Тэр нөхөртөө амиа хорлохыг завдсан гэж хэлсэн байна.
Патрик түүнээс хүүхдүүд хаана байгааг асуухад Клэнси тэднийг байрны хонгилд байгаа гэж хариулжээ.
Патрик 911-д дуудлага өгсний дараа аврагчид болон цагдаа нар ирж, тэрээр хонгил руу гүйн орж, хүүхдүүдийнхээ хүзүүнд дасгалын резинэн тууз ороосон байдалтай байхыг олсон байна. Шүүх хурлын үеэр Патрик болон гэр бүлийн бусад гишүүд, мөн эмнэлгийн шашны зөвлөх зэрэг гэрчүүд Клэнси дараа нь тэдэнд нэгэн эрэгтэй хүний дуу хоолой сонссон гэж хэлж байсан талаар мэдүүлжээ.
Түүний хэлснээр тэр дуу хоолой “Хэрэв чи одоо үйлдэхгүй бол боломжоо алдана” гэж хэлсэн байна.
Гэвч прокурор Спраг Клэнси энэ дуу хоолойг зохиож хэлсэн гэж үзэж байна.
Тэрээр шинжээчдийн тайлбарласнаар Клэнси ийм дуу хоолойг ганцхан удаа сонссон гэх нь логикгүй бөгөөд Клэнси амиа хорлох оролдлого хийснийхээ дараа эмнэлэгт хүргэгдсэн хойноо л дуу хоолой сонссон тухай ярьж эхэлсэн гэж онцолжээ. Мөн Спраг Клэнси нөхрөө гэрээс гаргах замаар хүүхдүүдээ нэг нэгээр нь хонгилд авчирч, тэнд боомилон хөнөөхөд хангалттай хугацаа зориудаар гаргаж авсан гэж мэдэгдсэн.
Прокурорын хэлснээр Клэнси Патрикийг эмийн санд байхад нь утсаар ярихдаа ямар нэгэн дуу хоолой сонссон тухай огт дурдаагүй байна.
Тэр өөрийнхөө хийсэн зүйл буруу гэдгийг мэдэж байсан. Тэр хуулийг дагаж мөрдөх боломжтой байсан ч зориуд дагаагүй. Тэр хүүхдүүдтэйгээ хамт үхнэ гэж бодож байсан учраас хийсэн үйлдлийнхээ төлөө ямар нэгэн үр дагавар амсана гэж ч хүлээгээгүй.
гэж Спраг хэлэв.
Хаалтын мэдэгдлүүд дууссаны дараа шүүгч Уильям Салливан тангарагтны шүүгчдэд хууль эрх зүйн талаар өгөх зааварчилгаагаа үргэлжлүүлэн өгч эхэлжээ. Тэрээр энэ зааварчилгааг пүрэв гарагийн шүүх хурлын эхэнд эхлүүлсэн бөгөөд үүний дараа тангарагтны шүүгчид хэлэлцүүлэгт орж, Клэнсиг гэм буруутай эсэх талаар шийдвэр гаргах юм.








