



















Олимпын наадмын эмэгтэйчүүдийн ангилалд цаашид зөвхөн биологийн эмэгтэй тамирчид, тэдний хүйсийг нэг удаагийн генийн шинжилгээгээр тогтоосон тохиолдолд оролцох эрхтэй болно.
гэж Олон Улсын Олимпын хороо (IOC) пүрэв гарагт мэдэгдлээ.

Шинэ дүрэм нь үндсэндээ трансжендер (биологийн бус хүйсээ солиулсан. Анхнаасаа эрэгтэй бойжилттой байсан) тамирчдыг Олимпын эмэгтэй ангиллын тэмцээнүүдэд оролцохыг хориглож байна. Өмнө нь тэд өөрсдийн спортын холбооноос зөвшөөрөл авсан тохиолдолд Олимпийн наадамд оролцох боломжтой байсан юм.
18 сар үргэлжилсэн зөвлөлдөх үе шат дууссаны дараа IOC Олимпын наадам, Залуучуудын Олимп болон эрх олгох тэмцээнүүдэд мөрдөх бодлогоо танилцууллаа.
Энэ нь олон улсын спортын холбоодод өргөнөөр нэвтэрч, эмэгтэйчүүдийн элит спортын төрөлд өрсөлдөгчдөд зориулсан үндсэн дүрэм болохоор хүлээгдэж байна. Өмнө нь ялгаатай зохицуулалтууд нь ширүүн маргаан дэгдээж байсан юм.
2028 оны Лос-Анжелесийн Олимпоос эхлэн эмэгтэйчүүдийн төрөлд оролцох эсвэл эрх авахыг хүссэн бүх тамирчид SRY генийн тест өгч, хүйсийнхээ анхны байдлыг тодорхойлуулах шаардлагатай болно.
SRY гэдэг нь “sex determining region Y gene” буюу Y хромосомын хүйс тодорхойлогч бүсийг хэлдэг.
“Шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн, SRY генийн оршин байдал нь хүний амьдралын туршид тогтвортой байдаг бөгөөд тухайн тамирчин эрэгтэй бойжилтын хөгжлийг туулсан эсэхийг маш өндөр нарийвчлалтайгаар илтгэдэг" гэж IOC үзэж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ.
Шинжилгээг шүлс, хацрын арчдас эсвэл цусны дээжээр авах бөгөөд энэ нь өмнөх аргуудаас илүү зовиургүй гэж IOC мөн мэдэгдсэн. Уг тестийг тамирчны амьдралд зөвхөн нэг удаа хийх аж.
Өмнө нь IOC Олимпын наадамд трансжендер тамирчдыг оролцуулах талаар нэгдсэн дүрэм гаргахаас зайлсхийж, 2021 онд олон улсын спортын холбоодод өөрсдийн удирдамжийг боловсруулахыг үүрэг болгож байсан.
IOC-ын шинэ Ерөнхийлөгч Кирсти Ковентри өнгөрсөн оны 6-р сард албан тушаалаа авсныхаа дараа энэ байр сууриа өөрчилж, байгууллага нь нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн.
Олимпын наадамд хамгийн өчүүхэн ялгаа ч ялалт, ялагдлын хоорондох зааг болдог. Тиймээс биологийн эрэгтэйчүүд эмэгтэй ангилалд өрсөлдөх нь шударга биш нь туйлын тодорхой. Үүнээс гадна зарим спортод энэ нь аюултай.
гэж Ковентри хэлжээ.
Энэ бодлого нь үндсэндээ шинжлэх ухаанд тулгуурласан бөгөөд эмнэлгийн мэргэжилтнүүдийн удирдлага дор боловсруулагдсан гэдэгт би итгэж байна. Энэ сэдэв эмзэг гэдгийг бид мэднэ.
гэж тэр хэвлэлийн бага хурал дээр нэмж хэлсэн.
Спорт бид бүгдийг ижил тэгш, шударга байдлаар тэмцэлдэхийг хүсдэг. Энэ бол миний хувьд маш чухал хоёр шалтгаан юм.
гэж тэр хэлсэн.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Францын Олимпын хороо уг шийдвэрт хариу мэдэгдэл гаргаж:
Дурдсан SRY тест нь холбогдох бүх хүмүүст ноцтой ёс зүйн болон шинжлэх ухааны асуудал үүсгэж байна”
гэжээ.
Мөн
Яг амьдрал дээр ч хүндрэлүүд бий, ялангуяа Францад ийм төрлийн тест хийх нь био-ёс зүйн хууль болон иргэний хуультай зөрчилдөх бөгөөд одоогоор ийм шинжилгээг лабораторид хийхийг хориглодог.
гэж мэдэгдсэн байна.
Шинэ дүрэм нь өнгөрсөнд буцаан үйлчлэхгүй бөгөөд сонирхогчийн спортод нөлөөлөхгүй аж.
IOC-ийн мэдээлснээр хүйсийн хөгжлийн ховор тохиолдлуудад зарим онцгой нөхцөл үйлчилнэ.
Бүрэн андроген мэдрэмжгүй синдром (CAIS) эсвэл бусад ховор хүйсийн хөгжлийн ялгаатай (DSD) оноштой, тестостероны анаболик буюу гүйцэтгэл нэмэгдүүлэх нөлөөг авдаггүй тамирчдыг эс тооцвол, SRY эерэг (SRY-positive) шинжилгээтэй ямар ч тамирчин IOC-ийн тэмцээний эмэгтэй ангилалд оролцох эрхгүй
гэж мэдэгдсэн.
Харин SRY тест эерэг тамирчид өөр ангиллуудад оролцох боломжтой хэвээр байх аж.
“Жишээлбэл, тэд эрэгтэй ангилалд, мөн холимог ангиллын эрэгтэй төрөлв, эсвэл нээлттэй ангилалд оролцох эрхтэй” гэж IOC хэлжээ.
Зарим спортын холбоод, тухайлбал хөнгөн атлетик, усанд сэлэлт, регби нь аль хэдийн өөрсдийн дүрмийг боловсруулж, эрэгтэй бойжилтыг туулсан тамирчдыг эмэгтэй ангилалд оролцохыг хориглосон.
Одоогоор олон жижиг холбоод энэ асуудлаар эцсийн журам гаргаагүй байна.
World Athletics нь аль хэдийн хүйсийн шинжилгээ нэвтрүүлсэн байгууллагуудын нэг бөгөөд өнгөрсөн жилийн Токиогийн дэлхийн аваргын өмнө бүх эмэгтэй тамирчдаас хацрын арчдасаар нэг удаагийн SRY тест авчээ.
IOC бодлогоо зарлахаас өмнө хүний эрхийн болон спортын өмгөөллийн байгууллагууд аливаа хүйсийн тестийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан.
Спорт бол шилдэг, хүндлэл, оролцоог нэгтгэдэг орон зай. Гэтэл IOC эсрэгээрээ спортод оролцохыг хүссэн эмэгтэй хүн бүрийн бие махбодийг илүү их шалгаж, Олимпоос эхлээд тоглоомын талбай хүртэл хяналтыг нэмэгдүүллээ. Үүнийг хамгаалалт гэж яаж хэлж болох вэ?
гэж LGBTQ+ эрхийн байгууллагуудын холбоо болох ILGA-ийн хамтран ерөнхий нарийн бичгийн дарга Кимберли Фрост хэлжээ.
Олимпын наадамд трансжендер тамирчид маш цөөн оролцсон. Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хаббард 2021 оны Токиогийн Олимпод төрсөн хүйсээсээ өөр ангилалд оролцсон анхны тамирчин болсон.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил АНУ-д сургуулийн, коллежийн болон мэргэжлийн спортод трансжендер тамирчдыг эмэгтэй ангилалд оролцохыг хориглосон юм.










