
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн Онцгой комисын хуралдаанд оролцож, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын явцтай танилцлаа.
Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлт гаргалаа.
Тухайлбал, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах хүрээнд нарны цахилгаан станцыг батарей хуримтлуурын системтэй болгох, дулааны станцын бүтээн байгуулалттай уялдуулан дулаан дамжуулах төв, гадна дулааны шугам барих, Мөрөн дэд станцын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх асуудлыг танилцууллаа.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Шадар сайд Н.Номтойбаяр аймгаас тавьсан санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, үе шаттай шийдвэрлэхээ илэрхийлж, мал аж ахуй болон төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг газар дээр нь үнэлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвөлжилтийг хүндрэлгүй давахад бүх шатандаа бэлтгэл хангаж ажиллах чиглэлийг өглөө.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, барилга байгууламж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны машин, техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын бэлэн байдалтай танилцаж, болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.









