



















Францын цагдаа нар Луврын музейгээс үнэлж баршгүй үнэт эрдэнэсийг өдрийн цагаар дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ. Нийт 60 мөрдөгч энэ хэргийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа аж. Дээрэмчид оргон зайлахдаа Парисын гудамжинд алмаазаар бүрсэн титэм унагасан байна.
Ням гарагийн өглөө дөрвөн хүн моторт дугуйгаар зугтсан бөгөөд цагдаа нар Луврын эргэн тойрны болон Парисаас гарах гол замуудын хяналтын камерын бичлэгийг нягталж байна.
"Бидэнд маш олон бичлэг байна. Энэ нь мөрдөгчдийн гол чиглэлүүдийн нэг юм" гэж Дотоод хэргийн сайд Лоран Нюньез мэдэгджээ.

Луврын музей хоёр дахь өдрөө хаалттай хэвээр байх үед жуулчид тасалбараа дахин захиалан, урт дараалал үүсгэж байв. Гэвч долоон минут л үргэлжилсэн уг дээрэм Францын музейнүүдийн хамгаалалтын сул талыг дахин олон нийтийн анхаарлын төвд авчирсан юм. Өнгөрсөн сард өөр хоёр музей мөн дээрэмдүүлсэн байна.
Шүүхийн сайд Жералд Дарманин "Луврт хамгаалалтын алдаа гарсан нь тодорхой" гэж хүлээн зөвшөөрчээ.
“Парисын төвд хүмүүс тавилга зөөврийн өргүүр байрлуулж, хэдхэн минутын дотор түүгээр дамжин музейд нэвтрээд үнэт эдлэл авч гарч чадсан нь Францын нэр хүндэд сэв суулгалаа” гэж тэр хэлсэн юм.
Нюньез соёлын байгууламжуудын хамгаалалтыг чангатгахыг үүрэг болгожээ.
Төрийн аудитын танхимын (2019–2024 оны) тайланд дурдсанаар, Луврын хамгаалалтын шинэчлэл “удаашралтай” явагдаж байгаа бөгөөд нэг жигүүрийн дөрөвний нэг хэсэг л камерын хяналттай байсан байна.
Дээрэмчид Ням гарагийн өглөө 9:30 цагийн үед музей нээгдсэнээс хойш 30 минутын дараа иржээ. Тэд тавилга зөөврийн өргүүртэй ачааны машин байрлуулж, Луврын “Аполлон галерей”-н цонхоор авирч орон, шилэн хайрцгийг таслагч төхөөрөмжөөр нээж үнэт эдлэлүүдийг авч гарчээ.
Дэлхийн хамгийн олон жуулчинтай энэхүү музей (Мона Лиза зэрэг алдартай бүтээлүүд хадгалагддаг) мягмар гараг хүртэл хаалттай байх магадлалтай.
АНУ-ын жуулчин Жесслин Эйлерс (38 настай):
“Бид энэ аяллаа маш удаан хугацаанд төлөвлөсөн байсан болохоор ихэд сэтгэл гонсойж байна” гэж ярьжээ.
Өөр нэг америк жуулчин Кэрол Фукс:
“Тэд зүгээр л цонхоор орсон гэхэд итгэмээргүй. Баригдах болов уу? Эргэлзэж байна. Энэ бүх зүйл аль хэдийн алга болсон байх” гэж хэлсэн байна.
Маск зүүсэн дээрэмчид зугтах үедээ Наполеон III-ийн эхнэр Эжени хатан хааны титмийг унагаж гэмтээжээ. Энэ титэмд 1,354 алмааз, 56 маргад эрдэнийн чулуу байдаг гэж Луврын сайтадтмэдээлсэн байдаг.
Гэвч Соёлын яамны мэдээлснээр нийт 8 үнэт эдлэл хулгайлагдсан байна.
Тэдгээрийн дотор:
Наполеон I-ээс эхнэр Мария-Луизад өгсөн маргад, алмаазаар бүрсэн зүүлт,
Эжени хатны өмч байсан, 2,000 орчим алмааз бүхий титэм,
Францын сүүлчийн хатан хаан Мари-Амели-д харьяалагдаж байсан, 8 сапфир, 631 алмаазаар чимэглэгдсэн зүүлт зэрэг багтжээ.
Эдгээр үнэт зүйлсийг одоогийн хэлбэрээр худалдах боломжгүй гэж Друо дуудлага худалдааны газрын тэргүүн Александр Жикелло хэлсэн байна.
Музейд байсан 2,000 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд дээрэмчид туршлагатай, магадгүй гадаад гаралтай байхыг үгүйсгэхгүй гэж сайд Нюньез мэдэгджээ.
Музейн ажилтнуудын шуурхай оролцоогоор дээрэмчид зарим тоног төхөөрөмжөө орхин зугтсан байна.
Луврын сүүлчийн хулгай 1998 онд болсон бөгөөд тэр үед Камиль Коро зураачийн бүтээл алдагдаж, дахин олдоогүй юм.
Францын музейнүүд сүүлийн жилүүдэд “банкны хамгаалалтаас ч сул” гэж шүүмжлэгдэж ирсэн бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд дараалан хэд хэдэн музей дээрэмдүүлсэн байна.
Өнгөрсөн сард Байгалийн түүхийн музейгээс 700 мянган ам.долларын үнэтэй алтны дээж хулгайлагдсан бол Лимож хотын музейгээс хоёр таваг, нэг ваар хулгайд алдагдаж, хохирлын хэмжээ 7.6 сая ам.долларт хүрчээ.










